С.Одонтуяа: Үүсээд буй хямралын суурь нь сонгуулийн мажоритар тогтолцоо юм
2022/05/03
УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай Үндсэн хуулийн эргэн тойронд ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг улс төрийн 10 гаруй нам хамтран Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлэхэд АН идэвхтэй оролцсон. Өнгөрсөн 30 жилийн алдаа, оноог шийдвэрлэх суурь өөрчлөлтүүдийг юу гэж тодорхойлж байгаа вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт улс орны хөгжлийн бодит шаардлага, дотоод гадаад хүчин зүйлээс шалтгаалж цаг ямагт яригдаж байдаг асуудал. Монгол Улсад хэрэгжсэн дөрвөн үндсэн хууль бүгд л тухайн цаг үетэйгээ уялдан боловсруулагдсан байдаг. Хамгийн сүүлд 1990 оны Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын үр дүнд бий болсон нийгэм, улс төр, эдийн засгийн харилцааны өөрчлөлттэй уялдан 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан. Түүнээс хойш 2000, 2019 онд нэмэлт өөрчлөлт орсон.
Харамсалтай нь нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад улс төрийн намууд зөвшилцөж чадаагүй. Иргэний гомдол саналаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлт гишүүдийг талцуулсан. Тухайн үеийн парламент асуудалд дутуу дулимаг хандсан зэрэг хүчин зүйлээс болж Үндсэн хуулийг нэг мөр боловсронгуй болгож чадахгүй байна.
Тухайлбал 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хоёр парламент дамжиж батлагдаж байсан. 2019 онд ч ялгаагүй олон янзын маргаан үүссэн учраас дутуу хагас хийгдсэн. Тиймээс дахин нэмэлт өөрчлөлтийн тухай ярьж байна. Үнэхээр асуудлаа цогцоор нь шийдвэрлэе гэж улс төрийн зориг гаргаж байгаа бол өнгөрсөн 30 жилийн алдаа оноо, сургамж дээр суурилж улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаа иж бүрэн тусгасан том асуудлаа бүрэн дүүрэн тусгаж үндсэн хуульдаа өөрчлөлт оруулмаар байгаа юм.
Тухайлбал, эдийн засгийн хөгжлийн суурь зарчим, төрийн байгуулалтын тогтолцоо, хот тосгоны асуудал, сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо гээд байнга л маргалдаж, мэтгэлцэж байдаг асуудлыг Үндсэн хуульдаа нэг мөр тодорхой болгоод өгчихвөл зүгээр байгаа юм.
-Намууд мэдээлэл хийх үеэр та “Монгол Улсад үүсээд буй улс төр, эдийн засгийн хямралын суурь нь сонгуулийн мажоритар тогтолцоо” гэсэн. Тогтолцоог өөрчилбөл ямар хэлбэрийг дэмжих вэ?
-Тийм л дээ. Энэ асуудлыг олон удаа хөндөж байна. Сонгуулийн мажоритар тогтолцоо бол сонгуулийн тогтолцооны хамгийн муу хувилбар гэдгийг улс төр судлаачид аль эрт тодорхойлчихсон. Дэлхийн улс орнууд ч энэ тогтолцооноос татгалзаад байгаа шүү дээ. Гэтэл манай улс энэ тогтолцоотой олон жил зууралдаж байна. Мажоритар тогтолцооны үед сонгогчдын санал гээгддэг. Тиймээс МАН 2000, 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд 40 гаруйхан хувийн санал авсан хэрнээ 72, 65, 62 суудал авч байгаа юм. Нөгөө талаар сонгуулийн мажоритар тогтолцоо улсаа 76 хуваачихдаг учраас парламентын гишүүд нутаг ус, тойргийн эрх ашгийг хамгаалж, талцалд орчихдог. Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гээд тодорхой заачихсан байгаа. Сонгуулийн мажоритар тогтолцоо нь энэ заалтын эсрэг нөхцөлийг бүрдүүлдэг. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд 2022 оны төсөвт тодотгол хийж аймаг, нийслэлийн тэвчиж болох хөрөнгө оруулалтыг цуцлах, урсгал зардлыг хорогдуулах санал орж ирэхэд гишүүд тойргийнхоо төлөө яаж тэмцэлдэж, хоорондоо барьцалдаж байгааг та нар харж л байгаа биз дээ. Эцсийн эцэст саяны Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол, хэмнэлтийн тухай хуулийн өөрчлөлт юу ч биш болж, нэр төдий л юм боллоо шүү дээ. Энэ чинь эцсийн эцэст сонгуулийн мажоритар тогтолцооны үр дагавар шүү дээ.
-Төрийг хяналттай болгохын тулд хуульд ямар зохицуулалт оруулах бол?
- Нэг нам парламентад хэт олонх болсон үед төрд тавих хяналт суларч, дур зоргоороо асуудалд ханддаг болчихдог юм байна. Гэтэл УИХ нь сүүлийн үед төсвийн эрх мэдлээ Засгийн газартаа шилжүүлж төсөв хөрөнгийг дур зоргоороо зарцуулдаг боллоо. Тухайлбал, COVID-19 цар тахалтай холбогдуулан “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталж, батлагдсан төсвийн хуваарилалтыг өөрчлөх, зарцуулах эрхийг УИХ Засгийн газарт өгсөн. Энэ хугацаанд улсын төсөв, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг болгон өгсөн их хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулж байгааг иргэд байтугай УИХ-ын гишүүд ч мэдэхээ байсан. Ямар ч хяналтгүй урсгалаараа зарцуулагдсан. Энэ нь авлигын индексийг өсгөхөд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Авлигын индексийг 0-100 гэсэн оноогоор гаргаж дэлхийн улс орнуудыг байр эзлүүлдэг. Шинэ Зеланд 88, Сингапур 85, Хонгконг 76 оноо авч байхад Монгол Улс 2012 оноос хойш 39 оноо авч байсан бол 2019-2021 онд авлигын индексээр гурван жилд дараалан 35 оноо авч 180 орноос 110 дугаар байрт жагсаж байна. Энэ нь Монгол Улсад авлигын түвшин огт буурч чадахгүй байгааг илтгэж байна. Гэтэл цар тахал намжсан гэж үзэж Монгол Улс бүх хориг, хязгаарлалтаа цуцалчихсан хэрнээ COVID-той холбоотой дээрх хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр сунгачихаж байгааг юу гэж үзэх вэ. Энэ бол байж болохгүй үйлдэл гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж эсэргүүцэж байгаа. Ингэснээр МАН-ын эрх баригчид олонхиороо түрүү барьж УИХ-ын тухай, Төсвийн тухай болон Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна.
-Манай улс 2008, 2012 оны хоёр парламент дамжуулан ярьж байж 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ удаа намууд шаардсан гээд өөрчлөх боломж бий юу?
-Байлгүй яах вэ. Нэг талаас жижиг том, парламентад суудалтай суудалгүй нь хамаагүй Монгол дахь улс төрийн намууд зөвшилцөлд хүрч байгаа нь маш чухал үзүүлэлт. Нөгөө талаас намууд зөвшилцөлд хүрч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ үндсэн хуульд дандаа гар хүрээд байх нь тийм ч сайн зүйл биш. Хамгийн гол нь 2019 оны өөрчлөлтийг дутуу хагас хийснээс энэ асуудал дахин хөндөгдөөд байна.
-Үндсэн хуулийг өөрчлөхөд намуудын зөвшилцлөөс гадна ард нийтийн санал асуулгыг зайлшгүй хийх ёстой гэж үздэг. Энэ нөхцөл байдлыг хэрхэн хангах бол?
-2019 онд ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан шүү дээ. Ер нь санал асуулгын тухайд улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулах нь зөв гэж боддог. Энэ удаа сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо, Ерөнхийлөгчийн сонгууль, парламентын зохион байгуулалттай холбоотой асуудлаар өөрчлөлт оруулах гэж байгаа учраас ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй байх. Тэгээд ч парламентын гишүүд чинь ард түмнээсээ санал авч сонгогдсон. Тэднийг төлөөлөх бүрэн эрхтэй хүмүүс шүү дээ.
