Монгол сонгогчид сонгуульд ямар сэдлээр санал өгдөгийг харуулсан судалгааны дүн гарчээ. Ард иргэд маань ямар хүнийг УИХ-ын гишүүн болгохыг хүсэж байна вэ? Нэгдүгээрт Шударга хүн, хоёрдугаарт Эх оронч хүн.

Харин Хуулиа мөрддөг хүн дөнгөж 15-р байрт орж байна. Яг хэнийг шударга, эсвэл эх оронч гэдэг юм бэ? Хариулт нь хүний тоогоор янз бүр гарчээ. Хуулиа мөрддөг хүнийг тодорхойлоход маш амархан. Ямар ч үйлдэл нь хууль зөрчөөгүйг хуулийн заалттай тулгаад л болоо. Харин манай нийгэмд хуулиа мөрдөх нь төдий л үнэлдэггүй юм байна.

 

Нэр дэвшигч мөнгө тараавал сонгох уу гэсэн дараагийн асуулт байна. Дөнгөж арав гаруй хувь нь л мөнгийг нь аваад сонгоно гэж байна. Харин бараг 70 хувь нь мөнгийг авах боловч өөрийн үзэмжээр сонголтоо хийнэ гэжээ. Ингэхээр юутай ч ная гаруй хувь нь тараасан мөнгийг дуртай авах юм байна. Энэ асуултыг лавшруулан фокус судалгаагаар олон газар хийж үзжээ. Гэтэл мөнгийг нь аваад өөрийн үзэмжээр сонгох тэр хүн нь хамгийн их мөнгө өгсөн нэр дэвшигч болж таарч байна. Үнэхээр сонгогчид маань шударга юм байна, бараг бүгдээрээ амласандаа хүрч байна. Харин хууль зөрчихийг юманд тоодоггүй бололтой.

 

Манай сонгогч ард түмэн зүгээр олдсон мөнгөнд нугасгүй. 50 мянга багадаад байна уу, тэгвэл май 150 мянга хүний тоогоор. Юун тэр сонгуулийн хоосон амлалт. Газар дээр нь бэлнээр! Улсаа зарсан түшмэд гэж ирээд л талбай дээр орилж дөвчигнөөд яах юм бэ. Энэ ард түмэн чинь улс орноо өөрсдөө зарчихдаг юм шүү дээ. Ард түмний хүсэл зоригоор буй болсон төрийг ардчилсан шударга гэхгүй юм бол өөр ямар төрийг ардчилсан шударга гэх юм бэ!

 

Энэ бол Монголд сонгууль шударга болдоггүй нэг шалтгаан.

 

Тооллогод луйвар хийдэг явдал жил ирэх тутам нарийсахын хэрээр өргөжиж байна. 2000 оны сонгуулиар Элбэгдорж Дорнодод цөөхөн хэдэн саналаар ялагдаж байлаа. Дараахан нь МАХН-ын нэг тоологч бөөн шившиг хутгав. Амласан хахуулиа цаадуул нь өгөөгүй юм байж. Тэгэхээр нь заргалдаад зөвхөн ганц тойргийн  хороон дээр мянга шахам саналын хуудсыг өөрийн биеэр зассанаа олонд зарлах нь тэр. Хэнтийд сонгогчдын өгсөн жинхэнэ саналын хуудсуудыг шуудайлаад зооринд хаячихсан байсан нь хожим илэрсэн. Оронд нь урьдаас бэлдсэн хуудсыг худлаа тоолсон болоод баталгаажуулчихсан байгаа юм. Түүнээс биш яаж ч бодоод хэнтийнхэн юу л боллоо гэж сонгууль болгоноор комоор нь гайхуулах гэсэн юм шиг гурвын гурваар нь гаргаж ирээд байх вэ дээ. “Зоригийг алсан хэрэгт Бат-Үүл холбоотой учир яасан ч гаргаж ирж болохгүй” гэсэн Төв хорооны тушаал Сэлэнгэд 2000 онд тарсан. Сонгуулийн хорооныхон дийлэхээ болихоор саналын хайрцгийг улайм цайм булааж аваад мотоциклоор зугтаж байсан хошин үзэгдэл ч бий. 2004 онд ид тоолж байхад улсын хэмжээгээр тог болон гар утсыг нийтээр тасалж байлаа. Үүнийг зохион байгуулагч нь дараагийн сонгуулиар ялагдчихаад “луйвардуулчихсан” гээд л уйлагнаад явна. Үнэндээ энэ гэмт хэрэгтээ Тагнуулын газрыг татан оруулж гүйцэтгэгчдээр нь “төрийн нууц задруулахгүй” гэсэн гарын үсэг зуруулсан юм билээ л дээ. 

