ТАНИЛЦ: Засгийн газарт шинээр орж ажиллах давхар "дээлгүй" нэг, давхар "дээлтэй" найман гишүүний намтар
2022/08/30
Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг УИХ өчигдөр шөнө болтол хуралдаж баталлаа. Уг хуралдаанаар шинэ гишүүдийг Засгийн газар томилох үндэслэл болон намтрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уншиж танилцуулсан юм.
Засгийн газарт шинээр орж ажиллахаар болж буй гишүүдийн найм нь давхар дээлтэй, нэг нь давхар дээлгүй буюу МАН-ын генсэк Д.Амарбаясгалан. Тэдний намтрыг танилцуулж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллах Дашзэвэгийн Амарбаясгалан
1981 онд Говь-Алтай аймагт төрсөн. Цахилгаан холбоо, Мэдээлэл хэмжлийн электроник инженер, улс төр судлаач мэргэжилтэй.
Боловсролын байдал:
- 1998 онд Говь-Алтай аймгийн дунд сургуулийг
- 2003 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Холбоо, мэдээллийн сургууль
- 2011 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 2000-2007 "Соёмбо принтинг" компанийн ерөнхий менежер, захирал
- 2007-2009 онд “Монгол Шуудан" ХК-д Маркетинг төлөвлөлтийн газрын дарга,
- 2009-2012 онд Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
- 2008-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга
- 2015-2016 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
- 2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Томилох болсон үндэслэл:
УИХ, Засгийн газар, орон нутгийн уялдаа холбоог сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийг хурдасгах, Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилтийг хяналт, үнэлгээг сайжруулахад бодитой ахиц гаргана гэж үзсэн гэв.
Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллах Чимидийн Хүрэлбаатар
1968 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй.
Боловсролын байдал:
- 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
- 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
- 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
- 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч
- 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
- 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
- 2008 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүн
- 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2021 оноос Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох болсон үндэслэл:
Цар тахал, олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу яамд хоорондын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн эдийн засгийн томоохон төслүүдийг хөдөлгөх хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзсэн гэв.
Засгийн газрын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллах Жамъянхорлоогийн Сүхбаатар
1975 онд Дархан-Уул аймагт төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй.
Боловсролын байдал:
- 1993 онд Дархан хотын 3 дугаар дунд сургууль
- 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн.
Ажилласан байдал:
- 1997-2005 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш
- 1997-1999 онд УИХ-ын гишүүний туслах
- 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх
- 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн дарга
- 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2010-2012 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга
- 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2019-2020 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.
Томилох болсон үндэслэл:
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нэгдсэн бодлого тодорхойлох, Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзсэн гэв.
Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар ажиллах Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
1964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн. Хуульч мэргэжилтэй.
Боловсролын байдал:
- 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль
- 1990 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
- 2000 онд МУИС-ийг төгссөн.
Ажилласан байдал:
- 1983-2000 онд Биеийн тамир спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, Орлогч дарга, Дарга
- 1999-2004 онд "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн захирал
- 2004 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Их хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Монгол Улсад олимпизм, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, Парисын олимп болон тив, олон улсын дэлхийн аваргын тэмцээнд оролцох монгол тамирчдын бэлтгэлийг хангах ажилд жинтэй хувь нэмэр оруулна гэж үзсэн гэв.
УУХҮ-ийн сайдаар ажиллах Жамбалын Ганбаатар
1973 онд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй.
Боловсролын байдал:
- 1991 онд Налайх дүүргийн 10 жилийн дунд сургууль
- 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль
- 2000 онд МУИС-ийг төгссөн.
Ажилласан байдал:
- 1996-2015 онд “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөх
- 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх
- 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2016 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгах, байгалийн баялгийг шударга, хүртээмжтэй болгох, Үндэсний баялгийн санг байгуулах, уул уурхайн салбарын иргэдэд хүргэх бодит хүртээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог дэмжих, алт, зэс, төмрийн хүдрийг боловсруулах хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж чадна гэж үзсэн гэв.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллах Ням-Очирын Учрал
1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрх зүйч, түүхийн ухааны магистр.
Боловсролын байдал:
- 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
- 2007 онд Их засаг олон улсын их сургууль
- 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр
- 2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль.
- 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын төгссөн.
Ажилласан байдал:
- 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
- 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
- 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
- 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
- 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
- 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
- 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
- 2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, үүлэн технологийг чиглэлээр үндэсний компаниудтай хамтран ажиллахад хувь нэмрээ оруулна гэж үзсэн гэв.
Эрчим хүчний сайдаар ажиллах Баттогтохын Чойжилсүрэн
1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй.
Боловсролын байдал:
- 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн.
Ажилласан байдал:
- 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "Каман" компанийн захирал
- 1995-1999 онд "Хурд" ХЭАА-н захирал
- 1999-2005 онд "Хурд Хүнс" ХХК-ийн захирал
- 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
- 2008 оноос өнөөг хүртэл Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2017-2020 Төсвийн байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС, Тавантолгойн ДЦС болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход томоохон хувь нэмэр оруулна гэдэг үндэслэлээр томилуулж байна гэв.
ХНХ-ын сайдаар ажиллах Даваажанцангийн Сарангэрэл
1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Сэтгүүлч мэргэжилтэй.
Боловсролын байдал:
- 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
- 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
- 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургууль
- 2005 онд ОХУ-ын Москвагийн их сургуулийг төгссөн.
Ажилласан байдал:
- 1982-1985 онд МРТУХорооны харьяа Гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
- 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор
- 1992-1996 онд НИТХ-ын төлөөлөгч
- 1993-2003 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал
- 2003-2005 ТВ5 телевизийн ерөнхий захирал
- 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
- 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
- 2012 оноос өнөөдрийг хүртэл Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
- 2020-2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан.
Томилох үндэслэл:
Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог төлөвшүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих Хуримтлалын нэгдсэн сан, Тэтгэвэр, ниймгийн даатгалын реформыг эхлүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзсэн гэв.
ХХААХҮ-ийн сайдаар ажиллах Хаянгаагийн Болорчулуун
1974 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Агрономич мэргэжилтэй.
Боловсролын байдал:
- 1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн
- 1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич
- 1992-1997 онд "Хишиг аж ахуй" компанийн захирал
- 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирал
- 2012 оноос өнөөдрийг хүртэл Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх, эрүүл монгол хүнсээр хангах "Атарын IV" аяныг зохион байгуулах, арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүнс экпортлогч орон болох зэрэг Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн хувьд хувь нэмэр оруулж чадна гэсэн үндэслэлээр томилж байгаа гэв.
ЗТХ-ийн сайдаар ажиллах Сандагийн Бямбацогт
1974 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
Боловсролын байдал:
- 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р сургууль
- 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль
- 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль
- 2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн.
Ажилласан байдал:
- 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХКомпанийн ерөнхий захирал
- 2000-2008 онд "Нью Прогресс" ХХКомпанийн захирал
- 2008 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга, дарга
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2020 оноос Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Экспортын шинэ гарц болох Гашуунсухайт, Хангимандал, Шивээхүрэн, Бичигтийн боомтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх, Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд дуусгах, зам тээврийн нэгдсэн стандартыг бий болгох, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлэх зэрэг бодлогын шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна гэж үзсэн гэдгийг Ерөнхий сайд хэлэв.
Эдгээр сайд өнөөдөр тангараг өргөх товтой байна. Ингэснээр Засгийн газар 16 яам, 21 сайдтайгаар үйл ажиллагаа явуулах нь.