Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийсэн.

 

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж "Одоогоор "Эм Ди Си Пи" компанид холбогдох зөрчлийн хэрэг прокурорын хяналтад явж байгаа. Мөн тус компанид зөрчлийн хэргээс гадна эрүүгийн хэрэг ч үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан нь "ХКҮ" гэх компани 234 тонн орчим буюу үнэлбэл 1.5-1.6 тэрбум төгрөгийн махыг “Манай мах биш манай хаяг шошго, нэрийг "Эм Ди Си Пи" компани хууль бусаар ашигласан байна” гэдэг гомдлыг СХД-ийн цагдаад өгсөн. Энэ асуудалд эзэн холбогдогч нь тодорхойгүй байгаа учраас гэмт хэргийн шинжтэй гэж үзээд цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа.

Энэ хэрэг прокурор дээр хянагдаж дуусвал манайх шууд устгана. Хэдэн тонн, хэдэн төгрөгийн өртөгтэй байхаас үл хамаарна. Хэрвээ лабораторийн дүн шинжилгээ, хууль хяналтын байгууллагын шийдвэр нь гарах юм бол манайх шууд устгалын ажиллагаа явуулна. Ингэх ч ёстой. Гол нь процесс үргэлжилж байна" гэв.

Мөн Шадар сайд С.Амарсайхан мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын асуудалд "Төлөвлөгөөт хяналт шалгалтыг багасгана гэдэг нь хяналтгүй болж байгаа хэрэг огт биш. Ялангуяа хүнсний болон хүний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллага цаг тухайд нь хяналтаа хийж явна.

Энэ нь төлөвлөгөөт хяналт шалгалт нэрийн дор явуулдаг цаг үрсэн, шаардлагагүй, давхардсан шалгалтуудыг багасгаж, мэргэжлийн хяналт нь хяналт тавих цагтаа хяналт тавьдаг байх тухай асуудал юм.

Түүнээс биш огт хяналт тавихгүй байж болохгүй" гэдгийг нэмж хэлсэн юм.

ВИДЕО: