АН мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд: “ Сүүлийн үед иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн шууд удирдлагад ажилладаг хууль хүчний байгууллагын ажилтнууд халдах үзэгдэл ихэслээ. Эрх баригчид өөрсдийг нь шүүмжилсэн иргэдийнхээ эсрэг шүүх, цагдаагийн байгууллад гомдол гаргаж, удаан хугацаанд шалгуулж, сэтгэл санаа, эрүүл мэндэд нь дарамт учруулж, ил далд хэлбэрээр эрүүдэн шүүх үзэгдэл илт нэмэгдэж байна.

 

Тухайлбал бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлсэн үйлдлийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн “No War” хөдөлгөөний залуус болон бусдын амь нас эрүүл мэндэд ноцтой халдсан эрүүгийн гэмт хэргийг мэдээлж иргэний үүргээ биелүүлсэн иргэнд хэрэг үүсгэн, шүүхээр оруулж ялласан нь Ардчилсан улсад байж боломгүй үзэгдэл боллоо.

 

Гадаад харилцааны хямрал, дотоод эдийн засгийн уналт, нам төрдөө үүрлэсэн хулгайч нартайгаа тэмцэхийн оронд иргэдтэйгээ тэмцэж, шалгуулж, яллуулж, буруу ташаа мэдээлэл тарааж байгаа энэхүү увайгүй үйлдлээ нэн даруй зогсоож, иргэдээсээ уучлалт гуйхыг ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан танаас шаардаж байна. Түүнчлэн Хууль Зүйн Сайд Х.Нямбаатар 2022 оны 11-р сарын 9-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ: “Ардчилсан намын дотоод зөрчил хурцадсаны улмаас Ерөнхий Сайдын нэр хүндэд санаатайгаар, зохион байгуулалттайгаар халдаж байна.” гэх увайгүй гүтгэлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацлаа. Х.Нямбаатар сайдын энэхүү үйлдлийг бид өөрсдийн алдаа, дутагдлаа сөрөг хүчиндээ нялзааж, хариуцлагаас зугтаах гэсэн арчаагүй оролдлого гэж дүгнэж байна.

 

Бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой халдсан үйлдлийг баримтжуулж, олон нийтэд мэдээлсэн иргэн, дайныг эсэргүүцэж жагссан “No War” хөдөлгөөний залуусыг дэмжсэн иргэдийн байр суурийг Ерөнхий Сайдын нэр хүндийг унагахаар АН-аас зохион байгуулсан үйл ажиллагаа хэмээн эндүүрч, илтэд гүтгэж байгаа нь Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар бодит амьдралаас хэт тасарч, ард иргэдийнхээ үзэл бодол, хүсэл зоригийг мэдэхгүй, мэдрэхгүй болсны тод илрэл гэж харж байна.

 

Тиймээс хардлага, сэрдлэг, худал хуурмаг, хулгай үүрлэж вакумжсан орчноосоо гарч бодит хөрсөн дээрээ бууж иргэдийнхээ үзэл бодол, хүсэл зоригийг сонсож, эрүүл ухаанаар асуудлыг үнэлж, цэгнэхийг зөвлөж байна. Улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож, ард түмний амьдралын чанар тартагтаа тулж буй энэ цаг үед туйлын хариуцлагатай байж, хүлээсэн үүрэгтээ анхаарахын оронд иргэддээ гомдож, иргэдтэйгээ тэмцэж, иргэддээ яллуулж байгаа энэ үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгч, алдаа дутагдлаа яаралтай засаж сайжруулахыг ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, Хууль Зүйн Сайд Х.Нямбаатарт нарт албан ёсоор анхааруулж байна” гэжээ.