Цаашид үймээн самуунд уриалсан үйлдэл гаргавал хуулийн дагуу арга хэмжээ авна гэж ЦЕГ-аас мэдэгдлээ
2022/12/05
ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал
Тэрбээр "Үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэд маань өнгөрсөн шөнө талбай дээр хонолоо. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчид ч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, ажиллаж хоносон. Өнгөрсөн шөнө үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдээс цагдаагийн алба хаагчидтай ямар нэгэн байдлаар маргалдаж, эсэргүүцээгүй. Өчигдрийн жагсаалын үеэр хууль бус үйлдэл гаргаагүй, нэгдмэл байдлаар өрнөсөн. Үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийг баривчилсан, саатуулсан үйлдэл гараагүй. Өнөөдөр ч иргэдийг барьж саатуулаагүй гэдгийг албан ёсоор хэлье.
Өнөөдөр үдээс хойш төрийн ордон руу дайрах, очлууртай гал гаргах, гацуур мод шатаах зэрэг үйлдэл гаргаж, бусдыг хууль бус үйл ажиллагаанд турхирсан" хэмээн хэлэв.
Мөн үргэлжлүүлэн "Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиараа төрийн ордон бол төрийн хамгаалалтад байх объект. Төрийн хамгаалалтад байгаа объект руу хууль бусаар нэвтрэх нь гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл. Ингэж болохгүй гэдгийг үзэл бодлоо илэрхийлж байгаа залуус ч дотроо нэг нэгэндээ хэлж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид үүнийг анхааруулж, сануулах арга хэмжээ авч байгаа болохоос биш таслан зогсоож, хүч хэрэглэж тараах үйл ажиллагааг явуулаагүй.
Цаашид олон нийтийг үймээн самуунд уриалсан үйлдэл гарвал хуульд заасан холбогдох арга хэмжээг авна. Тийм учраас хүмүүст анхааруулж хэлэх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настууд байгаа учраас аюулгүй байдлаа хангаж ажиллах нь зүйтэй.
Энэ хэргийг АТГ шалгаж байгаа. Тийм учраас АТГ болон холбогдох прокурорын байгууллагуудаас тодорхой төрлийн гэмт хэргүүдээр мэдээлэл өгөх байх" гэдгийг хэллээ.
Өнөөдөр үдээс хойш жагсаалд бага насны хүүхдийг татан оролцуулах, үймээн самуунд уриалах, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргаж байна. Жишээлбэл, гацуур мод шатаасан иргэнийг шалгахад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Дөрвөн иргэн дарагдаж хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэн" гэдгийг Р.Отгонжаргал мэдээллээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Хэрэгт холбогдсон хүмүүс өдөөн турхирах, төрийн тусгай хамгаалалт бүхий объект руу халдах, гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаах, бусдын зорчих эрхийг хязгаарлах, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл байдал жагсаалыг өөр тийш нь хүндрүүлэх хандлагатай байна.
Иймд хууль иргэн бүрд нэгэн адил үйлчлэхийг анхааруулж, хууль бус үйлдлийг таслан зогсоох болно. Бага насны хүүхэд болон залуучуудад анхаарал хандуулж, жагсаалд оролцуулахгүй байхыг сануулж байна.
Төрийн байгууллагаас тавьж буй хууль ёсны шаардлагыг биелээгүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авна" гэлээ.
Зочин · 2022/12/05
хуулиар дарамтална хулгайчдаа дарамтал цагдаа нар өөрсдөө ч гэсэн жагсаж нэгдэх хэрэгтэй та нарын ар гэр ч гэсэн