-Үндсэн хуулийн эдийн засаг гэсэн бүлэг хуульд байх ёстой гэсэн саналууд яригдаж байна. Ямар зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэж байна?
-Үндсэн хуульд эдийн засгийн харилцааны асуудал маш бага тусгагдсан гэж үзнэ л дээ. Тиймээс эдийн засгийн харилцааны зохицуулалттай холбоотой олон тулгамдсан асуудал үүсэж эрх барьж буй намууд дур зоргоороо асуудалд хандаж байна. Өнөөдрийг хүртэл манай улс ард нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн концепц, стратеги байхгүй л байгаа шүү дээ.
-УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэгдүүлэх саналыг АН-ын нэг гишүүн хэдэн жилийн өмнө гаргаж байсан удаатай. Гишүүдийн тоо хэд байвал ард түмний төлөөллийг бүрэн хангаж байна гэж үзэх вэ?
-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өмнө нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтэй гишүүд санаачилсан байсан. Миний ойлгож байгаагаар энэ хуулийн төсөл олон тулгамдсан асуудлыг хөндсөн. Тухайлбал, энэ төсөлд гишүүдийн тоог 108 болгохоор оруулсан байсан. Харамсалтай нь УИХ-аар хэлэлцэх явцад энэ мэтийн олон асуудал маргаан дагуулж, хэлэлцүүлэг сунжирснаас батлагдаж чадаагүй. Ард түмний төлөөллийг тэдэн хүн байвал бүрэн хангана гэсэн тооцоо судалгаа алга. Гэхдээ Үндсэн хууль батлагдсанаас хойш Монголын хүн ам сая гаруй хүнээр нэмэгдчихлээ. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Энэ тохиолдолд 76 гишүүн сонгогчдын төлөөллийг хангаж чадаж байна уу, үгүй юу гэсэн асуудал гарцаагүй гарч ирж байгаа юм. 1992 оны Үндсэн хуульд гишүүдийн 51 хувь нь хуралдааны танхимд орж ирсэн тохиолдолд чуулган эхэлдэг байлаа.
Өөрөөр хэлбэл, 76 гишүүний 67 хувь нь хуралдаа орж байж гэсэн үг. Гэтэл ирц хүрэхгүйгээс чуулган хуралдаж чадахгүй байна гэж үзээд МАХН 2000 онд гишүүдийн 38 нь буюу 50 хувь нь орж ирснээр чуулган эхэлдэг болгон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Тэр үед МАХН парламентад 72 гишүүнтэй байлаа шүү дээ.
Үүнээс хойш 38 хүний 20 нь кноп дарахад хууль батлагддаг болсон. Тиймээс тэр үеийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дордохын долоо гэж нэрлэж их шүүмжлэгддэг байсан. Үүнээс харахад улс төрийн намын төлөөлөл бүр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх цаг болсонд санал нэгдэж байна. Юуны түрүүнд улс төрийн намыг төлөвшүүлж, үзэл баримтлалтай, хөгжлийн бодлоготой байхыг шаардсан хууль тогтоомжтой болж байж парламентад “зөв” хүн сонгогдож чадна.
-Нэг нам олонхиороо Үндсэн хуулийг өөрчлөх вий, өөрсдийн үзэл санааг шургуулах вий гэсэн болгоомжлол байдаг. Ингэхгүй гэх баталгаа байна уу?
- Ер нь өнгөрсөн хоёр өөрчлөлтийг МАН олонхи байхдаа л хийсэн шүү дээ. 2000 оны өөрчлөлтийг “Ардчилсан холбоо эвсэл”-тэй хамтарч хийсэн гэж ярьдаг ч үнэндээ 1999 онд “Ардчилсан холбоо эвсэл” олонхи байх үед хийсэн өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавиад баталж чадалгүй хурлын бүрэн эрхийн хугацаа дуусчихсан. Тэгээд 2000 онд МАН 72 суудалтай болоод дахин их хурлаар хэлэлцэж батлаад Ерөнхийлөгч Н.Багабанид ёсчилсноор хүчин төгөлдөр болсон. 2019 оны өөрчлөлтийг мөн л МАН 65 суудалтай байхдаа хэл ам дагуулж байж баталсан.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин