Чингис хааны ариун газар шороог, үр хойчийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэлт цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөе
2022/11/24
"Монголын бахархлын өдөр"-ийг тохиолдуулан АНУ-ын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жэк Уэтерфордод "Чингис хаан" одонгоор шагналаа.
Тэрбээр Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол хатдын дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, шинжлэх ухаанчаар үнэлэн дүгнэсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан.
Энэхүү бүтээлүүд нь олон хэлээр орчуулагдан дэлхий нийтийн хүртээл болохдоо монголчуудын талаарх түүхэн бодит ойлголтыг өнөөгийн дэлхий ертөнцөд дахин таниулж, Чингис хаан судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эрхэм юм.
"Чингис хаан" одонт Жэк Уэтерфорд "Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь ямагт хууль тогтоогчид байдаг. Шагжамуни Будда хүн төрөлхтөнд гэгээрлийн ном буюу хуулийн хүрдийг үлдээсэн. Күнз өрх гэр болон төрийн харилцааг зохицуулах иргэний хуулийг бүтээж өвлүүлсэн. Есүс нь Христийн шашинтнуудад хуулийг түгээж байв.
Чингис хаан шинэ шашин зохиогоогүй, харин Мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүр дээр бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн амар амгаланг тогтоосон.
Дэлхий өнөөдөр ч тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаланг тогтоох мөрөөдөлдөө тэмүүлсэн ес дэх зуунаа хүн төрөлхтөн элээж явна.
Ес бол үлэмж бэлгэдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэдэгт би итгэдэг.
Чингис хааны ариун газар шороог, Чингис хааны үр хойчийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэлт цацраг үүнд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг Монголын сайхан орон" хэмээв.