Дулаан хангамжийн холбооны тэргүүн, Техникийн ухааны доктор Д.БЯМБА-ОЧИРТОЙ цаг үеийн ажлын талаар ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө болон Дулаан хангамжийн холбооныхоо талаар манай уншигчдад танилцуулах уу. Холбоо тань ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

-Би 1983 онд Политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгсөөд “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-д 36 жил ажилласан. Эрс тэс уур амьсгалтай, хүйтэн сэрүүний улирал удаан үргэлжилдэг манай орны хувьд нийслэлийн дулаан хангамжийн асуудлыг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэ шатанд гаргах, шинэ технологи нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа нь харагддаг. Дулаан хангамжийн холбоо маань дулааны эрчим хүчний алдагдлыг багасгахад ажлаа чиглүүлж, шинэ технологи нэвтрүүлэх талаар судалгааны ажлуудыг хийж байна.

Европ, Азийн зарим орнуудын дулаанаа хуримтлуулж, хадгалдаг технологийг судлан боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэдэг, түгээдэг аж ахуйн нэгжүүд, үйлдвэрүүдэд нутагшуулах, бас дулааны шугамуудын дэд бүтцийг шинэчлэхэд холбооны үйл ажиллагаа чиглэгдэж байна.

-Дулааны алдагдлыг бууруулахад чиглэсэн судалгаа хийж байгаа гэлээ. Дулаан хуримтлуулах технологи гэж яг ямар технологийг хэлээд байна вэ?

-“Амгалан” дулааны станцыг 100 Гкал/ц-аар өргөтгөж байгаа. Үүн дээр 200 Гкал/ц-аар нэмээд нийт 300 Гкал/ц-аар өргөтгөл хийвэл Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн дутагдаж байгаа хэрэглээг хангах боломж бүрдэнэ. Ер нь нүүрсээр ажилладаг, зөвхөн дулаан үйлдвэрлэж байгаа уурын зуухны технологийн хувьд 1 Гкал дулааны эрчим хүчний өөрийн өртөг нь өндөр байдаг. Тухайлбал, Дулааны IV цахилгаан станцад үйлдвэрлэсэн 1 Гкал дулааны эрчим хүчний өөрийн өртөг 19000 төгрөг байхад “Амгалан” дулааны станцад үйлдвэрлэсэн 1 Гкал дулааны эрчим хүчний өөрийн өртөг 39000 төгрөг байна. Энэ нь бусад станцуудтай харьцуулахад хоёр дахин өндөр байна. Иймд “Амгалан” дулааны станцын өргөтгөлийг хийхдээ дулаан хуримтлуулах технологитой хослуулж ажиллуулбал 1 гкал дулааны өөрийн өртөг буурах боломжтой. Дэлхийн олон оронд дулааны энергийг газ, салхин, цахилгаан гэх мэт эх үүсвэрээр усыг 95 градус хүртэл халааж тусгай баканд хуримтлуулан дулааны үндсэн ачаалалтай хослуулан ажиллуулснаар эдийн засгийн үр ашиг гарч байгаа. Манай орны хувьд цахилгааны эрчим хүчний хэрэглээ багассан шөнийн 23 цагаас өглөөний 06 цагийн хооронд сүлжээний усыг цахилгаанаар 9095 градус хүртэл халааж тусгай хуримтлуурын баканд хадгалаад станцын дулааны үйлдвэрлэлтэй хослуулан хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, “Амгалан” дулааны станцад энэхүү дулаан хуримтлуулах технологийг нэвтрүүлж, нутагшуулах боломжтой. Мөн дулааны эрчим хүчийг хэмнэх хоёр дахь арга бол хэрэглэсэн уураа хувирсан ус болгож дахин ашиглах. Манай үйлдвэрүүд станцаас өндөр даралттай уур авч хэрэглэдэг. Тухайлбал, Дулааны III цахилгаан станцаас уур авч хэрэглэдэг 80 гаруй үйлдвэр бий. Эдгээр үйлдвэр сард дунджаар 24996.7 тонн уур хэрэглээд хувирсан усаа дахин ашиглахгүй хаяж байгаа юм. Дулааны II цахилгаан станцаас 20 гаруй үйлдвэр сард дунджаар 3233 тонн уур авч хэрэглээд хувирсан усаа мөн дахин ашиглахгүй хаядаг. Иймд уурын хэрэглээтэй үйлдвэрүүд хэрэглэж хувирсан усаа өөрийн барилгын халаалт болон хэрэглээний халуун усыг халаахад ашиглаж болно. Тухайлбал, “АПУ” ХК энэ технологийг судлан хэрэглэсэн хувирсан усаа гарааш болон агуулахын халаалтад ашиглаж байгаа сайн жишээ байна. Жишээ нь тус компани цагт 0.6 Гкал/ ц-ийн хэрэглээг хувирсан усаар халааснаар тэр хэмжээний дулааны эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 0.6 Гкал /ц гэдэг нь есөн давхар хоёр барилгын дулааны хэрэглээг хэмнэсэнтэй адил. Төрийн хэмнэлтийн хуулийн 15-ын 1.2 дахь заалтад аж ахуйн нэгж байгууллагуудыг дулааны эрчим хүчний хэрэглээндээ хэмнэлт гаргахыг даалгасан тул салбарын байгууллагууд уурын хэрэглээтэй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, хувирсан усаа өөрийн барилгын дотоод халаалт болон хэрэглээний усаа халаахад ашиглаж болохыг зөвлөж техник талын асуудлыг нь шийдэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм.

-Энэ өвөл нийслэлчүүд ая тухтай өвөлжих л байх. Гэхдээ мэргэжлийн зөвлөх инженерийн хувьд өвөлжилтийн ажлын талаар та юу зөвлөх вэ?

-Станцуудын дулааны үйлдвэрлэл 30 хүртэлх, хувиар хэтэрсэн гэж ойлгож байна. Нэг үгээр хэлбэл өвлийн их ачааллын үед бэлтгэлгүй ажиллана гэсэн үг. Хаана, хэзээ ямар гэмтэл гарч болзошгүйг таах аргагүй. Тиймээс гэмтэл саатал гарсан үед хэн, хаана ажиллах, техник, сэлбэг тоног төхөөрөмжийн хангалт ямар байгаа зэргийг тооцоолсон үеийн ажиллах горим, ажиллагааны журмыг боловсруулж гаргасан хөтөлбөр байх ёстой. Ялангуяа, залуу мэргэжилтнүүд анхаарч дасгал сургуулилалт хийсэн ч болно. Ялангуяа арванхоёрдугаар сарын 20-ноос хоёрдугаар сарын 25 хүртэлх хугацаанд онцгой анхаарч чадвал нийслэлчүүд энэ өвлийг өнтэй давна даа. Би салбарынхандаа, дулааны эрчим хүчнийхэндээ их талархаж явдаг. Ялангуяа манай засварчин, гагнуурчин, цахилгаанчид их чадварлаг, мэргэшсэн хүмүүс байдаг. Ямар ч асуудал гарсан богино хугацаанд шийдвэрлэж чаддаг. Яагаад гэвэл дулаан хангамж буюу газар доорх инженерийн байгууламж гэдэг бол хэн бүхний шууд очоод хийчихдэг ажил ч бас биш ээ. Тиймээс л байнга судалж, дадлага сургуулилалт хийж байх ёстойг мэргэжилтнүүддээ захидаг. Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн нэг онцгой анхаарах зүйл бол станцууд сүлжээний усны халууныг гадна агаарын температураас хамааруулж графикаар барихгүй бол ноцтой байдал үүсэж, сүлжээний зарцуулалт ихсэх, хэрэглэгчдийн даралтын горим алдагдсанаар автомат хаалтууд онгойж зарцуулалт огцом ихсэх, улмаар эцсийн хэрэглэгчдэд дулаан ихээхэн доголдолтой очих зэрэг асуудал тулгардаг.

-Улаанбаатар хотод дулааны эх үүсвэрүүд, ялангуяа тавдугаар цахилгаан станц шинээр барих талаар олон жил ярьсан. Эрчим хүчний өөрийн өртгийг бууруулсан, дэвшилтэд технологи бүхий ямар шинэ үүсвэрүүд байгуулж болох вэ?

-Дулааны шинэ эх үүсвэрүүдийг зайлшгүй барих шаардлагатай. Нэгдүгээрт. Баянхошуу чиглэлд дулааны ф500 мм голчтой шугам очсон байгаа. Тэнд нүүрсээр ажиллахгүй газ, шахмал түлш, хаягдлаар ажиллах 100-150 Гкал/ц эх үүсвэр барьж төвлөрсөн дулааны системтэйгээ холбон ачааллыг нь оновчтой хуваарилан ажиллуулснаар эдийн засгийн үр ашиг гарна. Хоёрдугаарт. III цахилгаан станцыг өргөтгөж, шинэ технологиор шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ дулаан хангамжийн асуудлыг нь сайтар тооцоолж, судалж, шийдэх хэрэгтэй. Учир нь газар доорх хотын дулааны шугам сүлжээний диаметр нь станцын хуучин хүчин чадалд нь тооцоолж хийснийг анхаарах ёстой. Гуравдугаарт. V цахилгаан станцыг барих газар Улаанбаатарт байхгүй нь үнэн. Иймд нийслэлийн цахилгааны өсөн нэмэгдэх хэрэгцээг Тавантолгой, Оюутолгойг түшиглэн цахилгаан станц барьж хангахаас өөр аргагүй. Заавал V станц байх шаардлагатай бол Баянхошуунд барих станцаа нэрлэчихэж болно доо.

-Улаанбаатар хотын утаа, гэр хорооллыг барилгажуулах зэрэг тулгамдсан асуудал олон байна. Энэ бүхнийг яаж шийдвэл зохистой талаар таны бодол?

Засгийн газраас нийслэлийн утааг багасгахын тулд гэр хорооллын яндангийн тоог цөөлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарч байгаад талархаж байдаг. Гэхдээ анхаарах ёстой зүйлийн нэг бол гэр хорооллын аль хэсгийг барилгажуулах вэ, төвлөрсөн орон сууц байх уу, эсвэл амины орон сууц байх уу, түүний зураг төсөл, судалгааг мэргэжлийн институтийн түвшинд боловсруулж газар доорх дулаан, цэвэр бохир усны шугамыг цогцоор нь шийддэг байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр эхлээд газар доорх хотыг нь шийдээгүй хэрнээ түрүүлээд байшингаа барьдаг нь дулаан хангамжийн бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлдөг.

-Барилгын компаниуд нийслэлийн А бүсэд л барилга барина гээд хошуурдаг. Гэтэл газар доорх дэд бүтэц ачааллаа даахаа больсон байдаг?

-Мэдээж шүү дээ. Аливаад хэмжээ хязгаар гэж бий. Хэдэн жилийн өмнө Баянхошуунд дулааны ф500, Яармагт дулааны ф700, 600, 500, Баянголын аманд дулааны ф800, 600 мм голчтой томоохон шугам сүлжээг улсын болон гаднын зээл тусламжаар барьсан. Тэнд одоо ямар ч ачаалалгүй ажиллаж байгаа тул тэр хэсэгт л барилга баримаар байгаа юм даа.

“Монголын үнэн” сонины 102 жилийн ойн дугаарт таны ярилцлага нийтлэгдэж байгаа юм. Таны “Үнэн” сонины 1987 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн тэргүүн нүүрт Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамт авахуулсан зураг тань байсан. Төдийгөөс өнөөдрийг хүртэл энэ салбартаа зүтгэж ажиллаж байгаад тань талархаж байна.

-“Монголын үнэн” сонины хамт олонд 102 жилийн ойн баярын мэнд хүргэе. Миний залуу үеийн тун ховорхон агшны зургийг сониныхоо архиваас олж өгсөн танд баярлалаа.

Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

МОНГОЛЫН ҮНЭН сонин