Lavlagaa.e-mongolia.mn системийг нэвтрүүлснээр иргэд арилжааны банкуудад лавлагаа өгөх шаардлагагүй болж байна
2022/11/25
Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцох Lavlagaa.e-mongolia.mn системийг өнөөдөр нээж байгааг Цахим Хөгжил, Харилцааны Холбооны Яам(ЦХХХЯ) танилцууллаа.
Ингэснээр арилжааны банкууд иргэдээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэхэн шаардлагагүй болж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал онцлов.
Мэдээлэл солилцооны системийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хуульчилсан хэдий ч 1111 төвд лавлагаатай холбоотой гомдол ихээр иржээ. Өнгөрсөн аравдугаар сарын 30-ны байдлаар 183,383 иргэний дуудлага ирсний 61% нь лавлагаатай холбоотой гомдлууд байна.
Тодруулбал, иргэд и-Монголиа системээс иргэний үнэмлэхний лавлагаа аваад очиход цахим банкуудад үйлчлэхгүй, заавал цаасаар эсвэл киоскоос авчрах шаардлага тавихаас гадна зарим байгууллага тухайн лавлагааг нотариатаар батлуулах шаардлага тавьж байгаа талаар гомдол мэдээллээ ихээр ирүүлжээ. Мөн зонхилох хувийг банк, санхүүгийн байгууллагууд эзэлсэн байна.
Иймд дундын системийг хөгжүүлж, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төв, Гаалийн Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий газар болон татвар, цагдаа, нийгмийн даатгал, газрын алба зэрэг төрийн байгууллагуудын 69 төрлийн лавлагаатай холбоотой гомдлуудыг Lavlagaa.e-mongolia.mn системээр шийдэж байгаа аж.
Уг системийг ЦХХХЯ, Сангийн Яамны харьяа Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв, Монголбанк, Үндэсний дата төв, и-Монголиа академи хамтран шийджээ.
Энэхүү систем нь вэб суурьтай тул аль ч байгууллага аваад ашиглах боломжтойг Н.Учрал сайд хэлээд банк, санхүүгийн байгууллага тоон гарын үсэг, и-Монголиа аппликэйшн, эсвэл ухаалаг биш утастай хэрэглэгчийн дугаарт ирэх зургаан оронтой тусгай дугаараар дамжуулан хэрэглэгчээ таних боломжийг бүрдүүлж байгааг хэллээ.
DR. PRADHAN · 2022/11/25