М.Ганбаатар: Шахмал түлшийг илүү сайжруулах шаардлага байгаа
2022/11/16
“Тавантолгой түлш” ХХК-ий захирал асан, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга М.Ганбаатартай ярилцлаа.
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэргэд Хөдөлмөрийн бирж байгуулагдсан. Энэ биржийн онцлог нь юу юм бэ?
Манай Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэргэд нээгдэж байгаа Хөдөлмөрийн биржийн гол онцлог бол иргэдийг ажилд зуучлаад, мэдээлэл дамжуулаад зогсохгүй тухайн ажилд орох гэж байгаа залуучуудыг бэлтгэдэг, дасгалжуулдаг системтэй байгаа явдал юм. Хуучин социализмийн үед тухайн ажилд орж байгаа хүн болгон ахмад үеийн, туршлагатай халамжлан хүмүүжүүлэгчтэй байсан. Тэр ахмад хүн нь тухайн залуу хүнийг ажил, амьдралд нь бэлтгэдэг байлаа. Үүний үндсэн дээр тухайн хүн тогтвортой ажиллаж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, улмаар тухайн ажил дээрээ өсөж дэвжих боломжтой болдог. Энэ үндэс суурийг ажилд орохоос нь эхэлж бий болгохын тулд манай СБД-ийн МАН-ын хорооны дэргэдэх Хөдөлмөрийн бирж дасгалжуулагчийн системээр ажиллана. Нийт 12 ахмадыг эхний ээлжинд мэргэжлийн түвшинд 6 сарын хугацаатай бэлтгэсэн. Энэ бол Туркийн туршлага, систем.
Энэхүү хөдөлмөрийн бирж нэгдүгээрт залуучуудыг, хоёрдугаарт ахмадуудыг давхар ажилтай болгож тэдний мэдлэг, туршлагыг залуу боловсон хүчин, ажилчдад суулгаж өгөх үйл ажиллагаа явагдана гэсэн үг үү?
Тийм. Өнөөдөр нэг гомдол байнга л ярьдаг шүү дээ. Бизнес уулзалт, хөрөнгө оруулагчдын форум гээд аливаа бизнесийнхэн цуглахаараа ажлын байрны дутагдалтай байна, ажлын байран дээр ирсэн залуучууд ажлын байрны шаардлага хангахгүй байна гэж шүүмжилдэг. Гэтэл нөгөө талд тухайн салбарын мэргэжилтэй, сургууль соёл төгсчихсөн залуучууд байгаад байдаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд жижигхэн зөрчил байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр албан бичиг алдаагүй бичих, цаг бүртгүүлэх, харилцааны асуудал, албан тушаалын ёс зүй гэдэг ч юм уу. Энэ бүхнийг дөчөөс тавин жил ажилласан ахмадууд маань зааж сургаж, жижиг зүйл дээр алдаа гаргахгүй ажиллах боломжийг бий болгож, дасгалжуулагч хийнэ.
Зөвхөн ажилд оруулаад орхих биш тухайн ажлын байран дээрээ тогтвор суурьшилтай ажиллах тэр үе хүртэл зааж зөвлөх үүрэг хүлээж ажиллана.
Мэдээж тодорхой хэмжээгээр ахмадуудын ажлын байрыг бий болгоно. Цаашдаа энэ харилцаа холбоо ах дүүгийн, эмээ өвөөгийн, аав ээжийн ч гэдэг юмуу харилцаа болж тогтоно. Тэр харилцаа нь тухайн залууг цаашдаа амжилттай ажиллах үндэс суурь нь болж өгнө. Тогтвор суурьшилтай ажиллана. Нөгөө аж ахуй нэгжүүдийн гомдоллоод байгаа мэргэжилтэй боловсон хүчин байхгүй байна гэдэг шүүмжлэл үндсэндээ бүрэн шийдэгдэнэ.
Сүхбаатар дүүргийн хувьд ажилгүйдлийн түвшин ямар байна?
Хөдөлмөрийн насны жар гаран мянган иргэн байна. Хөдөлмөрийн бирж дээр идэвхтэй ажил хайж байгаа гурваас дөрвөн мянган залуучууд байна. Ерөнхийдөө харьцангуй гайгүй. Гэхдээ энэ бол бага биш тоо. Иймээс бид энэ ажил хайж байгаа залуучуудыг эхний ээлжинд,бэлтгэсэн 12 дасгалжуулагч буюу сургагч багш нартайгаа хамтарч ажиллуулна. Цаашлаад бид таван зуу орчим ахмадыг энэ чиглэлээр сургаж бэлтгэнэ. СБД-т ажилгүйдлийн түвшин хамгийн доод хэмжээнд, бүр тэг хувь хүртэл хэмжээнд хүрэх боломж бий. Манай дүүргийн нэг онцлог бол хуучны, эрдэмтэй, чадалтай, оюунлаг ахмадууд ихтэй. Тиймээс тэд нар дээрээ суурилж энэ ажлыг бид зохион байгуулж байгаа юм. Хэрвээ тухайн сургагч багшийн бэлтгэсэн ажилтан нь ажил дээр гараад ажлын шаардлага хангахгүй бол бас сургагч багштай нь тодорхой хэмжээний хариуцлага ярина. Энэ бол Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн хувьд хамгийн том шийдэл болж байгаа юм.
Ажил хийх сонирхолтой ахмадууд СБД-т хэр их байна вэ? Сургагч багш нарын цалин урамшуулал хэд байх вэ?
Хөдөлмөрийн биржээрээ дамжуулаад хийсэн ажлынх нь тайланг өгөөд ахмадууддаа бид нар цалин өгөх боломжтой. Нөгөө талдаа ажил эрэгч, ажилтан эрэлхийлж байгаа компаниуд маань мэргэжилтэй ажилтан, мэргэжилтэй боловсон хүчний төлөө өөрсдөө хөөцөлддөг, хөрөнгө мөнгө зардаг болсон. Бид нар тэр ажилтнуудыг тухайн компани, ААН-үүдэд эрэлтийнх нь дагуу тодорхой үнийн саналтайгаар хүргэж өгнө. Мөн бид улсаас ахмадуудыг ажлын байраар хангаснаараа цалин, урамшуулалтай болох материалыг нь бүрдүүлж өгөх ажлыг хийнэ. Ер нь яагаад намын хорооны дэргэд хийж байгаа вэ гэвэл нам залуучуудыг ажилд оруулж, тусалж дэмжиж, намын дотоод үйл ажиллагааны хувьд ч гэсэн шинэлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Нам бол гишүүнийхээ төлөө, цаашлаад Монгол Улсын иргэдийн төлөө ажлыг санаачилгыг эхлүүлдэг, манлайлдаг байх ёстой.
Энэ зарчмыг бид үндсэндээ СБД-ийн МАН-ын хороон дээр авчирч байгаа юм.
Ахмадуудыг сургагч багшаар ажиллуулах энэ туршлагыг бусад дүүргүүд сонирхож магадгүй. Ер нь энэ Хөдөлмөрийн биржийг хэчнээн төгрөгөөр санхүүжүүлж босгосон бэ?
Дүүргийн МАН-ын хорооны байр гэж байдаг. Бид хамгийн гол нь намын хорооны байраа түшиглэж хийсэн. Ерөнхийдөө бол үйл ажиллагаа, сургалтын багш нарын цалингийн зардал л гарсан гэсэн үг. Хөдөлмөрийн бирж өөрөө аливаа нэг барилга байшин, хөрөнгө оруулалт гэхээсээ илүү хүнтэй ажилладаг буюу хүнээ зөв болгох, хүнээ идэвхтэй байлгах, урамшуулах, залуучуудын төлөө гэсэн энэ үндсэн үзэл санааг ахмадуудаа маш сайн ойлгуулж өгснөөр өндөр хөрөнгө оруулалт, шаардлагагүйгээр хийж болдог ажил гэдгийг харуулж байгаа юм. Цаашлаад бусад дүүрэг, Монгол Улс даяар бид нарын энэ жишгийг авч ажиллаасай гэж хүсэж байна. Бид нарын энэ ажлын туршлагыг ирж авна гэвэл бид нээлттэй. Зөвхөн МАН гэлтгүй бүх нам, бүх улс төрийн хүчин, бүх төрийн бус байгууллагууд монгол хүний төлөө, монгол хүн ажилтай орлоготой байхын төлөө ажиллаасай гэж хүсэж байна.
Сүхбаатар дүүрэг дээр сүүлийн 2 сонгуульд АН ялсан. Та СБД-ийн МАН-ын хорооны даргын хувьд АН-ын Сүхбаатар дүүрэт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудад ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна вэ?
Бид бол нэг л зарчим барина. Тэр нь хэн нэгнийг шүүмжилж, муулах шиг амархан юм байхгүй. Үнэхээр өрсөлдөөн бол байгаа. Өнөөдөр бид хэн илүү бүтээлч вэ, олон нийтийн төлөө хэн чин үнэнээр явж чадах вэ, хэн даргын хаалга үүдийг сахиж байгаад албан тушаал ахиад байна, хэн үнэнч шударгаар зүтгээд байна гэдгийг ил тод гаргаж тавина. Цаашдаа манай Хөдөлмөрийн бирж улс төрийн хүрээнд, төрийн албаны хүрээнд, бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийнхээ ажлыг хөөцөлдөх, бэлтгэгдсэн боловсон хүчнийхээ шударгаар өрсөлдөж ажилд орох нөхцлийг шаардаж ажиллана. Хэн илүү бүтээлч вэ гэдгийг иргэд өнөөдөр олж харах хэмжээнд хүрсэн гэж сонгогчдоо үнэлж дүгнэж байна. Бид өөрсдийн ажил хөдөлмөр, бүтээлч байдлаар сонгогчдын итгэлийг олж авна гэсэн зорилготой ажиллаж байна. АН-ын үйл ажиллагааг тухайн хорооны болон дүүргийн иргэдээс асуусан нь илүү зөв байх гэж бодож байна.
Та сайжруулсан түлшний үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан хүн. Хүйт орсон энэ үед шахмал түлшний чанарын асуудал яригдаж байна. УИХ-ын гишүүд ч шүүмжилж байна. Шахмал түлшний чанарын тал дээр та юу гэж хариулах вэ?
2018 оноос сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулж ажилласан. 2022 оны 4 сарын 1-нээр өвлийн ачаалал дууссаны дараа би өргөдлөө өгөөд, ажлаа хүлээлгэж өгсөн. Сайжруулсан түлшийг иргэд нэгэнт хэрэглээнд сурсан.
Одоо иргэд хэзээ ч түүхий нүүрс түлэхийг зөвшөөрөхгүй болсон.
Энэ бол цоо шинэ хэрэглээ байсан. Юу дуртайгаа түлдэг байсан цаг үе ард хоцорсон. Энэ бол тухайн үедээ хэрэглээний хувьсгал болсон. Хэрвээ санаж байгаа бол бид таван жилийн өмнө буюу төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө гадаадад очоод Монголоос өмсөж ирсэн хувцсаа солиод, усанд сайн ороод нүүрсний өмхий үнэрээ арилгаад гаднынхантай уулздаг байсан шүү дээ. Одоо энэ үнэр байхгүй болсон. Мэдээж шүүмжлэх юм байлгүй яах вэ. Бид нарын, Засгийн Газрын зорилго бол утааг 50 хувь бууруулах байсан шүү дээ. Бид 50 хувиа давуулан биелүүлсэн. Эхний жил бүр хэт давуулан биелүүлж, 70 гаран хувьтай утаа буурсан онцгой амжилт гаргалаа гэж ярьсан шүү дээ. Түүний дараа жаахан буураад 60 хэдэн хувьтай болсон. Гэхдээ 50 хувиасаа буугаагүй. 50 хувийн зорилгоо биелүүлсэн өнөөдрийн тэр түлш нэг л шугамаар, нэг л стандартаар явж байгаа. Түүнээс өөрөөр гарах боломж байхгүй. Стандарт бүх зүйл нь батлагдсан ном журмын дагуу явж байгаа. Мэдээж үүнээс илүү сайжруулах шаардлага байгаа. Дараа дараагийн удирдлагууд нь сайн ажиллаж байгаа гэж бодож байна.
Нэг зүйл тодруулж хэлэхэд “Таван толгой түлш” компанид ажиллаж байхад тухайн ажилчинд ажиллах чинхүү хүсэл байгаад байдаг. Гэтэл заавал хугацаа алдаж, төлбөртэй сургалтанд суух шаардлага гарна. Харин амьдрал ахуй нь өнөөдөр ажил хийхийг шаардаад байдаг. Бид 4000 залууг удирдаж, ажиллаж байсан. Тэр 4000 залууд зааж, зөвлөх боломж бололцоо хомс байсан. Тэгээд жишээ нь манай түлшний үйлдвэр дээр механикаар нэг залуу ажиллаж байлаа гэхэд өөр нэг цахилгаан станц дээр 40 жил ажилласан сургагч багштай болчихвол тэр хүн рүүгээ утасдаж асуух, үүнийг яадаг юм, үүнийг яаж хийх вэ гээд сургагч багшаасаа зөвлөгөө авдаг ийм систем зайлшгүй хэрэгтэй юм байна даа гэдэг бодол тухайн үед төрж байсан. Тэр үед би хөдөө байгаа юм шиг, 3-аас 4 сар үйлдвэр дээрээ хонож, өнжиж, амьдарч ажилладаг байлаа. Ингээд тухайн үеийн ажилласан туршлагаасаа өнөөдрийн энэ биржийн ажлыг эхлүүлсэн. Амьдралаас үүссэн бирж гэх юмуу даа.
Аймгуудын утааны асуудал хүнд байна. Орон нутагт сайжруулсан түлшний үйлдвэр хэрэгтэй байна гэж иргэд ярих боллоо. Энэ талаар та юу гэж боддог вэ?
Улаанбаатар хот чинь ёстой уул даваад л байдаг, даваад л байдаг айлууд байгаад л байдаг, байгаад л байдаг байсан. Өмнөх жил нь хоосон байсан газар дараа жил нь айл гараад ирдэг. Айлууд тасралтгүй буугаад л байдаг. Тухайн үед Улаанбаатар хотыг яаж сайжруулсан түлшээр хангах вэ гэдэг бодол л толгойд байсан. Нэг ч гэсэн айлыг түлшээр дутаачихгүй юмсан гэсэн ганцхан зорилго надад байсан. Түүнийгээ бол биелүүлсэн. Түлш хүрээгүй айл, хороо гэж байгаагүй. Өнгөрсөн жилүүдэд энэ ажлыг бол иймэрхүү хүрээнд хийж гүйцэтгэсэн гэж дүгнэдэг. Түүнээс орон нутгийн тухай бодох нь битгий хэл, бараг тэр үед аймаг руу өгөхгүй санаатай л байсан хүн шүү дээ.
Тэгээд мэдээж улс эх орон маань хөгжинө, сайхан болно, түлш маань тэлнэ, цаашлаад хотын төвийн гэр хорооллын айлуудыг гал түлдэгийг хориглох ёстой. Улаанбаатар хотынхоо төвд, энгэр талд нь гал түлдэгийг зогсоох хэрэгтэй. Дулааныг цахилгаан, газаар шийддэг болох хэрэгтэй. Тодорхой яндангүй, утаагүй бүсийг, нүүрс түлдэггүй бүсийг бид хориглолоо шүү дээ. Яндангийн бүсийг гаргаж ирэх ёстой. Нэг талдаа хүчээр, захиргааны аргаар, нөгөө талдаа эдийн засгийн аргаар дэмжиж, айлуудыг цахилгаан халаагуур юм уу, галлагааны бус эх үүсвэр тавибал хөнгөлөлттэй байдаг ч юм уу. Бид цаашдаа хөгжихийн тулд бас захиргааны арга хэрэглэж, яндангүй бүс бий болгох хэрэгтэй. Хотынхоо төвөөс хоёр зуухан метрийн зайд гал түлээд сууж байдаг байж болохгүй ээ. Үүнийг шийдвэр гаргагч нар анхаарч, ажиллаж байгаа байх аа гэж би найдаж байгаа.
Ярилцсан Ч.Явуухүү
sonin.mn
Зочин · 2022/11/16
Boliod ug. Uuruu baikhdaa saijruulaagyi idej uuj bgd l yavaa biz dee.