“Суруга Монгол”-ын асуудлаар А.Гансүх, Я.Ичихаши нар юу ярьсан бэ
2022/10/26
Японы иргэнд хилс хэрэг тулгаж, Японы хөрөнгө оруулалттай “Суруга Монгол” компанийг дээрэмдсэн гэх дуулиан олон жил үргэлжилсэн. Х.Нямбаатар сайд “Жапан таун”-ы газрыг манай улстөрчид, хууль хяналтынхан нийлж байгаад дээрэмдсэн.
Энэ хэрэгт Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллаж, Тагнуулын байгууллагын даргаар ажиллаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсийн холбогдсон хэргүүдийг шалгаж танилцуулахаар бэлдэж байна” гэж мэдэгдсэн.
“Суруга Монгол” компанитай холбоотой асуудлаар 2012 оны аравдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод ГХЯ-нд нэгэн уулзалт болжээ. Уулзалтын тэмдэглэлээс хүргэе.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан А.Гансүх, Элчин сайд асан Я.Ичихаши нарын нэгэн уулзалтын үеэр ярьсан яриаг хүргэж байна.
“Суруга Монгол” компанийн барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Я.Ичихаши Монголын төрийн өндөр, дээд албан тушаалтантай холбогдох гүтгэлгийн чанартай асуудлыг хөндөж ярьсан учир зүйг тодруулж, хоёр орны харилцаанд үүссэн үл ойлголцлыг арилгах зорилгоор тус уулзалтад яамны санаачилгаар Монгол Улсын Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Япон улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан Я.Ичихашиг энэ өдрийн 15:00 цагт Гадаад харилцааны яаманд албан ёсоор уулзав. Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батбаяр, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далай орнуудын газар /АНДОГ/-ын захирал Б.Ганболд, тус газрын I нарийн бичгийн дарга Л.Эрдэнэдаваа, II нарийн бичгийн дарга С.Болорчимэг, Японы талаас тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга С.Оцү нар байлцав. Уулзалтын гол агуулгыг сийрүүлбэл:
А.Гансүх: -Гадаад харилцааны яамны зүгээс зөвлөсний дагуу Элчин сайд асан Тантай Гадаад харилцааны яаманд албан ёсоор уулзаж, холбогдох асуудлаар тайлбар сонсох нь зүйтэй гэж миний бие үзлээ. “Суруга Монгол” компанийн барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудлын цаана Ерөнхий сайд, Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүх, “Алтай констракшн” компани байх магадлалтай гэж Таны ярьсан зүйлтэй холбогдуулан надад ГХЯ, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам асуулга тавьж байсан? Энэ асуудлаар Таны тайлбарыг сонсох гэсэн юм?
Я.Ичихаши: -Энэ оны нэгдүгээр сард Монголын тал “Суруга Монгол” компанийн барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан. Зөвхөн “Суруга Монгол” компанийн ч биш хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн зөвшөөрлийг Монголын тал цуцалсан юм билээ. Тусгай зөвшөөрлийг цуцалсан шалтгаан бодит байдалд нийцэхгүй байна хэмээн манай тал үзэж, зөвшөөрлийг буцаж олгохыг Монголын талаас хүссэн. Гэсэн ч зөвшөөрлийг олгоогүй. Иймд миний бие Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байхдаа ажил төрлийн тогтмол холбоотой байсан, Гадаад харилцааны яамны газрын даргаар ажиллаж байсан, одоо Япон улсад Элчин сайдаар ажиллаж байгаа С.Хүрэлбаатартай дээрх асуудлаар санал солилцож, зөвлөлдөх үедээ дээрх албан яриаг сонссон тухайгаа танилын хувьд хэлсэн юм. Дотночилж ярьсан яриаг төвдөө албан ёсоор мэдэгдэнэ хэмээн бодсонгүй. Миний бие сонссон зүйлээ нягтлаагүй, анд нөхрийн журмаар зөвлөлдөж ярьсан ба ингэхдээ хэн нэгний нэр хүндийг гутаах, гүтгэх гэсэн атгаг санааг огт агуулаагүй. Энэхүү ташаа, албан бус мэдээллийг хөндөж ярьсны улмаас танд хүндрэл учруулсандаа уучлалт хүсье.
А.Гансүх: -Та ташаа мэдээлэл авсан байна. Энэхүү ташаа мэдээллийг бусдад дуулгажээ. Ноён С.Батболд бизнесийн салбарт амжилт олсон хүн гэдгийг та бүхэн мэднэ. Тэрээр “Алтай трейдинг” гэдэг компанитай. Үүнийг хүмүүс “Алтай констракшн” компанитай андуурч, түүнийг “Алтай констракшн” компанийн эзэн гэж таамаглаж төөрөгддөг бололтой. Тэрээр дээрх компанитай бизнесийн ямар нэгэн холбоогүй. Өнөөдөр тантай албан ёсоор уулзаж, Таны авсан мэдээлэл буруу ташаа, үндэслэлгүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм.
Я.Ичихаши: -Асуудлыг ойлголоо. Энэ дашрамд Танд итгэмжлэгдсэн байдлаар дуулгахад “Суруга Монгол” компани руу Таны болон С.Батболд сайдын нэрийг барьж ярьж, ихээхэн дарамт үзүүлдэг зарим нэг хүн үнэхээр байдаг юм шүү. Үүнд анхаараасай гэж хүсч байна.
А.Гансүх: -“Суруга Монгол” компанийн асуудалтай холбогдуулан сөрөг ташаа мэдээлэл тараах, үүнийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлах сонирхолтой бизнесийн төлөөлүүд ч цөөнгүй байх шиг байна. Миний бие өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн үйл ажиллагааг дэмжиж, хуулийн зөвлөгөө өгч, хамтарч ажилладаг байсныг Та мэдэх биз ээ. Цаашид дээрхтэй ижил төрлийн ямар нэгэн мэдээлэл авсан тохиолдолд надаас лавлаж, нягталж асууж байхыг хүсье. Дашрамд дурдахад, “Суруга Монгол” компанитай холбоотой сөрөг мэдээллийг монгол хүнд мөнгө төлж, зориуд бичүүлж нийтлүүлж буй япон хүн байгааг олж тодруулсан юм. Тэр хүнийг Ж.Араки гэдэг юм билээ. Тэрбээр шоронд ял эдэлж байгаад суллагдсан гэсэн. “Суруга” компаниас мөнгө нэхэмжилж байсан гэж сонсогдсон. Энэ мэт япон иргэд хоорондын зөрчилдөөн Японоос хальж, Монгол дахь танай салбар компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэл надад төрсөн.
Я.Ичихаши: -Энэ хүний тухай сонссон.
А.Гансүх: -Бид үл ойлголцлоо арилгалаа гэсэн дүгнэлтэд миний бие хүрлээ. Ташаа буруу мэдээлэл хоёр орны харилцаанд нөлөөлөх вий хэмээн Гадаад харилцааны яам санаа зовниж, энэхүү уулзалтыг зохион байгуулсан гэж бодож байна. Та мөн буруу ташаа мэдээллийн “хэлмэгдэгч” болсон байна. Цаашид ийм ташаа мэдээлэл, үл ойлголцсон зүйл битгий гараасай гэж хүсч байна. Миний бие Япон оронд ихэд хүндэтгэлтэй ханддаг, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллах эрмэлзэлтэй байдаг гэснээр монгол, япон хэлээр явагдсан уулзалт 20 минут орчим үргэлжилж өндөрлөв. Яриаг С.Болорчимэг, С.Оцү нар хэлмэрчлэв. Ингээд уулзалтыг албан бланк дээр танилцсан: Б.Ганболд /АНДОГ-ын захирал/, тэмдэглэсэн: Л.Эрдэнэдаваа /АНДОГ-ы н.б.д/ нарын гарын үсэг зурж уулзалтын тэмдэглэлийг баталгаажуулжээ.
“СуругаМонгол” компанийнхан өөрсдийгөө хохироогүй гэв
Монгол дахь “Суруга Монгол” компанийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан 67 настай Цүнэяки Хара хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдсон энэ хэрэг анх 2012 оны хоёрдугаар сард үүссэн байдаг. Тэгвэл үүнээс хоёр жилийн дараагаар буюу 2014 онд “Суруга корпораци”-ийн эзэн, “Суруга Монгол” компанийн ерөнхий захирал Ц.Ивата Монголд ирж энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгсөн байдаг. Сэтгүүлч “Эндэх компанийн нэг захирал хар тамихины хэрэгт холбогдлоо гэх мэт мэдээллүүд гарч байсан” гэж асуухад Ц.Ивата“Манай эндэх зарим захиралтай холбоотой тийм мэдээллүүд гарсан байсан. Харамсалтай нь тэр бүгд худлаа байсан. Монголын хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаад тэр нь худлаа гэдэг нь батлагдсан” гэж хариулжээ. “Монгол түншүүдтэйгээ муудалцсан, мөнгөө алдсан гэх мэдээлэл бас байдаг. Энэ асуудлаас болоод таны аавын бие муудсан гэсэн. Энэ үнэн үү?” гэж асуухад “Огт худлаа цуурхал байна. Бид Монголд мөнгө алдсан гэсэн тийм зүйл болоогүй. Мөн монгол хамтрагчтайгаа муудалцсан гэдэг ч худлаа” гэжээ. “Газраа алдаагүй биз дээ” гэж асуухад “Үгүй. Барилга барьж байгаа газар манай “Суруга Монгол” компани дээр байгаа. Анх л энэ компани дээр урт хугацааны гэрээ байгуулсан. Тэр л хэвээрээ. Өмнөх хэсэг дээр “Mongol corporation” гээд манай охин компани хариуцаад ажиллаж байгаа. Тэрэн дээр ийм андуурагдсан ойлголт явсан байж болзошгүй” гэж хариулжээ.
Сэтгүүлч “Та манай улстөрчидтэй танил уу. Тухайлбал, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй хэр танил вэ. Түүнийг танай компанитай холбосон сайн, муу олон яриа яригддаг” гэсэн асуултад “Би 2001 онд анх өмгөөлөгч А.Гансүхтэй танилцсан. Тэр үед бол сайд болоогүй байсан шүү дээ. Түүний хуулийн компани манайд зөвлөгөө өгдөг байсан юм. Тэр үеэс бидний хооронд маш сайхан нөхөрлөлийн харилцаа тогтсон. Одоо ч үргэлжилж байна. Бидний хооронд ямар нэгэн таагүй зүйл болж байгаагүй. Би их гайхаж байна. Өмнө нь нэг удаа би бас энэ мэдээллийг сонсож байсан. Яагаад тэгж ярьж байгааг ерөөсөө ойлгоогүй. Би ирэх болгондоо түүнтэй уулздаг. Тэр бас Японд очих бүртээ надтай уулздаг. Бидний нөхөрлөл хэвээрээ гэж” “Суруга”-гийн эзэн Ц.Ивата захирал ярилцлага өгч байсан аж.
УНШИГЧ · 2022/10/29
УНШИГЧ · 2022/10/27
ҮНЭЭН ҮНЭН, ТОДОРХОЙ
Зочин · 2022/10/27
Дээрэмдсэн нь үнэн ч дээ Гансүхээ шорондоо ороо.Эхний чинь хүмүүс оро эхэлсэн байна лээ .
Зочин · 2022/10/26
А. Гансүх Суругааг дээрэмдсэн гээгүй бил үү? Ийм балай зүйл гаргах ямар хэрэгтэй юм. ҮАБЗ-ийн н/б-ийн дарга оролцсон энээ тэрээ чинь худлаа боллоо. Ер нь энэ улс төрчидийг яаж ойлгох болж байнаа? Ёстой “мал” гэхэд багадмаар хүмүүс юм аа.Одоо Нямбаатар сайд тайлбараа өгөх үлдлээ.
ӨС худалч сонин · 2022/10/26
Зи гөлөг царайтын сонинд буурал Гансүхийг өмөөрч бичиж байхгүй юу. 28 гэхэд тэр буурал луйварчин шоронд орох нь гээд өмдөндөө шээж байгаа биз дээ
шаабар · 2022/10/26
Нямбаатар сайд үнэн байдлыг сайн судалж үзэлгүй яаран мэдээлэл хийж нийгэмд буруу ойлголт өгсөн болж байнаа даа. Энэ асуудлыг эргэж сайн нягталмаар бусдыг гүтгэсэн бол уучлал гуйхаас эхлээд олон асуудал үүсэж мэдэх л юм байна.