Зорилтдоо хүрээгүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлав, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн  шинжилгээнд 160 тэрбумыг зарцуулсан уу?

 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлэхэд 230 орчим тэрбум төгрөг зарцуулахаар Монгол Улсын Засгийн газар төлөвлөж байв. Тодруулбал, тус хөтөлбөрийн нээлтийн үеэр буюу 2017 оны тавдугаар сарын 05-нд тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг  “Элэгний хорт хавдрын эсрэг Засгийн газар олон арга хэмжээ авч байгаа ч иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар байна.

 

Энэ өвчний эсрэг тэмцэхэд манай улс 220 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна” хэмээн Д.Сүхбаатарын талбайн индэр дээр зогсоод ярьж байлаа. Тэгвэл үүнээс хойш тус хөтөлбөрт хэдий хэмжээний төсөв зарцуулж, ямар үр дүнд хүрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “2017-2020 онд хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг хариуцсан хүн нь ажлаасаа гарсан. Өөр мэдэх хүн байхгүй” гэсэн хариу өгөв.

 

Харин энэ хөтөлбөрийн эмийн эмчилгээ, хөнгөлөлтийг хариуцан ажилласан ЭМДЕГ-тай холбогдвол “Хөтөлбөр хэрэгжээд дууссан учир мэдээлэл өгөх боломжгүй. Өмнөх мэдээллүүд ЭМЯ-нд бий” гэсэн хариултыг  бидэнд өглөө. Хариуцан ажилласан төрийн хоёр байгууллага нь мэдээлэл өгөхөөс бултсан учир бид аудитын тайлан болон тус хөтөлбөрт хамрагдсан нийт иргэдийн тоог, зарцуулах дундаж төлбөртэй нь үржүүлэн тооцоолон төсөвтэй холбоотой гурван цуврал нийтлэлийг хүргэсэн билээ. Энэ удаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хугацаанд эмийн хөнгөлөлтөд зарцуулсан төсөвтэй холбоотой асуудлыг хөндөж байна.

 

ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛСАН ИРГЭДИЙН ТОО ОЛГОСОН САНХҮҮЖИЛТИЙН ДҮНТЭЙ НИЙЦСЭНГҮЙ

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2016-2021 онд жороор олгох эмийн хөнгөлөлтөд 226 тэрбум төгрөг олгосноос гепатитын B, C вирусын эсрэг эмд 36 тэрбум төгрөгийг олгосон байна. Үүнээс гадна гепатитын С вирусын эмийн эмчилгээнд 2016-2017 онд 9.6 тэрбум, 2018-2021 онд 21 тэрбум нийт 30 тэрбум төгрөг зарцуулжээ. Тодруулбал, гепатитын В, С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм.

 

Гепатитын С вирусын эмийн нэг сарын хэрэглээ 210 мянган төгрөг ба стандарт эмчилгээ нь гурван сарын хугацаатай гэж тооцвол 48725 хүнийг эмчилгээнд хамруулсан байх тооцоо гарч байна. Гэвч ЭМДЕГ-ын мэдээллээр 16922 хүнийг эмчилгээнд хамруулсан нь олгосон санхүүжилтийн дүнтэй нийцэхгүй байгаа юм.

 

Харин гепатитын B вирусыг дарангуйлах нуклаосидын аналог эмийн эмчилгээнд 2018-2021 онд нийт 5.8 тэрбум төгрөг зарцуулж, 12534 хүнд эм олгосон байна. B вирусын эмийн эмчилгээ нь урт хугацаанд тогтвортой хэрэглэж байх заалттай ба одоогоор 1013 хүн эмээр 24 болон түүнээс дээш сар хэрэглэж байгаа бол 2350 хүн 12-24 сар үлдсэн 9171 хүн нь 12 сараас доош хугацаанд хэрэглэж байна гэж төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланд дурджээ. Эргэн сануулахад, 2020 оноос элэгний С вирусын халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчлэх, уг вирусын эсрэг эмийн хайрцаг тутмаас 210 мянган төгрөг хөнгөлөх, элэгний В вирусын эмийн үнийн 60 хувийг хөнгөлөх зэрэг арга хэмжээг авч байсан юм. Тодруулбал, элэгний С вирусын эсрэг дан найрлагатай эм Майхеп 240 мянган төгрөг бөгөөд ЭМД-аас 150 мянгыг хөнгөлнө.

 

Элэгний С вирусын эсрэг нийлмэл найрлагатай Харвони, Ледвир, Ледифос, Вирпас зэрэг эмнээс 210 мянган төгрөг хөнгөлсөн юм. Харвони эмийн хайрцгийн үнэ нь 702 мянга, Ледвир-475 мянга, Ледифос-380 мянга, Вирпас-340 мянга байв.

