ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар цаг үеийн нөхцөл байдал, зам тээврийн ослын талаар мэдээлэл өглөө.

 

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "БЗД-ын 26-р хороонд Норжин худалдааны төвийн араас болсон осолтой холбогдуулан нийгэмд үл ойлголцол үүсэж байна. Прокурорын зөвшөөрлийн дагуу шинээр гарсан нөхцөл байдлын хүрээнд мэдээлэхэд 7 машин мөргөж хоёр хүүхэд мөргөсөн жолооч М тухайн өдөр тээврийн хэрэгслийг анхнаас нь унаад хөдөлсөн гэдгийг нотолсон. Машиныг Б гэдэг хүн жолоодож эхлүүлсэн ч замын дундаас М гэгч нь тээврийн хэрэгслийг жолоодсон байна. Жолооч Зүүн дөрвөн замаас хөдөлж дүрмийн зөрчилгүй явсаар осол болсон газарт очсон. Тухайн өдөр цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Осол болсноос 15 минутын хугацаанд цагдаа, эмнэлгийн байгууллага очиж хамгаалалтад авсан. Ослын улмаас нэг хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн эрүүл мэнд тогтвортой" гэв.

Хэргийг хариуцаж буй Цагдаагийн хошууч н.Хосбаяр "Шинжээчдийн дүгнэлт гарсан. Урьдчилсан байдлаар иргэн С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүхийн шинжилгээний байгууллагаас тогтоосны дагуу зүүн өвдөг шалбарч, зуларсан нь хөнгөн гэх ангилалд багтдаг. Харин нөгөө охины хувьд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Эрүүл мэндийн нэмэлт шинжилгээнд оруулж байна. Тухайн хэрэгт иргэдийн эрүүл мэнд хохирсноос гадна долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн тул 117 сая төгрөгийн хохирол учирсан. Одоогоор дөрвөн тээврийн хэрэгслийн хохирлыг төлөөд байна" хэмээв.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Б нь жолоодох эрхгүй, согтуу байсан. Б гэгч эмэгтэй ганцаараа тээврийн хэрэгслийг жолоодсон. Б нь өөр машинд суугаад явсан нь камерын бичлэгээр тодорхой болсон. М нь Цагдаагийн дарга Р.Чингис гэдэг хүний охин биш. Хэрэв худал гүтгэлгийн шинжтэй ийм мэдээллийг санаатайгаар тараавал зөрчлийн хуулиар хариуцлага тооцно" гэлээ.

Энэ оны эхний есөн сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 мянган зөрчил гарчээ.