Гадаадад эмчлүүлдэг өвчний жагсаалтаас хүүхдийн нүдний торлог, шилэнцрийн мэс засал хасагджээ
2022/11/14
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас хүүхдийн нүдний эмгэгийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид хүүхдийн нүдний эмгэгээс сэргийлэх зорилгоор “Хүүхдийн нүдний эмгэгийн эрт илрүүлэг” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа.
Орбис олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хүүхдийн сохролын шалтгаан болж байгаа дутуу нярайн торлогийн эмгэгийг эрт илрүүлэх үзлэгийн тогтолцоо үндэсний түвшинд нэвтэрч эхэлсэн. 2012 оны 9 сараас ЭХЭМҮТ-д дутуу нярайн торлогийн эмгэгийн эрт илрүүлэг, тандалт шинжилгээний ажил хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсад нотолгоонд суурилсан шалгуураар төрсөн нярай бүрийг (төрөх үеийн нярайн жин 2000 граммаас доош, тээлтийн нас 34 долоо хоногоос бага) эрт илрүүлэгт хамруулж, шаардлагатай үед ЭХЭМҮТ-д илгээх тогтолцоо бүрдэв. Дутуу нярайн торлогийн эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх үйл ажиллагаа нь нүдний ба нярайн эмч, сувилагч нарын багаараа үзүүлэх цогц тусламж үйлчилгээ юм.
Үндэсний түвшинд хүүхдийн нүдний хорт хавдрыг илрүүлэхэд хүүхдийн нүдний угийн улаан рефлексийг үзэх нь маш чухал бөгөөд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Хүүхдийн нүдний эрт илрүүлэгт нүдний улаан рефлексийг үзэх сургалтыг аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд үе шаттайгаар хийж, багаж, тоног төхөөрөмжөөр хангагдах асуудлыг шийдэж байна. Монгол Улсаас гадаадад явж эмчлүүлдэг өвчний жагсаалтаас хүүхдийн нүдний торлог, шилэнцрийн мэс засал хийх асуудлыг хасагдсан амжилттай байгааг хэлэхэд таатай байна. Эх, ургийн халдварын улмаас дутуу төрсөн нярайн нүдний торлогийн эмгэгийг цаг хугацаанд нь оношлох, илрүүлэх, эмчлэх нь чухал болохыг дурьдлаа.