 

Энэ талаар Эрүүл мэндийн яам “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд практикт шинээр нэвтэрсэн С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эмийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, В, С вирусын архаг халдвартай иргэдийг санхүүгийн хүндрэлгүй оношлуулах, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор вирус илрүүлэх, тоолох шинжилгээ, вирусын эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулснаар 30 мянга орчим иргэнийг гепатитын С вирусын эсрэг, 22 мянга гаруй иргэнийг гепатитын В вирусын эсрэг эмчилгээнд хамрууллаа” гэсэн мэдээлэл өгөв.

 

Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол  Улсад  В ба  С  гепатитын   вирусын  халдвартай  350 мянган  иргэн амьдардаг гэх тооцоолол  гарчээ. Манай улсын иргэдийн 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусын архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусын архаг халдвартай байгааг ДЭМБ тооцоолон гаргажээ.

 

Монгол Улсын Засгийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд гепатитын В,С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 15-аас дээш насны нэг сая 180 мянга 220 иргэний найм орчим хувиас гепатитын В вирус, есөн хувиас нь гепатитын С вирусын халдвар илэрсэн гэж ЭМЯ-наас мэдээлэв. В ба  С вирусын   халдвартай  иргэний тоо хоёр дахин нэмэгдсэн атал эмийн үнийн хөнгөлөлт зогсоод байгаа нь харамсалтай.

 

2030 ОНЫ ЗОРИЛТОД ХҮРЭХЭД ДОЛООН ЖИЛ ДУТУУ Ч БОДИТ БАЙДАЛ...

 

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Энэ хугацаанд 2017 онд 40-65 насны бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний  В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулна. Цаашид хамрах хүрээг өргөтгөн 15-65 насны нийт хүн амыг хамруулах зорилт тавьж байв. Мөн элэгний хавдрын эхний шат, элэгний хатууралтай, зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн элэг шилжүүлэн суулгах санхүүжилтийг төр хариуцна хэмээн мэдэгдэж байв. Гэтэл ЭМЯ хэдэн хүнийг хамруулсан гэсэн тоон мэдээллээс өөр баримт өгсөнгүй. Хэрэв энэ хөтөлбөр үр дүн сайтай үргэлжилсэн бол  хэдэн хүнийг шинжилгээнд хамруулсан, хэдэн хүнд элэг шилжүүлэн суулгасан хийгээд үүнд зарцуулсан төсвийг нээлттэй мэдээлэх ёстой. Гэтэл хөтөлбөрийг хариуцаж байсан хүн нь ажлаасаа гарсан гэсэн шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Мөн ирэх онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, 17 тэрбумыг төсөвлөжээ. Өмнөх хөтөлбөртөө аудитын дүгнэлтээр 80 гаруй тэрбум, бидний тооцооллоор 140 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч  хэрэгжилт нь зорилтот хүн амынхаа 50 хувьд ч хүрээгүй нь ил болсон байтал дахин үргэлжлүүлэхээр болж 20 орчим тэрбум төгрөг төсөвлөсөнд их “но” байгаа юм.

 

Хөтөлбөр хэрэгжих үед УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байсан учир төсвийг хамгийн сайн мэдэх хүний нэг. Түүний мэдээллээр бол дөрвөн жилд 160 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингээд харвал аудитын дүгнэлт, Ерөнхий сайдын мэдээлэл, Ж.Чинбүрэн гишүүний ярианд дурдагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн тоо эрс зөрүүтэй байгаа нь бас л ноцтой асуудал. Үүнээс гадна хөтөлбөрт хамруулсан иргэдийн тоо ч аудитын дүгнэлтээс зөрсөн талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хүргэсэн.

 

ДЭМБ-аас 2016 онд “Вируст  гепатитийн эрүүл мэндийн салбарын  дэлхийн стратеги” -ийг тодорхойлж,  улс  орон  бүр  гепатитын   вирусын   халдвартай  иргэнийхээ  90 хувийг шинжилгээнд хамруулан оношлох,  тэдний 80 хувийг эмчилснээр 2030 онд нийгмийн  эрүүл мэндийн   тулгамдсан асуудал  болсон гепатитын  вирусын  халдварыг хяналтанд авах,  халдварын  голомтыг  устгах,  гепатитын вирусын  халдвараас  нас барах шалтгааныг  65 хувь  бууруулах  зорилго дэвшүүлсэн юм.Гэтэл манай улс сүртэй нэртэй хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлж, төсвийн олон тэрбум төгрөгийг зарцуулсан атлаа хүн амынхаа 50 хувийг ч бүрэн дүүрэн шинжилгээнд хамруулж, эмчилж чадсангүй. Төсвийг өөр зорилгоор ашигласнаас хэрэгжилт хангалтгүй байгаа учир хийсэн ажлаа ЭМЯ, ЭМДЕГ тайлагнаж чадахгүй байна уу гэсэн хардлага төрж байна.

 

Үргэлжлэл бий.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин