-Манайд 100 байтугай ШТС-аа барих эрхтэй болсных аргагүй биз-

ОХУ-ын хуучин нийслэл Санкт-Петербург хотноо саяхан болж өнгөрсөн Олон улсын эдийн засгийн форумын үеэр манай Газрын тосны газар болон нефть импортлогчид нэлээд амжилттай гэрээ хэлэлцээ хийсэн  гэх мэдээлэл гарсан.

Энэ үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн манайд нийлүүлэгддэг шатахууны 60 хувийг хангадаг “Роснефть” компаний захирал Игорь Сечинтэй Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зуржээ. Ингэснээр “Роснефть” компани манайд нефтийн бүтээгдэхүүний хангамжийн дэд бүтэц бий болгох, нефть болон хийн ордод хайгуул хийх эрх үүсчээ. Мөн “Роснефть” нь манай “МТ”, “Шунхлай”, “НИК” компаниудтай хамтран ажиллаж, таван жилийн турш газрын тосны бүтээгдэхүүнээр хангах гэрээг байгуулсан байна. Энэ гэрээг Сингапурын биржийн ханшаар хийсэн учир жилдээ 120 орчим сая ам.доллар хэмнэх аж. 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээг үзэглэхэд хойд хөршийн төрийн тэргүүн  В.Путин өөрөө байсан нь асуудлыг их томруулж харагдуулж байна.

 

Хэдий энэ нь сайхан мэдээ мэт боловч Г.Өлзийбүрэнгийн гарын үсэг зурсан протокол дотор нэгэн “нохойтсон” эрх явж байна. “Роснефть” компани манайд нефтийн хангамжийн дэд бүтэц бий болгох эрхтэй болжээ. “Хүргэн хүү” киноны Жамц баян “Дэмбэрэл юм үзээгүй болохоороо баярлаж л байна лээ” гэдэг шиг манайхан ч үүнд баярлаж байгаа.  Баярлахын учир ч бий.

 

Н.Алтанхуягийн Засгийн газрын  хийсэн их ажил  дунд  шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр бий. “Үнэ тогтворжуулах” ерөнхий том хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнийг тогтворжуулахаар 167 тэрбум төгрөг зарцуулсан. Ингэхдээ Оросоос авч байгаа өндөр үнэтэй шатахууны үнийн зөрүүг импортлогч компаниудад өгөх замаар барьж ирсэн. Тэгвэл энэ удаа байгуулсан гэрээгээр Засгаас мөнгө гарахгүйгээр үнийг барих боломжтой болов. Хэдий тийм ч эдийн засгийн утгаараа манайд ашиггүй байх магадлалтайг анзаарах хэрэгтэй юм.

 

“Роснефть” компани манайд ийм дэд бүтэц байгуулах тухай С.Баярыг Ерөнхий сайд байх үеэс л ярьж эхэлсэн. 2008 оны хавар “Роснефть” компани манайд урьдын адил хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдэхийн ялдамд “Мянганы зам”-ын тэнхлэгийн дагуу 100 ШТС байгуулах санал  тавьсан байдаг. Одоогоос яг зургаан жилийн өмнө Ерөнхий сайд С.Баяр, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү, Түлш эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар нар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн уг асуудлыг УИХ-д танилцуулж байв. С.Баяр тэр үед “Засгийн газар ОХУ-ын компанийн гаргасан саналыг дангаараа шийдвэрлэх эрх зүйн боломжгүй.Үүнд УИХ хариу өгөх ёстой.Саналыг хүлээж авлаа гэдэг хариу өгвөл одоогийн хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун авч байгаа байдал үргэлжилнэ.Үгүй гэвэл тэдний хэлсэн үнээр манайх шатахуун авах болно” гэж байлаа. Тухайн үед УИХ дээр уг асуудлыг хэлэлцэн, нийгэмд ч бөөн шуугиан дэгдэж байлаа. Манай шатахуун импортлогч томоохон компаниуд Ерөнхий сайд С.Баярт тэр үед “Роснефть”-ийг оруулчих, харин төр хяналтаа сайн тавь гэсэн гэдэг. Гэвч газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлдэг этгээд дотоодын зах зээлд нэвтрэхийг хуулиар хязгаарласан байсан учраас уг санал бүтээгүй юм.  Тэр үед С.Баяр “Ойрын 10 жилд хэцүүдэх нь дээ” гэсэн гэдэг. Уг саналаа Оросууд 2011 онд дахин тавьж, тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод захидал ирүүлэхэд ч манайхан бас зөвшөөрөөгүй. Эл асуудал яригдах бүрт Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр барих асуудал хөндөгддөг. Ийм үйлдвэр яагаад баригдахгүй байна, та нар юу хийгээд байна гэсэн асуултад С.Баяр “Үvнийг биднээс биш, биднээс өмнө ажиллаж байсан Засгийн газруудаас асуу. Бас УИХ-аас ч асууж болно” гэж байжээ. Дорнодын Тамсагийн сав газрыг түшиглэн ийм үйлдвэр барих асуудал яригдаад одоо чимээгүй болсон. Мөн Дарханд ч нэг үйлдвэрийн сураг гарсаар л, өнөө хэр гэхдээ эхэлсэн зүйл алга. Үнэндээ бол манай нефть импортлогч том компаниуд улс төр, бизнесийн сүлжээгээрээ дамжуулан нөлөөлж,  боловсруулах үйлдвэр барих асуудлыг Ерөнхий сайд  Н.Алтанхуягийн хэлдгээр царцаасаар иржээ.  

 

“Роснефть”-тэй холбоотой асуудал 2012 оны сүүлчээр ч бас яригдсан. Бас л үгүй гэсэн. Тэр үеэс  Н.Алтанхуягийн Засгийн газар асуудлыг “нухацтай” судалсаар өнөөдрийн шийдэлд хүрсэн бололтой юм. Гэхдээ анх асуудлыг С.Баярын  Засгийн газар  УИХ-аар хэлэлцүүлэхийг эрмэлзсэн бол өнөөдөр Н.Алтанхуягийнхан УИХ-аас асуух шаардлагагүй гэж үзжээ. Нэг агентлагийн даргаараа гарын үсэг зуруулаад л шуудхан шийдчих аж.  Нэгэнт протокол үйлдээд зөвшөөрөл өгчихсөн хойно, одоо Газрын тосны хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарч ирж байна.  Дээр хэлсэнчлэн газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлдэг этгээд дотоодын зах зээлд нэвтрэхийг хязгаарласан хуулийн заалтыг хүчингүй болгох, эсвэл өөрчлөх асуудал удахгүй хөндөгдөнө гэсэн үг.

Т.Үлэмж