Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 14.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр буюу 15.3% өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13 их наяд төгрөг болж, 2.3 их наяд төгрөгөөр (21.7%) мөн өссөн байна.

График. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний арван сарын байдлаар, тэрбум төгрөг

 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний арван сард 14 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 529.2 тэрбум төгрөгөөр (34.2%) буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ тус сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 30.8 (2.1%) тэрбум төгрөгөөр, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, 36.4 (2.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. 

Татварын нийт орлогын хувьд эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр (27.3%) өссөн үзүүлэлт аж. Ийнхүү өсөхөд

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 852.9 тэрбум төгрөг буюу 37.3%
  • Нийгмийн даатгалын орлого 635.8 тэрбум төгрөг буюу 36.7%
  • Бусад төрлийн татварын орлого 912.5 тэрбум төгрөгөөр буюу 95.1% тус тус өссөн нь голлон нөлөөлсөн болохыг хэллээ. 

Харин орлогын албан татварын орлого 157.3 (5.3%) тэрбум төгрөгөөр буурчээ