Ардчилсан Ахмадын Холбооны тэргүүн Ша.Батбаяртай ярилцлаа.

 

Ардчилсан намын асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. 2022.04.07-ны өдрийн Их хурлаараа ямар асуудлуудыг хэлэлцэв?

 

2, 3 сарын өмнө бид намын Их хурлаа хийчихсэн. УДШ-д албан ёсоор асуудлаа тавьсан боловч УДШ түүнийг нь зориуд, санаатайгаар хойшлуулсан учраас бүх үйл ажиллагаа дахиж явагдсан. УДШ-ийн 38-р тогтоол гарсан. Тэр тогтоолоор АН-ын Их хурлыг дүрмийн дагуу явсан байна гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд намын даргыг бүртгэж аваагүй нь зүгээр шалтаг байсан. Намын эрх барих дээд байгууллага бол Их хурал. Бид Их хурлаараа хэнийг даргаар тавихав, ямар дүрэмтэй байхав, хэнийг үг хэлүүлэхэв, хэнийг намаасаа арга хэмжээ авхуулахав гээд бүх асуудал дээд Их хурлаараа шийдэгддэг. Харамсалтай нь өмнөх их хурлаар 38-р тогтоолын дагуу буцаагдсан. Бүх юм дүрмийнхээ дагуу явжээ, ганцхан Их хурлаар батламжлах асуудалд чинь намын даргаар батламжлах гэдэг үг алга байна гэдэг асуудлаар буцаасан. Түүнээс биш Их хурал хуралдаж байснаа намын дарга батламжлах асуудлыг гэнэтхэн гаргаад ирэхгүй нь тодорхой.

 

Хэн нэг Их хурлын гишүүн бүрэн эрхийнхээ дагуу санал гаргаад хууль ёсны намын даргын сонгууль явагдсан тул түүний дагуу батламжлая гэдэг зүйл л явсан байх ёстой. Тиймээс арга буюу 2022.03.10-ны өдөр намын даргын сонгуулиа дахин зарлаж 21 аймаг, 9 дүүргээрээ тойрсон. Тэгээд ҮБХ-ны гишүүдийн гуравны хоёроос дээш нь их хурлаа хийхээр шийдвэрлэсний үндсэн дээр 2022.04.07-ны өдөр зарласан. АН-ын бүх эрх мэдлийг барьдаг Их хурал дүрмийнхээ дагуу албан ёсоор хуралдсан гэсэн үг. Уг их хурлаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд намын даргын сонгуулиар ялсан даргаа батламжлая, дүрмэндээ өөрчлөлт оруулая гэдэг асуудал л дэвшүүлсэн. Тэгэхээр энэ бол дүрмийнхээ хүрээнд хийгдсэн Ардчилсан намын дээд шийдвэр. Энэхүү дээд шийдвэрийг УДШ өөрийн дүрмийн дагуу бүртгэж авах ёстой болохоос биш намын даргаар хэн байхыг шийдэх эрх УДШ-д байхгүй. 

 

Өнгөрсөн 7 хоногт Ардчилсан намын даргаар батламжлагдсан Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. Үүнийг УДШ-ээс хүлээж авч, хариу өгсөн үү? 

 

УДШ хуулийн дагуу бүртгүүлэх материалыг хүлээж авсан бөгөөд хуулийн хугацаандаа буюу 30 хоногийн дотор хариу шийдвэр өгөх ёстой. Хэрэв 30 хоногийн дотор хариу өгч чадахгүй бол дахиад 30 хоног сунгах эрх нь УДШ-д бий. Тэгэхээр УДШ-д Ардчилсан намыг даргагүйгээр 2 сар барих боломж бий. Бодвол цаад эрх баригч намаас Ардчилсан намыг даргагүй байлгаарай гэсэн чиглэл өгсөн юм шиг байгаа юм. 

 

УДШ-ийн 38-р тогтоолын дагуу намын даргын сонгууль явагдсан гэж байгаа. Гэтэл үүнийг хүмүүс хоёр талтайгаар харж байна. Яг үүнийг хуулийн зүйн үүднээс авч үзвэл энэ нь яг хууль ёсны мөн үү? 

 

Угаасаа бид Их хурлаараа баталсан өөрийн гэсэн дүрэмтэй. Тэр дүрмэндээ намын даргыг ямар дэс дараалалтай сонгохыг бүр нарийн заасан байгаа. Энэ удаагийн сонгуульд бол намын дүрмэнд заасны дагуу зарлагдаж Х.Баттулга, Ж.Батсуурь гэсэн хоёр хүн нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн сонгуулийн үйл ажиллагаа хууль дүрмийн хүрээнд явагдаж дууссан. Сонгуулийн үр дүн гарсны дараа намын даргыг батламжлах асуудлыг их хурал олонхоороо шийдэх ёстой. Тэгэхээр бүгд ном, дүрмийн дагуу явагдсан гэсэн үг.

