Хятадаас шахмал түлш оруулж ирэн борлуулсан тохиолдол байхгүй гэв
2022/11/29
"Тавантолгой түлш" компаниас сайжруулсан шахмал түлшний нөөц болон түлштэй холбоотой бусад асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тус компанийн ерөнхий инженер н.Алтансүх "Манай компанийн талаар үндэслэлгүй, худал мэдээлэл цацагдаж, компанийн үйл ажиллагаа доголдсон мэтээр ойлголт төрүүлсэн тул зөв мэдээлэл өгөхөөр ирлээ.
Шахмал түлшний үйлдвэрт 3,000 орчим ажилтан дөрвөн ээлжээр ажиллаж байна. Баруун, зүүн, дөрөвдүгээр үйлдвэрийн технологийн 14 шугамаар хоногт 2,300-2,500 тонн орчим түлш үйлдвэрлэдэг.
Борлуулалт өдий хэмжээний байгаа. Ойрын хүйтэн өдрүүдэд 3,000 руу дөхсөн. Энэ зун 200,000 тонн шахмал түлш үйлдвэрлэх ёстойгоос 140,000 тонныг хийж, 120,000 тонныг нөөцөлсөн. Түлшний агуулах хүрэлцээгүй болон борооны улирлаас шалтгаалан 200,000 тоннын нөөцдөө хүргэж чадаагүй. Гэхдээ 120,000 тонн түлш нөөцөлсөн нь үйлдвэр ашиглалтад орсноос хойших хамгийн их нөөц юм.
Есдүгээр сарын 15-наас түлшний борлуулалт эхэлснээс хойш нөөцөөсөө 10,000 тонныг хэрэглэсэн. Одоо 110,000 тонн түлш нөөцөд бий.
Өдрийн үйлдвэрлэлээрээ өдрийн борлуулалтаа хангаад явж байгаа. Арванхоёрдугаар сарын эхний арав хоногт хоёр шугам нэмж ашиглалтад оруулна.
Түлшний гол түүхий эд болох миддлинг 330,000 орчим тонн, барьцалдуулагч 12,500 тонныг нөөцөлсөн нь үйлдвэрийн 130-140 хоногийн хэрэглээнийх.
5,300,000 ширхэг 25 килограммын багтаамжтай шуудай татаж авсан. Энэ нь 60 хоногийн хэрэгцээ бөгөөд дотоодын үйлдвэрлэгч Гранд лаки компани нийлүүлдэг.
Гэр хорооллын 200,000 өрхийг энэ өвөл шахмал түлшээр таслахгүй" хэмээн ярилаа.
Тэрбээр үйлдвэрт 3,000 хүн цаг агаарын хүнд нөхцөлд ажиллаж байхад зүтгэлийг нь үнэгүйдүүлж худал мэдээлэл гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, чанарт Эрчим Хүчний Яамнаас болон мэргэжлийн хяналтын байгууллагаас өдөр бүр хяналт тавьдаг.
Импортоор шахмал түлш оруулж ирэн борлуулсан тохиолдол байхгүй, дотооддоо үйлдвэрлэсэн түлшээрээ гэр хорооллын өрхүүдийг тасралтгүй ханган ажиллаж байна гэв.
шаабар · 2022/11/29
Сайд нь шалгаж шинжлэх зорилгоор хятадаас .600 кг шахмал түлш оруулж ирсэн нь үнэн гээд яриад байсан. Ямар зорилготой, бас яагаад манай улс хятадын түлшийг шалгадаг юм бол .