"Тавантолгой түлш" ХХК өөрсдийн үйл ажиллагааг тагнуулын байгууллагаар шалгуулахаар болсноо мэдэгдлээ
2022/11/30
БНХАУ-аас сайжруулсан шахмал түлш оруулж ирдэг гэх мэдээллийг "Тавантолгой түлш" ХХК няцааж, энэхүү асуудлыг шалгуулах хүсэлтээ өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хүргүүллээ.
Тус компанийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цэрэнсодном “Бидэнд БНХАУ-аас түлш худалдан авах ямар ч шаардлага байхгүй. Нэг тонны савлагаатай хагас коксжуулсан нүүрсийг оруулж ирээд 25 кг шуудайд савлаж зардаг гэх мэдээлэл худлаа.
Бид 25 кг-ын савлагаатай нүүрсийг иргэдэд, нэг тонны савлагаатай нүүрсийг ААН-үүдэд борлуулдаг.
Тиймээс манай байгууллага хятад түлшийг түгээж, борлуулаагүй болохыг тогтоолгоно” гэдгээ мэдэгдлээ.
Ташрамд дурдахад, “Тавантолгой түлш” ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 120,000 тонн шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн 97 агуулахад нөөцөлжээ. Компанийн 3,000 ажилтан 24 цагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Хоногт 14 шугамаар 2500 тонн түлш үйлдвэрлэдэг. Аравдугаар сарын 1-нээс өнөөг хүртэл 111,425 тонн түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд борлуулсан гэдгийг албаныхан хэлж байлаа.