Хамтран амьдрагчаа “Хоёр утасны дугаар барилаа” гэж маргалдан индүүгээр түлж дарамталдаг байжээ
2022/11/03
2021 оны тавдугаар сараас 2022 оны нэгдүгээр сарын хооронд хэд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэж, нэг удаа хүний аминд хүрсэн этгээдэд 15 жил хорих ял оноон шийдвэрлэжээ.
Үүнээс анхаарал татмаар нь, 2021 оны есдүгээр сард хэрэгтэн У нь хамтран амьдрагч Х-гээ “Хоёр утасны дугаар барилаа” гэж маргалдан индүүгээр түлж байжээ. Түүнчлэн хардах сэдлээр хутга шидэх, өшиглөн дэвсэх, халуун ус асгах, сүрдүүлэх зэргээр хэд хэдэн удаа Х-г хүчирхийлж байсан байна.
Х гэрчийн мэдүүлэгтээ “Би У-тай нэг жил гаруй хугацаанд хамтран амьдарсан. Тэр 10 удаа гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгуулж байсан. Миний дээрээс буцалсан халуун ус асгаж байсан, хүүхдүүдийг маань шөнөжин гарыг нь өргүүлэн зогсоож байсан. 2021 оны есдүгээр сард миний дух руу хутга шидэж байсан. Гэрт нэг хүүхэн дагуулж ирэхээр нь уурлатал миний дээрээс дэвссэн. Сална гэхээр ээжийг маань шатаана гэж дарамталдаг байсан” хэмээн ярьжээ.
Үүнээс гадна, 2021.11.27-ны шөнө хөгжлийн бэрхшээлтэй П.С нь “Ээжийг зодлоо” хэмээн У-г эсэргүүцсэнийхээ улмаас түүнд онц хэрцгийгээр зодуулж, амь насаа алджээ. Түүнийг толгой дээр нь олон удаа дэвсэх, цээж рүү өшиглөх гэх мэтээр зодсоны улмаас аминд нь хүрсэн байна. Улмаар У нь хохирогчийг бие хамгаалж чадахгүйг мэдсээр байж онц хэрцгийгээр хөнөөсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Олон удаагийн гэмт үйлдлийг нь нэгтгэн шүүснээр аравдугаар сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У-д ял оноосон байна. Тодруулбал, 15 жил дөрвөн сар хорих ял оноож, хохирогчдын нэхэмжилсэн мөнгийг албадан төлүүлэхээр болсон байна.
oogii · 2022/11/04
15 жил бага байна. Хүн алсан байна ш дээ