Маргаашаас эхлэн Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй гэдгийг Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-аас мэдээллээ. 

Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл саатал олон цагаар үргэлжлэхтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд тавих хяналт шалгалтыг маргаашаас эхлэн эрчимжүүлэх юм. Тодруулбал, ачаалал үүсэж байгаа цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж буй 100 гаруй алба хаагч дээр нэмж 400 гаруй алба хаагчийг хоёр ээлжээр 200 гаруй хяналтын цэгт ажиллуулахаар төлөвлөжээ.

Энхтайваны өргөн чөлөөнд Таван шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоол байдаг. Эдгээрээс хөдөлгөөн эхэлсэн болон орохоор яваа тээврийн хэрэгслүүдийг

  • Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй байх
  • Зорчсон тээврийн хэрэгсэлд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид хяналт тавих
  • Зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд ашиглах гар утаснаас торгууль илгээх боломжтой.

Эдгээр зөрчлийг “Е-Police” аппликэйшн, гудамж замд байршуулсан хяналтын камераар хянаж, хариуцлага оногдуулахаар тооцож байгаа юм.

Энэ оны эхний 11 сарын байдлаар чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр Замын хөдөлгөөний дүрмийн 11.10 дахь зааснаар уг эгнээгээр байрлан явсан нийт 382,374 тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-т зааснаар 20,000 төгрөгөөр торгох хариуцлага оногдуулсан хэдий ч тухайн эгнээгээр зорчих, бусдын хөдөлгөөнд саад учруулах, автобусны буудалд зогсох зөрчлүүд буурахгүй байна.

Нэгдүгээр эгнээгээр Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар бол нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчих ёстой.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр нийтийн тээрийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг нээж, иргэдийг автомашинаасаа татгалзах, зорьсон газартаа цаг хугацааны хувьд хурдан очих нөхцөл бүрдэж, түгжрэлд саатаж зогсоход алдаж байгаа цагаа хэмнэх зэрэг бусад эерэг байдал үүснэ. Иймд Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээгээр чиглэлийн тээврийн хэрэгсэл болох автобусны хөдөлгөөнд саад болж зорчихгүй байхыг анхаарууллаа.