Монгол улсын эдийн засгийн байдал хямралтай байна уу эсвэл удаашралтай байна уу гэдэг асуудал өнөөдрийн хөндөгдөх сэдэв мэт санагдлаа.

Эдийн засгийн сэтүүлч миний нүдээр харахад эдийн засаг маань хараахан хямарчихаагүй гэхдээ тун ойрхон явж байна.

Одоогийн энэ нөхцөл байдлыг хямрал гэж үзэхээс илүү эдийн засаг удаашралтай үндсэндээ зогсонги байдалтай болсон байна. Бид хямрал ямар байдгийг 2009 онд мэдэрч байсан. Тухайн үед гадаадын шууд хөрөнгө оруулалт 270 сая ам.доллараар буюу 32 хувиар буурахад Монголын эдийн засаг -1.3 хувиар буурч эдийн засаг бүхэлдээ хямарсан. Тэгвэл бидний нүдэнд тодоос тод харагдсан 2013 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын 55 хувийн бууралт яагаад 2009 оных шиг хямрал үүсгэхгүй байна вэ? Ийм бууралттай байхад харин ч манай эдийн засгийн бодит өсөлт өнгөрсөн жил +11.7%, энэ оны 1 дүгээрт улиралд +7.4%-тай гарсныг бид статистик үзүүлэлтээс харсан. Импортын хэрэглээн дээр суурилсан эдийн засагтай манайд гадаадын хөрөнгө оруулалт 2009 оныхоос ч илүүтэйгээр буурчихаад байхад манай эдийн засаг тухайн үеийнх шиг хямраагүй байгаагийн үндэс нь эдийн засагт дутагдаад байгаа энэ их мөнгөний зарим хэсгийг нөхөж хийж байсанд оршиж байна. Гэтэл эдийн засаг дахь мөнгөний дутагдал энэ мөнгөөр бүрэн хангагдахгүй бид бүхний халаасан дахь төгрөг улам бүр үнэгүйдсээр байна.

Өнөөдрийн манай эдийн засагт мөнгө тэр тусмаа гаднаас орж ирэх валют маш ихээр дутагдалтай байгааг бүгд мэдэж байгаа. Манай улсын хувьд гаднаас валют татах үндсэн 4-хөн суваг байдаг. Үүний нэг дүгээрх нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Бид 2014 оны төсөвөө хүртэл Оюу толгойгоос орж ирэх мөнгийг тооцоолон ямар өөдрөг төсөөлсөн билээ. Гэтэл өнөөдрийн байдлаар Оюу толгойн далд уурхайн санхүүжилт хойшилсон, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд эерэг өөрчлөлт орсон хэдий ч гадны хөрөнгө оруулагчдын сонирхлын төвд байдаг манай дотоод хууль эрхзүйн орчин тодорхойгүй байгаа зэрэг нь энэ сувгийг үндсэнд нь хаагаад байна. Тэгвэл дараагийн суваг бол мэдээж экспорт. Статистик үзүүлэлтээс харахад манай экспортын хэмжээ буурсан үзүүлэлт бага боловч экспортын орлого бодитой орж ирэхгүй байна. Бид тэртээ тэргүй үйлдвэрлэгч орон биш. Тиймээс экспортод гаргадаг цөөн хэдэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг дор бүр нь авч валютаа оруулж ирж байж эргэлт үүснэ, эдийн засаг зогсонги байдлаас урагшилна. Нэгэнтээ энэ 2 үзүүлэлт маань дээшлээд ирвэл хүссэн хүсээгүй зах зээлийнхээ жамаар эдийн засаг тогтворжиж улмаар олон улсын байгууллагаас бууруулаад байгаа манай зээлжих зэрэглэл ч нэмэгдээд ирнэ.

Энэ үед бид хаанаас л бол хаанаас зээл авах нөхцөл хангалттай бүрдэж чадна. Гэтэл нөгөө талаар бид олон улсын зах дээрээс анх удаа Чингис бондыг амжилттай арилжаалж ирсэн түүхэн үйл явдал болж дэлхий нийтийн анхаарлын төвд энэ мөнгөний зарцуулалт аль хэдийнэ орсон. Гэтэл бид үүнийг юунд зарцуулсан бэ? Яагаад бид эргээд өгөөжөө өгөхгүй, бүтээн байгуулалтын ажлуудад энэ мөнгөнөөс зарцуулаад байна вэ? Үүний эргэн төлөлтийг бид ямар мөнгөөр хийх вэ? Энэ буруу зарцуулалтын асуудал өөрөө бондын эх үүсвэрийг татах боломжийг хаагаад байна.

Эдийн засагт мөнгө дутагдаад байгаа гэдгийг бизнесийн үйл ажиллагаа суларч байгаагаар шууд харж болж байна. Учир нь тэдний ашигт ажиллагаа буурч, алдагдалд орох, ажилчдын цалинг бууруулах, үйл ажиллагаагаа хумих, бүр хэцүүдвэл зарим ажилчдаа цомхотгох байдал руу орж байгаа нь бидний нүдэн дээр ил байна. Худалдаа үйлчилгээний салбар ч хумигдаж байна. Энэ оны эхний улирал манай бөөний ба жижиглэнгийн худалдааны салбар 12.2%-аар буураад байна. Энэ бүхнээс гарах арга зам бид мөнгөний дутагдлаас л гарах шаардлагатай байна. Мэдээж мөнгөний дутагдлыг гаднаас валют олж ирснээр л нөхнө. Гадаад валютыг өнөөх л экспортоо нэмж, орлогыг нь бодитой оруулж ирж, гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг татаж, том төслүүдийг яаралтай урагшлуулж, хөгжлийн зээл,  санхүүжилт авах боломжоо бий болгож байж л олж ирнэ. Түүнээс биш популизм хийгээд олохгүй. Манай нийгэмд популизм хэт хүчээ авч байгаа нь эдийн засагт ямар ч ач холбогдол байхгүй.

Бид харин ч энэ гаднаас валют олоход саад болж байгаа, эздийн засгийн хүндрэлийг хямрал болгуулах гээд байгаа бүх популист-хорлон сүйтгэгчидтэй хариуцлага тооцож эдийн засгаа урагшлуулах алхам бидний нэн тэргүүний хийх ёстой ажил биш гэж үү??

 

М.Зул