Б.Бат-Эрдэнэ: Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна
2022/07/05
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоол өнөөдөр батлагджээ. Мөн Ойн агентлаг байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг батлав.
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022.06.03-ны өдөр батлагдаж, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон. Ийнхүү “Ойн агентлаг” байгуулагдах ажил хуулийн дагуу явагдаж өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас "Ойн агентлаг" байгуулах тогтоол гаргалаа.
Ингэснээр сүүлийн зургаан сар гаруй саатаад байсан Ойн агентлагтай холбоотой төсвүүд хөдөлж эхэлнэ. Мөн Ойн судалгаа, хөгжлийн төвийн 12 албан хаагч өнгөрсөн зургаан сарын хугацаанд төсвийн эрх нээгдээгүй байсантай холбогдуулж цалингүй ажилласан. Энэ хүмүүсийн цалин олгогдож эхэлнэ гэсэн үг.
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна" хэмээлээ.
Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “БНХАУ-аас зээл авах гэж байна гэх улс төрийн зорилго бүхий мэдээллийг олон нийтэд түгээж буйд харамсаж байна. Энэ төрлийн ташаа мэдээлэл зогсохгүй байна.
Засгийн газрын өрийн менежмент сүүлийн гурван жилд сахилга баттай байснаар маш сайн үр дүнд хүрсэн. 2016-2017 онд засгийн газрын гадаад өр хямралын хэмжээнд хүрсэн. Үүнээс хойш гадаад өрийн менежментэд анхаарснаар өрийн эрсдэл тогтворжиж, зээлжих зэрэглэл нэг шатаар ахисан.
Энэ тавдугаар сард Монголын засгийн газрын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн нь ийм хүнд үед том амжилт. Зургаадугаар сарын 30-ны байдлаар Хөгжлийн банкны баланс үр дүнтэй гарсан. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарласнаас хойш таван сарын хугацаанд нийтдээ 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг мөнгөн хөрөнгөөр амжилттай барагдуулж чадсан. Энэ хэмжээгээр тус банкны өөрийн хөрөнгө буурах эрсдэлээс бид хамгаалж чадсан.
Цаашилбал,
- 2023 оны есдүгээр сард төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар
- 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 725 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк өөрийнхөө эх үүсвэрээр чанаргүй зээлүүдээ төлөх боломжууд нэг алхам урагшилж байна.
Нэмж авах өрийн талаар Засгийн газраар стратеги батлуулсан. Ямар зээл авах эцсийн шийдвэрийг УИХ-аар гаргадаг. Цаашид арилжааны зорилготой бонд нэмж гаргахгүй. Бид өнгөрсөн хугацаанд долоон удаа бонд гаргасан. Анх 2012 онд Чингис бонд гаргасан. Эдгээр долоон бондоос анхны Чингис бонд л төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Үүнээс бусад зургаан бонд нь Чингис бондынхоо өрийг төлж ирсэн. Тиймээс цаашдаа энэ өрийг үргэлжлүүлэхгүй. Бид зөвхөн урт хугацаанд хөгжлийн зээлийг авна. Дотоодын зах зээлээ хөгжүүлэхэд анхаарна.
Өнөөдрийг хүртэл авсан зээлийн ашиглалт маш хангалтгүй байгаа. Манай улсын импортыг дэмжсэн эдийн засаг, үр дүн үзүүлэхгүй зээл авахаас бүрэн татгалзана. Сүүлийн гурван жилд гадаад өрийн сахилга батыг сайн сахисан.
Гадаад өрийг нэмэгдүүлэх, энэ талаар УИХ-д танилцуулсан зүйл огт байхгүй" гэлээ.