Өнөөдөр /2022.11.08/ Ардчилсан намын Дэд дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Бадарсан, НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт, Л.Отгонбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хурлыг нээж НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, “Барилга байгууламж, төсөл арга хэмжээ гээд Нийслэл хотод нийт 127 төсөл арга хэмжээг 2022 онд багтаан хийхээр төлөвлөсөн. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт нийт 14 төсөл /24,4 тэрбум төгрөг/ хуваарилагдсан байна. Гэтэл Баянзүрх дүүрэгт 6 төсөл /6,9 тэрбум төгрөг/ хуваарилагджээ. 

Энэ нь Хотын дарга Д.Сумъяабазар зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт Нийслэл хотын төсвийг төвлөрүүлсэн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргээс бусад дүүрэгт оршин суудаг иргэд хотын даргын ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн хохирч байна гэлээ. 

 

Харин АН-ын Дэд дарга, НИТХ-ын Төлөөлөгч Д.Бадарсан хэлэхдээ, “Сүүлийн 6-7 жилд Нийслэлийн төсөв гурав дахин нэмэгдэж 1.6 их наяд төгрөгт хүрсэн. Энэ хэмжээгээр Нийслэлийн ажил хэд дахин нэмэгдсэн. Нийслэлийн иргэдэд илүү хожоотой сайн үр дүн гарсан байх ёстой. Харамсалтай нь тийм биш байна. Тодруулбал, газрын хураамж 130 тэрбум төгрөг, Монгол Улсын иргэдийн хадгаламжийн хүүгээс 106 тэрбум төгрөг, Хүү торгуулийн орлого 94,5 тэрбум төгрөг гэх мэт татварууд энэ оны Нийслэлийн төсөвт төвлөрнө.  Гэвч хүү торгуулийн орлого гэдэг ковидын дараах эдийн засаг хүнд байгаа энэ үед иргэдэд томоохон дарамт, ачааллыг өгч байна. 

Түгжрэл бууруулахаар 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч он дуусахад нэг сарын хугацаа үлдлээ. Гэтэл өнөөдрийг хүртэл төсөвт суугдсан 420 тэрбумаар ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй байна.  Нийслэл хотын иргэд өдөр бүр дунджаар 2 цагийг хий хоосон түгжрэлд өнгөрүүлж байна. 

 

Мөн утааны улирал эхэллээ. Нийслэлд сайжруулсан түлш хэрэглээд 4 жилийн хугацаа өнгөрч байна. Жил бүр 35 тэрбум төгрөг утаагүй Улаанбаатар буюу сайжруулсан түлшийг зөвхөн түгээх зардалд зарцуулдаг. 

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Магадгүй 10 жилийн дараа ярьсаар байж байхыг үгүйлгэхгүй” гэлээ.