Д.Амарбаясгалан: Гэр хорооллын 240,000 орчим өрхийг ойрын 10 жилд орон сууцаар хангах боломжгүй. Хагас коксын түлшийг туршина
2022/11/30
Коксжих нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хагас коксын үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах ажил дууссан. "Эрдэнэс Тавантолгой" компани энэхүү төслийг хэрэгжүүлэхээр 300 орчим сая ам.долларын төсөвт өртөгтэй, хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдсэн байгаа.
Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Засгийн газраас ямар түлш үйлдвэрлэгдэхийг туршиж үзээгүй байж 300 сая долларын хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй гэсэн. Багануурын хүрэн нүүрсээр үйлдвэрлэсэн хагас коксын түлш шаталт ямар байх, өвлийн хүйтэнд айл, өрхийн дулааныг хангаж чадах илчлэгтэй эсэх, одоо хэрэглэж байгаа шахмал түлшнээс хэмнэлттэй байх уу, илүү хэрэглэгдэх үү гэдгийг туршиж үзэх нь чухал гэж үзсэн.
Тодорхой хэмжээний нүүрсийг хагас коксын түлшээр бартер хэлбэрээр сольж, Улаанбаатар хотод бага хэмжээгээр туршиж үзнэ. 400 орчим тонн хагас коксын түлшийг БОАЖЯ болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн хамтарсан ажлын хэсэг авсан. Идэр есийн хүйтэнд тодорхой бүсэд хагас коксын түлшийг туршиж үзнэ. Үүний дараа үр дүнг олон нийттэй ярилцаад хагас коксын түлшний үйлдвэрийг байгуулах эсэхээ шийдэх юм.
Хагас коксын түлш дэлхийн стандартад нийцсэн, хүний эрүүл мэндэд хоргүй байх нөхцөл нь бүрдсэн учраас урт хугацаандаа хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа.
Улаанбаатар хотын гэр хорооллын 240,000 орчим өрхийг богино хугацаанд буюу ойрын 10 жилд орон сууцаар хангах боломжгүй. Тиймээс гэр хороолол байдгаараа байна гэсэн үг. Харин гэр хорооллынхон сайжруулсан шахмал түлш түлээд байх нь зохимжтой юу үгүй юу гэдэг асуудал гарч байгаа юм.
Сайжруулсан шахмал түлшний хүхрийн хий өндөр, иргэдийн эрүүл ахуйд сөрөг нөлөөлөл үзүүлж байна гэдэг шүүмжлэл дагуулдаг. Үүнээс ангижрах зөв гарц нь ойрын 10 жилийн хугацаанд хагас коксын түлш хэрэглэх гэдэгтэй эрдэмтэн судлаачид болон олон нийтийн нэлээдгүй хэсэг санал нэгдэж байгаа.
БНХАУ, БНСУ энэ аргаар агаарын бохирдлоосоо салсан түүх, бодит хэрэгжсэн цаг хугацаа нь арванхан жилээр тоологдох учраас Засгийн газар хагас коксын түлш хэрэглэх чиглэлээ баримталж ажиллана" хэмээн ярилаа.
Зочин · 2022/12/01
энэ танай сайт намчирхадгаа боль хүний сэтгэгдлийг бичсэнээр нь явуул битгий устга эсвэл наад сайтаа хаа
Зочин · 2022/12/01
ёстой нэг ганц үнэнээ хэллээ дээ яагаад чаддаггүй юмбэ хулгайч нараа хурдан зарлаж наад байр дээрээс нь метро бариач