Н.Уртнасан: Ангидаа зузаан хувцастай найман цаг дохиогоор хичээл заах хүнд байна
2022/11/21
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн багш нар өнөөдөр сурагчдын эрх зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийв.
Өвлийн улиралд осгох шахам хүйтэн орчинд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Энэ асуудлаар сургуулийн удирдлагуудад удаа дараа хандсан ч арга хэмжээ аваагүй. Өнгөрсөн Пүрэв гарагт тус сургуулийн захирал шаардлага тавьсан багшийн биед халдаж, ажлын байрны дарамт үзүүлсэн талаар тэд хэлэв.
Багш нарын зүгээс “Сургуультай минь ирж танилцаач, сайд аа”, “Өвөл нь даардаг, зун борооны усанд автдаг орчинд сургалтын үйл ажиллагаа явагдаж байна”, “Зузаан хувцастай найман цаг дохиогоор хичээл заах хүнд байна”, “Хүүхдүүд маань багшаа даараад байна гэж хэлэхэд зүрх зүсэгддэг" хэмээн хэлж байлаа.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн математикийн багш Н.Уртнасан "Манай сургууль өвөлдөө маш хүйтэн байдаг. Багш нар хичээл заахад ч маш хүнд байна. Та бүхэн бодоод үзээрэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зузаан хувцсаа давхарлаж өмсчхөөд "Багш аа би даараад байна" гээд халуун устай аяга бариад гараа дулаацуулаад чичрээд сууж байдаг. Ийм нөхцөлд хичээлээ үргэлжлүүлж заах уу эсвэл хүүхдүүдийг дулаан орчинд оруулахыг хүсэх үү. Мэдээж дулаан орчинд оруулахыг бодно.
Багш нар маань ч зузаан хувцастайгаа дохиогоор найман цаг хичээл заадаг. Гадуур хувцастай автобусанд найман цаг бариулаас нь баривал хүний гар яаж бадайрах билээ. Яг ийм мэдрэмжийг өдөр тутам авдаг.
Цонх нь онгорхой, сурагчид нь даарч чичрээд хичээллэж байхад удирдлагууд нь ямар ч арга хэмжээ авдаггүй. Түүнчлэн гурван давхрын нийт 14 анги, коридор бүхэлдээ усанд автдаг. Хавар нь багш нар эцэг, эхчүүдтэйгээ нийлж засвар хийгээд хүлээлгэж өгдөг. Гэвч хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулийн дээвэр тэр чигтээ усанд автсан байдаг" гэдгийг хэлэв.
"ҮНЭХЭЭР ХҮЙТЭН БОЛОХ НЬ ЭЭ. ЦОНХЫГ ДУЛААЛАХ АРГА БАЙНА УУ ГЭДГИЙГ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД УДАА ДАРАА ХЭЛСЭН"
Түүнчлэн "2022 оны арваннэгдүгээр сарын 17 буюу өнгөрсөн Пүрэв гарагт багшийн эрх зөрчигдсөн. Өглөө ажилдаа ирэхэд анги маш хүйтэн байсан. Сургууль маш хүйтэн байна, хүүхдүүд дараад байгаа учраас яаралтай засвар хийх саналыг өнгөрсөн жилээс эхлэн удаа дараа тавьсан байдаг.
Өнгөрсөн жил анги нь хүйтэн байвал цонхтой цагаар дулаан анги руу сэлгэж ордог байсан. Энэ жил дахиад уг асуудал тохиолдох нь гэдгийг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр сургуулийн удирдлагад дахин мэдэгдсэн. "Үнэхээр хүйтэн болох нь ээ. Цонхыг дулаалах арга байна уу" гэдгийг хэлсэн. Одоогоор багш нарын зүгээс цонхны дулаалга авч наасан байна. Гэхдээ л маш хүйтэн байгааг хэлж байсан.
Улмаар миний бие ангийнхаа цонхыг засварлаж, гурван цонхны хоёрыг нь янзлуулж байсан. Төд удалгүй аж ахуйн дарга, захирал, мужаан, IT инженер дөрвөн эрэгтэй хүн орж ирсэн. Ангийн цонхыг үзэж байснаа үгийн зөрөөгүй "Цонхныхоо түгжээг чи өөрөө идсэн юм биш үү" гэж захирал дайрсан. Эмэгтэй хүн рүү дайрч байхад бусад нь юу ч болоогүй мэт зогсож байсан. Улмаар биеэ хамгаалах зорилгоор утсаа аваад бичлэг хийх гэтэл намайг үсдэж, толгой руу цохисон" хэмээн математикийн багш Н.Уртнасан хэлэв.