 

 

Нөгөө талаас энэ намын дарга болохыг хүссэн С.Эрдэнэ, М.Тулгат хэн бүхэнд сонгууль нээлттэй байсан. Тэгээд өөрсдөө бүртгүүлээгүй атлаа бид нарыг оролцуулаагүй гэсэн юм ярьдаг.

 

 

Тэгэхээр үүн дээр ямар ч хууль зөрчигдсөн юм байхгүй. Бид Их хурлаараа 38-р тогтоолыг өгүүлбэр бүрээр нь уншиж байгаад нэг ч өө сэв гаргалгүй асуудлаа шийдвэрлэсэн тул АН-ын хувьд эцсийн бөгөөд дээд шийдвэр.  

 

Ардчилсан намын 220000 гишүүдийн байр суурь, Ардчилсан намын даргын энэ удаагийн сонгуулиар намын хоёр талд байгаа талцал эцэслэгдэх ёстой гэж үзэж байна уу? 

 

Гишүүд бүгд нэг талд байгаа гэдгээ саяны намын даргын сонгуулиар хариууллаа. Нийт хоёр зуун хорин мянган гишүүдээс зуун таван мянга нь бүртгэлд орж түүний 90 гаруй хувь нь Х.Баттулгыг дэмжиж саналаа өгсөн байна. 21 аймаг, 9 дүүргээр уулзалт хийхэд гишүүд бүгд нэг талдаа байгаагаа илэрхийлж нэг талдаа гарахгүй гэж байгаа хүмүүсийг намаасаа хөөх тал дээр арга хэмжээ аваач ээ ч гэсэн санал хүсэлтүүдийг ирүүлж байна. Ардчиллын үндсэн зарчим бол асуудлаа олонхоороо шийдвэрлэж, цөөнхийнхөө эрхийг хүндэтгэнэ гэсэн байдаг. Намын нийт гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжчихээд байхад намын гишүүдийн дунд хуваагдалтай гэх нь өөрөө өрөөсгөл ойлголт болно. Харин намыг хуваагдсан юм шиг харагдуулах сонирхол бол өрсөлдөгч талд л бий. Тэгэхээр УДШ бол эрх баригч намын дохио зангаагаар хөдөлдөг утсан хүүхэлдэй шиг болж байна.

 

 

С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс өөрсдийгөө намын удирдлага гэж зарлаад байгаа ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмийнхээ хүрээнд С.Эрдэнэ намын гишүүнчлэлгүй, намаас хөөгдсөн хүн. Намаас хөөгдсөн хүн л намын дарга мэтээр жүжиглээд яваад байгаа юм. Түүнд нь ч дээд шүүх туслаад хууль бус үйл ажиллагаануудыг дэмжээд яваад байна. 

 

 

УДШ 30 хоногийн дотор хариу өгтөл нь хүлээх үү?

 

УДШ 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Энэ намыг удирдаж байгаа хамгийн дээд байгууллага болох Их хурал нь шийдвэрээ хүргүүлчхээд байхад бүртгэх л ёстой асуудал. Хар ухаанаар бодох юм бол нэг айлд хүүхэд төрлөө гэхэд гэр бүлийн гишүүд буюу эцэг эх нь бусад хүүхдүүдтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр нэрийг нь цаасан дээр бичээд аягатай будаанд хийж сэгсэрч байгаад түүнийг нь сугалаад за энэ нэрийг өгье гэдэгтэй л адил. Баттулга гэдэг нэр гарч ирлээ шинэ хүүхдэдээ өгье гээд бүгдээрээ алга ташаад зөвшөөрч байтал. Улсын бүртгэлийн байгууллага нь танайх Баттулга гэж нэр өгөхгүй ээ. Эрдэнэ гэдэг нэр өг гэж байгаатай адил юм болоод байна. 

 

Тэгэхээр УДШ эрх баригч намын талд үйлчилж байна гэж харж байна уу? 

 

Аль эрт шийдэгдчих байсан намын даргын асуудлыг хойшлуулж байгаа нь УДШ. Бидний хүргүүлсэн намын дүрмийн дагуу албан ёсны хүсэлтийг үгүйсгэж буй хэрнээ хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг дэмжээд нь байгаа нь үүнийг нотолж байна. АН-ын хувьд УДШ-ийг хүндэтгэж үзээд удаа дараа материалаа хүлээлгэж өглөө. Өмнө нь 2021.11.05-нд хийсэн Онц их хурлаараа МУ-ын 21 аймаг, 9 дүүргийн намын дарга нар Монгол Улсын газрын зураг дээр албан ёсны тамгаа дараад, гарын үсгээ зураад УДШ-д хүргүүлж байхад түүнийг бүртгэж авахгүй байна гэдэг нь УДШ эрх баригч намын талд үйлчилж байгаа нь ойлгомжтой юм. Сая ч мөн адил аймаг, сум бүрийн намын дарга нар тамгаа дарж, гарын үсгээ зурсан. Хэрвээ УДШ Ардчилсан намаас өгсөн хүсэлтийг хүлээн авахгүй бол Ардчилсан намын гишүүдийн зүгээс томоохон эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой байгаа.