Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

  • Арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орно.
     
  • Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийн зээлийн санхүүжилтийг УИХ-аар батлуулахад бэлтгэнэ.
     
  • БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус орж ирнэ.
     
  • Тээврийн хэрэгслийн "Цахим гэрчилгээ" RFID төслийг 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлнэ. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулжээ.
     
  • Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхайлна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудлыг шийдсэн.
     
  • Нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар болов.

Ерөнхий сайд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг  бууруулах тухай хууль болон дагалдах хуулиудын төслийг арванхоёрдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулах, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн эсрэг авах арга хэмжээтэй холбоотой хууль, шийдвэрүүдийг дараалал харгалзахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцдэг байх чиглэл өгчээ.

Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов.