Гадаа гараад амаа... гэдэгсэн
2022/09/12
Монголчууд цөс ихтэй, хэт хөөрөлтэй ард түмэн юм гэдгийг бид өдөр тутамдаа харж, мэдэрч байна. Хичнээн зуун машин ардаа түгжээд зам дээрээ гараад зодолдчих энүүхэнд. Жаахан л тэсээд өнгөрчих юман дээр бие биенээ дахиж харахын эцэсгүй болтол харааж хэрэлдэж байна.
Монгол хүн жаахан л уурлавал хаа хамаагүй орчлонгийн хамаг муу муухай зүйлийг бодож олж, үнэн худал хамаагүй бие бие рүүгээ цацаж байна. Интернэт, гар утас, сошиал хэрэглээгээрээ Азидаа тэргүүлдэг болсон болохоор хоёр хүний хэрүүл хорин мянган хүнд хүрч, жалгын хэрүүл жаран мянган хүнийг стресстүүлж энэ хэрээрээ нийгмийн оюун санааг бохирдуулж гүйцлээ.
Бидний өвгөчүүд “Гэртээ байхдаа галаа, гадаа гарахдаа амаа... ” гэж захиж үлдээжээ. Гэрт гал байхад дулаан тайван тухтай байдаг. Олны дунд илүү дутуу хов жив ярьж, хэрүүл хийлгүй амаа хамхиж явахад өөрт төдийгүй өрөөлд тустай гэсэн санаа. Өвгөд өөрсдөө талдаа ингэж тайван амгалан амьдарч иржээ. Харин үр хойчис нь эргэх нүүргүй болтлоо нийгмээрээ хараал хэрүүлд умбаж байна. Одоо нийгэм даяараа өрнөж байгаа хэрүүлийг л хар даа. Санаанд орсноороо, аль муугаар нь бие биенээ булж байна. “Та нарын хүүхдүүд жонхуу иддэг”, “орос ах нартаа хэлж хариуцлага тооцуулна” гэх мэт. Хариуд нь үүнээс илүү доромжлол хөвөрч байгаа. Үгийн муу мартагддаггүй болохоор өргөс адил дотроос нь хатгаад суулгахгүй байгаа биз.
Энэ зөвхөн нэг үйл явдлын жишээ. Дараагийн үйл явдал өрнөхөд дахиад л ингээд талцаж аваад хөөс цахруулан хэрэлдээд эхэлнэ. Өмнө нь ч ийм байсан, одоо ч ийм байна, цаашид ч үргэлжлэх биз ээ. Хичнээн муудсан ч эвлэрэх орон зай үлдээж бай гэдэггүй билүү. Муу муухай үгээ тэвчээд , омог уураа бага ч атугай дарж, монголчууд хоорондоо эргэж уулзах нүүртэй байж болдоггүй хэрэг үү. Уур омгоо дарж яв гэж хуучин цагт хөгшчүүд сургаж хэлдэг байж. Одоо тэгж хэлж байгаа хүн алга аа. Хөгшин залуугүй хэрүүлийн тойрогт орж, цөс нь хөөрчихсөн давхиж явна. Уурын мунхагт автжээ, бүгдээрээ.
Хүн хэлэхээс нааш санадаггүй гэдэг. Өнөө цагт энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн олны танил алдартнууд, нийгмийн зүтгэлтнүүд “монголчууд уурын мунхагаасаа салах цаг болсон” талаар байнга хэлж сануулж баймаар байна. Өөрсдийгөө инфлюсерүүд гэдэг хүмүүс ч сошиал орчинд хэрүүлийг дэвэргэж суухаар уурын мунхгийг дарж, сэрж сэхээрэх тухай бичиж байвал нийтэд тустайсан.
“Америкчууд тэнэг байх эрхтэй” гэж 2013 онд төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэж байсан шиг монголчууд ч тэнэг байх эрхтэй. Эрх ашгаа хамгаалах ёстой. Энэ бол хувь хүний эрх. Харин өөрийнх нь эрх ашиг бусдын эрх ашгийг хөндөөд, нийтээр нь талцуулан хэрүүл үүсгэн, нийгмийг бохирдуулах хүртэл асуудлыг хөөргөж болохгүй. Чиний эрх чөлөө бусдын хамрын үзүүрээр хязгаарлагддаг гэдэг энэ. Монголчууд энэ хэм хэмжээг үл харгалзан өөрийн аминч, хэт хувиа хичээсэн үзлээсээ болж иймдээ тултал явжээ. Бусдад дараа болохгүй амьдрах тухай ойлголт бидэнд байдаггүй. Би л болж байвал гэсэн үзлээр бүхий л зүйлд ханддаг. “би, би би...миний эрх ашиг...” гээд л орилолдоод байдаг. Үүний цаана хувь хүний үнэт зүйл, нийгмийн эрх ашиг, нийтийн ёс зүй тэр чигтээ орхигдсон байдаг.
Эцсийн эцэст энэ их уур омог, хэрүүл тэмцэл монголчуудыг хүчгүй, сул дорой харагдуулж байна. Хүчгүй сул доройчууд хамгийн хямд, хамгийн амархнаар нь хэл амаараа л хэрүүл хийхээс хэтэрдэггүй. Нэг их шалихгүй хэрнээ тасралтгүй ийм ялих шалихгүй явган хэрүүлийн үр дагаварт хувь хүн өөрөө төдийгүй бусдыгаа ихээр бухимдуулдаг. Хүмүүс бухимдаад уур уцаартай болоод ирэхээр нийгэм бас бухимдсан хүмүүсийн уур амьсгалаар бохирлогдож байдаг.
Дүрсхийсэн уур омгийг дарах аргууд байдаг. Урт амьсгаа авах, арван секунд тоолох зэрэг ухамсартайгаар уураа дарж болно. Бүр хэрэлдмээр, хов хүргэмээр санагдаад байвал өнөөдөр биш маргааш болъё гэж хойшлуул. Маргааш энэ бүхэн танд нэг их ач холбогдолгүй санагдах болно. Энэ мэтээр ухаант хүн та уураа дарж, хэрүүлээ хойш нь тавих бүрэн чадвартай билээ. Үүнийг байнга сануулж байхгүй бол ууртай хүмүүсээр улс орон маань дүүрч, хэрүүлийн амьсгалд нийгмийн оюун санаа бүүдийж байна.
Өчигдрийн “Өдрийн сонин”-д төрийн шагналт Б.Цэнддоо бичсэн нийтлэлдээ “Сэхээтнүүд бол нийгмийн оюун санаа, ой санамж. Ард түмэн юмыг мартдаг бол сэхээтнүүд үгүй” гэсэн байна лээ. Нийгмийг сануулж сэрээж байдаг энэ үеийн сэхээтнүүд маань ч монголчуудыг дүрэлзсэн уур хилэнгээ дарж, хэрүүл биш ажлаа хийхийг сануулж байгууштай. (Уг нь дүрэлзсэн гэдэг үг уур уцаар дээр биш бадарч байгаа гал, мандаж байгаа нар, ажил хэрэг нь бүтэмжтэй байгаа хүн дээр яригдаж байвал илүү гоё) Соёлын яам ч гэсэн намын сурталчилгаа хийж байхаар нийгмээ гэгээрүүлэх, нийгмийн оюун санааг цэвэршүүлэх ажлуудыг тасралтгүй хийж баймаар байна. Тийм үүрэгтэй нэгж, бүтэц гаргаад ажлаа эхлэхэд оройтохгүй.