Ардчилсан намын эвлэрэх уулзалтууд удаа дараа болж, үр дүнд нь маргаан, хуваагдал нь аажим, аажмаар хумигдаж байна. С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын талд тамга, гэрчилгээ, дүрэм гээд бүгд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн гэдэгтэй маргах хүн цөөрлөө.

Тиймээс одоо С.Эрдэнэ даргыг буулгаж, Ардчилсан намын дараагийн даргыг гаргаж ирэх цаг нь болсон хэмээн гишүүд нь дээр, дооргүй хэлж, бичих боллоо. Ардчилсан намын дүрмээр дарга сонгохдоо хоёр хэлбэрээр тодруулж болдог. Нэгдүгээрт, Үндэсний бодлогын хорооноос сунгаа зарлах. Хоёрдугаарт, ээлжит болон ээлжит бус их хурлаараа шууд тодруулах. Одоо сунгаа зарлаж, даргаа сонгох нь цаг хугацаа алдсан ажил гэдгийг ч намын гишүүд, лидерүүд нь ярьдаг. Тиймээс ээлжит бус их хурлаараа намын даргаа сонгох асуудлыг олонхоороо дэмжих нь тодорхой болоод байна.

Харин намын даргад хэн сонгогдон ажиллаж чадах вэ гэдэг асуулт тэдний толгойн өвчин болж буй. Зарим нь залуучуудаараа толгойлуулах хэрэгтэй гэж байгаа бол зарим нь туршлагатай, улс төрд олон жил явсан лидерүүдээсээ гаргаж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүнээр хэдэнтээ сонгогдож төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг намын шинэ даргаар томилох асуудлыг дотроо ярилцаж эхлээд удаж байна.

Ардчилсан намд түүнээс өөр дарга болчих, түүнээс өөр намын эв нэгдлийг ханган ажиллаж чадах лидер үнэндээ ховор гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тиймээс үнэхээр АН-ын дараагийн даргад С.Баярцогт нэр дэвшиж оролцвол дэмжих үү гэдгийг Ардчилсан намын гишүүд, дэмжигчдээс тодрууллаа.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Би тэр нь дарга болно, тэрийг нь дэмжинэ гэж хэлж чадахгүй, боломжгүй.

УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ: -Намын дарга болох асуудал нь С.Баярцогтод нээлттэй байгаа шүү дээ. С:Баярцогт бол манай намын туршлагатай улс төрчдийн нэг. Дүрмийн хүрээнд энэ асуудлаа шийдүүлээд явах боломжтой. Намын даргын сунгааг удахгүй явуулна. Би энэ албанд зууралдаад суугаад байгаа зүйл байхгүй. Гол нь Ардчилсан намаар тоглох гэсэн нөхдүүдэд, ардчилсан үзэл санааг устгах гэсэн этгээдүүдэд тэр боломжийг нь би хэзээ ч нээж өгөхгүй.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь: -Ардчилсан нам одоо Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ Үндсэн дүрмийнхээ дагуу бүтэц зоxион байгуулалтын өөрчлөлтүүдийг эрчимтэй хийж байна. Энэ xүрээнд xийгдэхээр xүлээгдэж буй бас нэг том өөрчлөлт бол намын даргын асуудал. Миний хувьд С.Баярцогтыг АН-ын дарга болно гэвэл 100 хувь дэмжинэ. Улсын хэмжээний бодлого тодорхойлох намын дарга хууль тогтооx болон гүйцэтгэх засаглалд идэвxтэй ажилласан туршлагатай, өндөр боловсрол, мэдлэг чадвартай байх нь улсын эрx ашигт нийцнэ. Ардчилсан нам хэзээд xувийн хэвшлийг дэмждэг, хоёр хөршөө xүндэтгэxийн зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогыг тууштай баримталдаг, парламентын ардчиллыг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын баталгаа гэдэгт итгэдэг, xувь xүний эрx, эрx чөлөөг ямагт эрxэмлэсээр ирсэн нам. С.Баярцогт бол энэ үзэл санааг тэртээ 1990 оноос эхлэн хэлбэрэлтгүй тээж, энэxүү эрx чөлөөний үзэл санааг шинэ Үндсэн xуулинд шигтгэхэд гар бие оролцсон, улмаар түүнийгээ УИX, ЗГ-т ажиллаж байхдаа бодит үйл хэрэг болгохын төлөө асар идэвхтэй ажилласан үлгэр жишээч улстөрч. Түүнийг болон ерөөс манай намын толгойтой, ирээдүйтэй болгоныг бодлоготойгоор харлуулах үйл ажиллагааг сүүлийн 7,8 шаxам жил тасралтгүй явуулж, элдэв хэрэгт xүртэл холбогдуулан яллаж хорьсон ч тэр мохоогүй. Харин ч хат суугаад гарч ирсэн. С.Баярцогтод холбогдуулан гадаад дотоодгүй нээсэн бүx зоxиомол хэргүүд нь бүрэн шалгагдаж, буруугүй нь тогтоогдоод бүрэн цагаадсан. Одоо тэрээр Ардчилсан намаа нэгтгэж xүчирхэгжүүлэxийн төлөө бүx цаг заваа зарцуулан идэвхтэй ажиллаж байгаад би xувьдаа баяртай байгаа. Ийм л хаттай, боловсорсон, ажилсаг, уйгагүй xүн АН-ын дараагийн дарга болоосой гэж би хувьдаа бодож байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, АН-ын гишүүн С.Ламбаа: -Нэгдүгээрт, би энэ хоёр хуваагдчихсан намын аль ч талд орохгүй. Аль ч талд нь орж ажиллахгүй, улс төрийн зөвлөгөө өгөхгүй. Нөгөөтэйгүүр Ардчилалын төлөө 30 гаруй жил зүтгэж байна. Энэ зүтгэл, хөдөлмөрөө нам хувааж байгаа нөхдүүдээр үгүй болгомооргүй байна. Тиймээс манай нам хоорондоо аль болох түргэн учраа олох шаардлагатай. Учир начраа олоод нам шиг нам болсон цагт зөвлөгөө өгөөд сууж байж болно. Тиймээс эхлээд нам нэгдэх, цул болох ёстой. Дараа нь дарга, удирдлагуудынхаа асуудлыг ярих нь зөв. Би ч тэгж бодож байна. Одоо ийм байгаа асуудал дээр нэмж намын даргыг тэр энэ гэж хэлэх сэтгэл болоод шаардлага алга байна. Би аль ч талын намын гишүүн биш. Би зөвхөн Ардчилсан намын эгэл жирийн гишүүн.

УИХ-ын гишүүн асан, АН-ын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: -Намын даргын сунгаа хэзээ болох нь тодорхойгүй байна. С.Баярцогтын хувьд дүрэм, журмын хүрээнд ороод ирвэл дэмжиж болно шүү дээ. Ороод ирэх боломж ч байгаа гэж харж байна.

АН-ын гишүүн Д.Монголхүү: -Одоохондоо манай намын даргыг сонгох сунгаа тодорхойгүй байна. Нэр дэвшигчид нь тодорхой бус. Хэрэв энэ бүгд тодорхой болчихвол даргад нэр дэвшиж байгаа хүний мөрийн хөтөлбөрийг харж байгаад хэнийг дэмжихээ шийднэ дээ. Боломж гэдгийг яаж томьёолохоосоо хамаарна. Хувь хүний өөрийнх нь бүрдүүлбэр талаас харвал С.Баярцогт боломжтой. Намын гишүүд дэмжих талаас харвал хэлж мэдэхгүй байна. Миний хувьд намыг яаж авч явахаа яаж томьёолж байгааг нь гол үзүүлэлтээ болгож л шийднэ дээ.

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Золжаргал: -Ардчилсан намын даргын сунгааг хурдхан явуулах шаардлагатай гэдэг байр суурьтай байгаа. Миний ойлгож байгаагаар он гаргаад ээлжит бус их хурлаа зарлах байх гэсэн итгэл үнэмшилтэй явж байна. Тиймээс одоохондоо хэн нь дарга болох гээд яваад байна, хэнийг дэмжих үү гэдэгт хариулт өгөх боломж алга. Энэ асуудал намын их хурлаар л шийдэгдэх нь тодорхой.

АН-ын гишүүн Б.Баярсайхан: -Миний хувьд Ардчилсан намын дарга, удирдлагуудыг солих цаг нь болсон гэж харж байгаа. Аль эрт л сольчих, солигдчих байсан юм. Тэгсэн бол манай нам ингэж хоёр хуваагдахгүй байх боломжтой байсан шүү дээ. Алдаа гаргасан бол хариуцлага хүлээгээд явж чаддаг байх ёстой. Дараагийн ирсэн хүн нь алдаа гаргавал дүрмийнхээ дагуу мөн л хариуцлага хүлээх ёстой. Харин манай намд шинэ даргынхаа хариуцлагыг өмнөх дарга нь хүрч ирээд үүрүүлнэ гэдэг сонин логик бий болгосон. Үүнээс болоод маргаан өрнөж ирлээ шүү дээ. Одоо маргаанаа мартаад маш түргэн дарга, удирдлагуудаа сонгоод явах цаг болсон. С.Баярцогтын хувьд дэмжээд явахад асуудалгүй байх. Улс төр, эдийн засгийн асар туршлагатай хүн. Манай намын хүчтэй лидерүүдийн нэг. Арай өөрөөр сэтгэдэг хүн гэж харж байгаа. Дарга болоод намаа удирдаад сонгуульд амжилт гарган оролцож чадах чадамж ч байгаа гэж харж байна. АН-ынхан үнэхээр тайван байна. Алдаа гарсан л бол богино хугацаанд засах л ёстой. Ингэж ч ирсэн түүхтэй нам өнөөдөр хоёр хүний маргаанаас болоод талцаад засагдахгүй байна. Ардчилсан нам бол хоёр хүний нам биш, хоёр зуун мянган хүний нам. Цаашлаад Үндэсний томоохон нам шүү дээ.