Монгол-Оросын хамтарсан III сургуулийн эцэг эхийн төлөөлөл Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яаманд албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгээр дамжуулан тус сургуулийг Оросын талд шилжүүлэх саналыг сурагчдын эцэг, эхчүүд гаргаж Элчин сайд К.Азизовт хүргүүлсэн талаарх мэдээлэл цахим орчинд тавигдсан байдаг.

Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Монголын төрийн өмчит тус сургуулийн захирлаар ийм хүнийг томил гээд орос хүний нэрийг яаманд бичгээр ирүүлсэн. Энэ бол манай улсын дотоод хэрэгт оролцсон үйлдэл гэдгийг салбарын сайдын хувьд Оросын элчинд сануулсан. 

Би Буриадын боловсролын сайд биш. Туурга тусгаар Монгол Улсын Боловсролын сайд..." хэмээн цахим хуудсандаа өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг.

"ЭНЭ БОЛ НИЙТ ЭЦЭГ ЭХИЙН БАЙР СУУРЬ БИШ"

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн эцэг эхчүүдийн байгуулсан "Дэлхийн боловсролыг таны хүүхдэд" ГҮТББ-ын хүргүүлсэн саналын талаар тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болороос тодруулсан юм.

Тэрбээр "Тухайн албан бичиг нь Монгол-Оросын хамтарсан III сургуулийн байр суурь биш. Сургуулийн эцэг эхчүүд нийлж төрийн бус байгууллага байгуулсан. Тэр төрийн бус байгууллагынхаа албан бланк дээр бичгийг хүргүүлсэн юм билээ. Тиймээс сургуулийн албан ёсны байр суурь биш.

Энэ бол нийт эцэг эхийн ч байр суурь биш. Жишээлбэл, би одоо захирлаар ажиллаж байгаа ч мөн л эцэг эхийн төлөөлөл. Манай дөрвөн хүүхэд Монгол-Оросын хамтарсан III сургуульд суралцдаг. Миний хувьд тийм бичиг явсныг мэдээгүй. Харин бусад эцэг эхчүүдийн өмнөөс би энэ асуудлыг хэлэх боломжгүй" гэлээ. 

"ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНД СЭВ СУУЛГАХ АСУУДАЛ ЯРИАД ЯВЖ БАЙДАГ ХҮН БОЛ Л.ЭНХ-АМГАЛАН САЙД ЮМ БАЙНА"

Дээрх үүссэн асуудалтай холбоотойгоор Монгол-Оросын хамтарсан III сургуулийн эцэг эхчүүдийн байгуулсан "Дэлхийн боловсролыг таны хүүхдэд" ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэ өнгөрсөн Ням гаригт цахим хаягаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.



Тэрбээр "Монгол-Оросын хамтарсан III сургуулийг сүүлийн үед маш их харлуулж байна. Энэ сургуульд суралцаж байгаа 2,700 хүүхдийг нийгмээс ялгаварлан гадуурхах нөхцөлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч хийж байна. Монголд болж бүтэж байгаа өнгөтэй, өөдтэй бүхнийг харлуулдаг болжээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан албан тушаал, эрх мэдлээ ашиглаж худал мэдээллийг нийгэмд тарааж байна. Тэнцвэртэй мэдээлэл нийгэмд хүрэхгүй байна. Худлыг 1,000 давтахад үнэн болдог.

УИХ руу явуулсан бичгийг уншаагүй гэж байгаа. Уншаагүй мөртлөө эх орноосоо урвасан гэж үзнэ гээд байгаа. Эхлээд бичгээ уншчих. Дараа нь энэ сургуулийг байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрээ уншчих. Үүний дараа олон нийтэд мэдээлэл түгээмээр байна.

Манай үе үеийн боловсролын сайд нар буухдаа ямар нэгэн байдлаар их, дээд сургуультай, эсвэл 10 жилийн сургуультай болж буудаг уламжлалтай. Хамгийн энгийн логикийг та бүхэнд хэлж өгье. Сүүлийн үед хэвлэлүүдээр манай сургуулийн нэр хүндийг нэлээд унагасан.

Сүүлийн 30 жилд Монгол Улсад өнгөтэй өөдтэй болгоныг нам дамжсан сайд нар, улс төрчид, эрх мэдэлтнүүд хувьчилж авдаг. Эхлээд нэр төрийг нь харлуулдаг, дараа нь тухайн байгууллагын үйл ажиллагааг доголдуулдаг. Үнэ цэнгүй болсных нь дараа авдаг.

ОХУ-ын өмчийг дээрээс нь Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөөр барьсан энэ сургуулийг Л.Энх-Амгалан сайд хувьчилж авах нь ээ гэдгийг саяхан удирдах зөвлөлийн хурлын үеэр хэлсэн. Сургуулийн удирдах зөвлөлийн хурлын үеэр БШУЯ-ны газрын дарга нар ирсэн байсан. Тэдний ихэнх нь Хөвсгөлөөс томилогдсон байна. Тэр үед БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ сургуулийг чинь хувьчилж авах гээд байгаа юм биш үү гэхэд хэн ч үгүйсгээгүй.

Иймэрхүү хувийн ашиг сонирхолтой төрийн албан тушаалыг ашигладаг. Сүүлдээ хоёр улсын харилцаанд сэв суулгах асуудал яриад явж байдаг хүн бол Л.Энх-Амгалан сайд юм байна" гэдгийг хэлэв. 

"МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН III СУРГУУЛЬД СУРЧ БАЙГАА 2,700 ХҮҮХЭД ГЭГЭЭРЧ БАЙГАА"

Мөн үргэлжлүүлэн "Би яагаад энэ сургуулийг хамгаалаад байна вэ гэх асуулт чухал тавигдах байх.

  • Нэгдүгээрт, Монгол Улсын хэмжээнд 10 жилийн сургуулийн нэг ангид 50-60 хүүхэд хичээллэж байна. Урт хугацаандаа агаар сэлгэлт зэрэг асуудал хүнд болно.
  • Хоёрдугаарт, хичээлийн хүртээмж байхгүй.
  • Гуравдугаарт, хичээлийн хүртээмжгүйгээс болоод хүүхдүүд муу сурч, улмаар багш нар нь даалгавраар шахдаг. Гэртээ очоод хэрүүлийн алим болдог.

Боловсролын салбарт хийх ажил маш их байгаа. Бүхэл бүтэн Монгол Улсын нэг үеийг харанхуй, бүдүүлэг, боловсрол мэдлэггүй, эрүүл мэндгүй болгож өсгөж байгаа.

Энэ сургууль 30 жилийн технологийг бий болгох гэж явсан. Сургуульд байгаа технологийг бусад 10 жилийн сургуулиуд авч хэрэглээсэй гэж бодож байгаа. Яагаад гэвэл, энэ сургуулийг төгсөж байгаа хүүхдүүд эх хэлээсээ гадна 2-3 хэлтэй болж байгаа. Хими, физик, биологи мэддэг болж байна. Математик суурьтай эдийн засгийг мэддэг болж байгаа. Сүүлийн үед IT-ийн нэлээд том бааз суурь сургуульд бий болж байгаа.

Монгол Улсын ирээдүйг авч явах хүүхдүүд маань 10 жилээсээ суурь боловсролдоо эдгээр боловсролыг заавал эзэмших ёстой юмаа. "Орчлон", "British school", "American school"-ийн төлбөрийг манай Орос III сургуулийн эцэг, эхчүүд төлж чадахгүй. Ямар хүүхдүүд нь тэдгээр сургуульд явдгийг мэдэхгүй. Харин энэ сургуульд ихэнх нь төрийн албан хаагчийн хүүхдүүд сурдаг. Төрийн албан хаагчдын цалин ямар билээ. Энэ мэтчилэн ярих зүйлс их байна.

Монгол-Оросын хамтарсан III сургуульд сурч байгаа 2,700 хүүхэд гэгээрч байгаа. Цаашлаад бусад 10 жилийн сургуульд Орос-Монголын III сургууль шиг анги дүүргэлт нь 30 хүүхэдтэй, нэг ээлжээр хичээллэдэг. Мөн хичээлээ тараад хөгжлийн хөтөлбөртөө хамрагддаг. Идэж ууж байгаа хоолонд нь эцэг, эхчүүд нь ээлж ээлжээр хяналт тавьдаг ийм сургууль болоосой хэмээн хүсэж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан та хэтэрхий их улс төржиж, хэтэрхий их попорч байна. Хэт их туйлширч байна. Тийм учраас Монгол-Оросын хамтарсан III сургуулийнхаа эрх ашгийг хамгаалж байгаа. Энэ сургуулийг хувьчилж авах гээд сургууль бол хамгийн ашигтай бизнес гэдэг зарчим яваад байх шиг байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.