Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн НДШ-н шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно
2022/04/20
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголд тусгасан үнийн өсөлтөөс сэргийлэх иргэдийн амжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг танилцуулав. Үүнд:
- Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх иргэдийн амжиргааг дэмжихэд зарцуулна.
- Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
- Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн хэлбэрийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгох,
- Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажил хангах, дөрвөн улирлын зоорь, хүлэмж барихад зориулж нэг их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн татаасыг улсын төсвөөс шийдэх,
- Импортын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтаас сэргийлэх зорилгоор гаалийн татвараас чөлөөлөх,
- Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авахаар тусгажээ.
Харин төсвийн тодотголд тусгасан хэмнэлтийн тухайд:
- Хуульд тусгайлан заагаагүй бол УИХ, Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно.
- Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хуулиар хориглоно.
- Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын авто машин унахыг хориглоно.
- Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагыг цахим технологиор сайжруулах хүрээнд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ухаалаг системд оруулснаар өнөөдөр төсөвт байгууллагуудын ашиглаж буй 9,000 гаруй машиныг багадаа 60 хувь бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох реформын эхлэл болно.
- Төсөвт байгууллагын удирдлагууд орон тоо нэмэх шийдвэрийг бие даах гаргахыг хориглоно.
- Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээн авах, хоорондоо бэлэг солилцох, төсвийн хөрөнгөөр дайллага зохион байгуулах, урлаг спортын үйл ажиллагаа ивээн тэтгэх, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтод бизнес ангиллаар зорчих, дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно.
- Мөн конторын барилга зургаа, наадмын талбай гурав, соёлын төв долоо, спорт заал цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан.
- Цаашид угтах, үдэх хаалга, орон нутгийн шинжтэй үрэлгэн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.
- Үүний дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар буурч, 1,500 гаруй орон тоо хасагдана.
Зочин · 2022/04/20
Vgvie yahuu vnen bol boljil bn