Нэр бүхий дөрвөн гишүүнийг Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д оруулсан. Энэ асуудал өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байлаа. Долоо хоногийн сүүлийн өдөр УИХ-аас “...Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн шийдвэрийг гаргав.

Энэ асуудал ингээд дуусахгүй бололтой.

 

Чуулганы төгсгөлд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “...Гишүүдийг авч үлдэх нь ойлгомжтой болж байгаа юм байна. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ гишүүд мөрдөн байцаалтад саад учруулбал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа дахин оруулж ирэхээс өөр аргагүй” гэжээ.

 

Нөгөөтэйгүүр, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх санал оруулахдаа материал дээр “...Нууц” тэмдэг дарсан. Түүнийх нь дагуу УИХ хаалттай хэлэлцэж байгаа учраас хэрэг явдал хаалттай өрнөж, хардлага сэрдлэг дагуулж байна” гэх байр суурь нэлээд гарч ирж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “...Асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой юм байна. Улсын ерөнхий прокурор “Албаны нууц”-ын тамгатайгаар УИХ-д хүсэлтээ ирүүлсэн. Тийм учраас нээлттэй хэлэлцье гээд ч хуулиар боломжгүй байгаад байна. Хаалттай байдлаас үүдэж хардлага (хулгайчийг хаацайлж буй эсэх, хилсээр хонгилдож буй эсэх) даамжраад байна. Миний итгэл үнэмшлээр тэнд ард түмнээс нууцлаад байх зүйл алга. Хэрэг хийсэн гэх үйл баримт харагдахгүй байвал хүний нам байсан ч хонгилдуулахгүй хамгаална. Хэрэг хийсэн гэх үйл баримт байвал өөрийн нам байсан ч хамгаалж хаацайлахгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Хаалттайгаар хэлэлцчихээр нээлттэй байр суурь илэрхийлэх эрх хязгаарлагдаж байна. Юм ярихаар өөрөө ял шийтгэгдчих болохоор. Ард түмэн ба ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ-ын итгэлцлийг үгүй хийх ийм сөрөг дагавартай. Тиймээс цаашид Улсын ерөнхий прокурор “Нууц”-аар биш “Ил”-ээр асуудлаа оруулж ирж байх ёстой юм байна” гэжээ.

 

Б.Жаргалсайхан прокурор ч Төрийн ордноос ийм бодолтой гарсан тухай эх сурвалжууд ярьж байна.

Мөн Халдашгүй байдлын дэд хороо ч Улсын ерөнхий прокурорт “...Дахин оруулж ирэх бололцоо”-г нээлттэй үлдээсэн шийдвэр гаргасан байгаа юм. Тодруулбал, тус дэд хорооныхон “...Улсын ерөнхий прокурорын энэ удаагийн саналыг эрхэм гишүүд хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд саад болохгүйгээр шалгуулах нь зөв гэж үзлээ” гэсэн байна. “...Энэ удаагийн санал” гэсэн нь дараагийн удаад энэ шийдвэр нь өөрчлөгдөж болно гэсэн үг.

Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Дөрөв нь дээрх шийдвэрийг дэмжиж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “...Түдгэлзүүлье” гэсэн байр суурьтай байжээ.

 

Ер нь УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа нь бас ажиглагдаж байна. Тэр нь “...Бусдын биш өөрийнх нь бүрэн эрхийн асуудал яригдаж байх ёстой гишүүд Халдашгүй байдлын дэд хороонд багтсан байна” гэж буй юм. Удахгүй энэ дэд хорооны гишүүдийн асуудал хөндөгдөж магадгүй гэсэн үг. Бүр цаашлаад “...УИХ хэрэгт холбогдсон гишүүдээ хамгаалж үлдлээ” гээд шуугицгааж байгаа нь явсаар УИХ-ын чадамжийн асуудалтай холбогдож мэдэхээр л болж байна.

Бас нэг асуудал байгаа нь УИХ, түүний Халдашгүй байдлын дэд хорооны шийдсэнээр дөрвөн гишүүн хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд саад болохгүйгээр шалгуулж чадах уу. Хэцүү.

 

Мөрдөх ажиллагаа гэдэг бол гишүүдийг дуудаж мэдүүлэг байцаалт авах, гэр оффист нь нэгжлэг хийх зэрэг олон ажил явагдах ёстой болно. Энэ бүхэн нь эрхэм гишүүний бүрэн эрх, халдашгүй байдалтай тулчихна. Дээрээс нь УИХ-ын гишүүний хувийн байдал бас нөлөөлнө.

Ингээд ирэхээрээ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэг их удахгүй дахиад нэг санал цүнхлээд Төрийн ордон руу гүйнэ гэсэн үг.

Дашрамд, Хөгжлийн банк болоод ХААН банк гэх мэтийн бусад хэргээрУлсын ерөнхий прокурорын бланк дээр нэр нь бичигдэхэд бэлэн болсон дахиад хэд хэдэн гишүүн дуулдаж байна.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин