ДИЗЕЛЬ ТҮЛШ ШТС-УУДААР ТАСАРЧ, ЧЕНЖҮҮД 4200 ТӨГРӨГӨӨР ЧӨЛӨӨТЭЙ ЗАРЖ БАЙНА
2022/11/21
Улс даяар дизель түлшний хомсдолд ороод нэлээд хэд хонолоо. Зарим нутгаар бүр хязгаарлалттай, заримд нь өндөр үнээр олгож байгаа ч зүүн аймгууд руу бүр тасраад байна. Улаанбаатар хотын хэмжээнд ч алаг цоог байдлаар хязгаарлалттайгаар дизель түлшийг худалдаалж байна.
“Тэс петролиум” ШТСууд дизель түлш хэвийн олгож байв. Харин “Сод Монгол”-ын ШТС-ууд бүгд хязгаарлалтад оржээ. ШТСын түлш олгодог хэсгээ улаан туузаар хааж, зөвхөн гэрээт байгууллагууддаа тодорхой хязгаартайгаар олгож байгааг түгээгч хэлж байв. Бусдаар бол энгийн иргэд түлш худалдан авах боломжгүй байна. Түгээгчээс учрыг нь лавлавал “Сүүлийн гурав хоногоос ийм байдалтай болсон. Цаашид хэзээ хэвийн болох эсэхийг мэдэхгүй” гэв. Тэгвэл Магнай трейд компани огт худалдаалахгүй байна. Улаанбаатар хотын зүүн чиглэлийн болон төвийн хэсгийн ШТС-уудаар явахад дизель түлшээр зогсохгүй А-92 бензинийг ч зарим нь олгохгүй байв. “Маргаашнаас хэвийн олгож эхэлнэ. Дизель түлш ирж байгаа” гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрладаг “МТ” ШТС-ын түгээгч өчигдөр ярилаа.
Дизель түлшний худалдаа Улаанбаатар хотод ийм байгаа бол орон нутагт бүр дорджээ. Баруун аймгуудад гэхэд Баян-Өлгий аймаг Ник Петровис литр тутмыг нь 4000 төгрөгөөр худалдаалж байгаа бол хувийн колонкууд 4200 төгрөгөөр зарж байгаа гэнэ. Хомсдол үүсээгүй ч үнэ өндөр байгаа талаар орон нутгийн иргэд хэлж байв. Зүүн аймгуудын хувьд дизель түлш хомсдолтой, зарим газраараа тасраад байгаа нь идэш ууш бэлтгэлийн үеэр нэлээд хүндрэл учруулж байгааг иргэд дуулгаж байна.
Дорнод аймагт гэхэд хязгаарлалттайгаар олгож байгаа бол Хэнтий аймгийн хэмжээнд бараг тасарчээ. Хэнтийн Биндэр, Батширээт, Дадал гэсэн арын сумдаар тасраад нэлээд удаж байгаа мэдээлэл байна. Энэ тухай орон нутгийн бизнесмэн хэлэхдээ “Дизель түлш бол хөдөө орон нутгийн иргэдийн шатахууны гол хэрэглээ. Малчид, тээвэрчид дизель түлшээр л ажил амьдралаа залгуулж байгаа. Одоогийн цаг үе бол бүр ноцтой үе шүү дээ. Зүүн аймгуудаас баруун болон төвийн аймгууд хадлан тэжээлээ татаж дуусгадаг үе. Бас дээр нь идэшний мах бэлтгэлийн оргил үе. Гэтэл ийм үеэр түлш тасарчихаж байгаа нь малчдад маш хохиролтой байна” гэж байлаа.
Дизель түлш хомсодсон шалтгаан нь хүйтэрсэнтэй холбоотой гэгдэж байна. Зуны түлшийг өвлийн улиралд хэрэглэх боломжгүй учраас ийнхүү хомсдол үүсэх нөхцөл болсон тухай яригдаж байна. Хуучин үед зуны түлшин дээр бензин холиод өвөл хэрэглэдэг байсан бол сүүлийн үед тусгай бодис хольдог болсон юм байна. Тэр бодисыг авто захууд болон Өгөөмөр, Да хүрээ, Сутай захууд дээр иргэд зардаг аж.
Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны талаар гаргасан хамгийн сүүлийн мэдээлэлд “Улсын хэмжээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дизель түлш 34114 тн үлдэгдэлтэй буюу 13 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна” гэж байв. Гэвч зах зээл дээр нөөц тасраад багагүй хугацаа өнгөрчээ. Дизель түлшний хомсдолын талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Нийслэл болон орон нутаг дахь ШТС-уудаар дизель түлш ийнхүү хомсдолтой байхад хувь иргэд худалдаалах явдал гаарч байна. “Өвлийн дизель түлш зарна” гэсэн зарууд цахим хуудсаар нэг байна. Холбогдож үзвэл “Хаана, хэдэн тонноор хүргэх вэ. Литр тутам нь 4200-4400 төгрөг” гэсэн мэдээллийг өгч байлаа. Мөн зар тавиад өдөртөө зарагдаад дууссан талаар ч иргэд дуулгаж байв.