 

Сонгууль шударга бус болдогийн бас нэг шалтгаан энэ.

 

АНУ-ын Тагнуулын газрын дарга мэдэгдэхдээ хэд хэдэн орныг нэрэлсний дотор Монголын сонгуульд оросууд байнга оролцдог гэсэн. 2000 оны сонгуулиар МАХН-ын захиалгаар өндөр үнээр ирж сонгууль зохион байгуулсан Оросын баг үүнээс хойш удаа дахин уригдаж ирэх болсон. Тэд баахан судалгаа хийв. Путин Орост бурхан болсон шиг Монголд Энхбаяр баастай бурхан болж гэсэн дүгнэлт гаргаад энэ тахин шүтлэгийг улам дэврээвэл “всё будеть хорошо!” гэжээ. Ингээд гудамжаар нэг Энхбаярын зургийг шахцалдуулан дүүжлэв.“Самбарын Энхбаяр” гэдэг хоч эндээс гарсан. Гадаадын мэргэжилтэн үүгээр дууссангүй. Америкаас нэг сайхан гар шааж ирлээ. Зурагтын бүх сувгаар тэрээр парламентад ганц нам байвал ажил сайн явдаг, сөрөг хүчин УИХ-д орвол танай орон нэг мөсөн сөнөнө гэсэн ухуулга хийж гардаг байгаа. 100 мянга орчим доллар өгсөн юм билээ л дээ тэр хөөрхийд. Оросын баг тэнэг мэрэгнийхээ төлөө сая доллар авсан гэдэг. Мэдээж улсын төсвөөс шүү дээ. Оросууд 2006 онд Хөвсгөлд болсон нөхөн сонгууль, 1917 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “мэргэжилтнээр” залагдан ирж зохион байгуулалцсан нь нийтэд илэрхий.

 

Сонгууль шударга бус болдог нөгөө нэг шалтгаан энэ байна.

 

УИХ- гишүүн тодруулах хууль маш тогтворгүй. 4 жил тутамд солигдохдоо гишүүдийн олонх болон олонх болсон нам шинэ сонгуулиар өөрснөө дахин сонгогдохын тулд янз бүрийн хувилбар хууль бодож олдог. 1990 онд пропорциональ, 1992 онд олон мандаттай, сонгогч мандатын тоогоор заавал санал өгөх мажоритар сонгууль, 1996. 2000, 2004, 2016 онд 76 жалга болгоноос нэг гишүүн дотрох мажоритар сонгууль, 2008 онд олон мандаттай боловч сонгогч өөрийн дураар хэдэн ч нэр дэвшигчид санал өгч болдог мажоритар, 2012 онд холитог манал хураалт болсон ч хэн жагсаалтад хэддүгээр байраар шалгарахыг зөвхөн намын удирдлага шийддэг холимог тогтолцоо,2020 онд олон мандаттай боловч сонгогч бүх нэр дэвшигчийн тоогоор санал өгөх мажоритар гэсэн хувилбаруудаар сонгууль явуулсан. Тогтвортой нэг систем үгүй учир сонгуулийн дүн янз бүр гарна. Өөөрөө хэлбэл сонгуулийн хуулийн аль хувилбарыг шилснээс сонгуулийн дүн шууд хамаарна.

 

Монголд шударга сонгууль болдоггүйн ахиад нэг шалтгаан энэ.

 

Дангаараа УИХ-д байдаг улс төрийн нам хуулиа ч дураараа, дагах журмыг ч дураараа гаргах учир сонгуулийн хороог өөрийн хүмүүсээр дүүргэдэг. Нам бус гэдгүүд нь өөрсдийнх нь. Туслан зохион байгуулагчид нь ч өөрсдийнх нь. Төрийн ажил тэр чигээрээ зогсож бүх ажиллагсад нь сурталчилгаанд мордоно. Сөрөг намын албан ёсны ажиглагчдыг ч энд тэндгүй худалдаж авлна. Энэ нь цаашид уламжлал болон ханш нь өссөөр. Энд тэндгүй амьгүй хүмүүс байтугай байхгүй хороо хориныг олноор нь буй болголоо. Одоо ч энэ байдал нь хадгалагдаад Хан Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт эзгүй газарт цаасан дээр буй болгосон хороод оршсоор байна. Нэр устай, хашааны дугаартай, ам бүлтэйгээ байгаа. Очоод үзэхээр хов хоосон газар. Түүнээс гадна “задгайгийнхан” гэж сайхан задгай газар хэдэн мянган хүн чихэхээр бэлджээ. 

 

Сонгууль болдог шөнө бүхэл бүтэн драм болж байсан. Тагнуулын хэсэг ажилтныг нууц хадгалах гарын үсэг зуруулж байгаад шөнө нь улсын хэмжээгээр тог таслах, утасны сүлжээг ажилгүй болгох ажиллагаа зохиов. Энэ харанхуйд саналын хайрцаг руу цаас чихэх, хайрцгаар нь солих бантанг хутгадаг. Хэдэн жилийн дараа жишээ нь Хэнтий аймгийн захиргааны зоориноос жинхэнэ санал бүхий хайрцаг олноороо олдсон.

 

Сонгууль өгөх процесс ч гоё болсон. Санал өгөх хэсгийг тойрч дахин дахин санал өгөгчид ил тод автобусаар зөөгдөж байв. Урьд нь иргэний үнэмлэхийг үй олноор нь шинээр хуурамчаар үйлдвэрлэж тараасны илрэл энэ аж. Мөн хаясан гээгдүүлсэн үнэмлэхийг бөөнөөр нь худалдан авч шинэ хаяг наажээ. Дүн гарахаас өмнө саналын хайрцгийг улаан цагаангүй дээрэмдэн авч зугтаах явдал ч хэд хэд гарлаа. Ер нь улайм цайм дээрэм луйврыг дэлгэрэнгүй тоочвол олон боть хавтаст хэрэг болох байх.

 

Уул нь сонгууль зарлагдсан өдрөөр дуусах хүртэл нь төрийн бүх эрх мэдэл сонгуулийн хороонд шилжих ёстой, тийм хууль ч бий. Гэвч эрх баригч бүлэг сонгуулийн хороог өөрсдийн хүмүүсээр дүүргэдэг учир үнэн хэрэгтээ сонгуулийг эрх баригчид өөрийн үзэмжээр эрхлэн явуулдаг. 2000 оны сонгуулиар нэр дэвшигчид төдийгүй халдашгүй эрх нь хүчинтэй байгаа УИХ-ын гишүүнийг зохиомол хэрэг үүсгэн баривчилж шоронд хийсэн. Сонгуулийн хороо энэ тухай мэдээгүй байсан ба, хуулиар шүүхийн шийдвэрийг шууд хүчингүйд тооцох эрхтэй сонгуулийн хороо маань “бид мэдэхгүй, шүүхийн шийдвэрийг давах эрх бидэнд байхгүй” гээд халгаахгүй байлаа.

 

Монгол дахь төрийн сонгууль ерөөсөө шударга болдоггүй өөр нэг шалтгаан энэ.

 

УИХ-ын гишүүн болон Ерөнхийлөгч, шүүгчид гээд халдашгүй эрхээр хамгаалагдсан байдаг. Энэ нь ажлын байран дээрээ шийдвэр гаргах, санал гаргах зэрэгт хариуцлага хүлээхгүй гэсэн утгатай юм. Гэтэл эдгээр хүмүүсийг ямар ч гэмт хэрэг тарьж байсан болоод тарьсаар байгаа тохиолдолд “төрийн хамгаалалтаар” хариуцлага хүлээдэггүй систем тогтжээ. Иймээс эдгээр халдашгүйчүүдын эгнээнд бушуу орох гэсэн гэмт хэрэгтнүүд сонгуулиар яаж ийж байгаад сонгогдохоор нүдээ ухаж өгдөг. Сонгуулийн үеэр хууль зөрчигчидийн ихэнх нь эд байдаг. Жишээ хэтэрхий их бий. Одоо ч ийм гишүүд сандалдаа бөх наалттай сууж байгаа.

 

Сонгууль шударга болох нөхцөлгүй байдаг бас нэг шалтгаан юм даа.

 

Сонгууль болгон Монголд булхай бузраар дүүрдэг шалтгаан олон буйн зарим нэг нь энэ дээ.

 

2022.7.24

 

 

Баабар