Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ахын дүү нар аа бид нэг тал. 30 жилийн алдаа завхралыг засахын төлөө хичээцгээе
2022/12/07
Төв талбайд жагсагчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс уулзлаа.
Энэ үеэр жагсагчдын Төлөөлөл "Олон залуусыг уур бухимдлыг хүргэж байна. Ерөнхий сайд дөрөв дэх өдрөө гарч ирлээ. Монгол Улс хамгийн баян орон. Ерөнхий сайд та яагаад үнэтэй цаг зүүчхээд дэлхийн томчуудаас мөнгө гуйгаад яваад байгаа юм бэ? Баялагтаа эзэн болъё.
Дэлхийгээр явж үзлээ. Залуучууд эх орноосоо гарсан тохиолдолд сайхан амьдарч байна. Ажил хөдөлмөр хийх залуучууд Солонгосоор дүүрэн байгаа. Энд байгаа бүх залуус гадаад явахыг хүсэж байна. Монгол төрдөө, Ерөнхий сайд танд итгэхгүй байна.
Та энгийн хүн шүү дээ. Танд цохилох зүрх байна уу? Бүх эрх мэдэл, боломж танд бий. Та эхний өдрийн жагсаал дээр яагаад гарч ирээгүй юм бэ?" гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эхлээд миний яриаг сонсчих. Та бүхэндээ талархаж байна. Өнөөдөр шүүх дээр маш олон хэргүүд гацаж байгааг бид мэдэж байна. Оюутолгойтой холбоотой асуудлаар бид ахиц гаргаж чадсан. Одоо Тавантолгойн асуудлаар ахиц гаргаж чадна. Шийдвэрлэхийн төлөө бид хамтдаа байх учиртай. Зарим залуучууд миний хэлсэн үгийг сонсохгүй байх. Би ч гэсэн залуу хүн. Та бүхэнтэйгээ хамт тэмцэхийг хүсэж байна. 30 жилийн алдаа завхралыг засахын төлөө хичээцгээе.
Ахын дүү нар аа бид нэг тал. Харин өдөөн турхирах, эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн хүмүүс ч байгаа байх.
Шударга ёсны төлөө Засгийн газар тууштай ажиллах болно. Шүүхийн байгууллагыг шахаж, шаардаж ажиллах болно. Энэ бол эрх зүйт, ардчилсан төр. Өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд олон үр дүн гарсан. Асуудлыг тогтолцооны хувьд шийдвэрлэх ёстой юм аа" хэмээлээ.
Түүнчлэн бас нэгэн жагсагчдын төлөөлөл "Миний хувьд дөрөв дэх өдрөө жагсаж байна. Өнөөдөр бол маш сайхан жүжиг үзлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн жүжиглэж чадлаа. Сая гарч ирээд ярьсан үгээс юу ч сонссонгүй. Үнэн, баримттай зүйл нэг ч алга. Бөөрөнхий зүйл ярьсаар байгаад л таарлаа.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль нь ч ажлаа хийж чадахгүй байна. Чаддагт нь ажлаа өг. Хариуцлагаа хүлээ. Энэ хүмүүсийг төр барьж байх хугацаанд дэлхийд байхгүй нүүрсний хулгайн хэрэг гарлаа. Хулгайч нарынхаа нэрийг ил болго. Хураасан эд хөрөнгөө иргэдэд тараа гэж хүсэж байна" гэсэн юм.
Зочин · 2022/12/08
АЙЛ өрхийн өдөр шөнийн цахилгааны тарифыг нэмжээ. ЧИМЭЭГҮЙ. Өдрийн 116,39 байсан КВТ ын үнийг 140,18 болгосон байна. Шөний тарифыг 89,19 байсанг 112.97 болгожээ. Эрчим хүчний сайд Чойжилсүрэн иргэдийн цахилгааны хэрэглээний үнийг нэмээгүй гэсэн чинь нэмсэн байна. ТА нар нуулгүй хэлээд нэмж болоогүй юм уу?
шаабар · 2022/12/07
Өнгөрсөн гурван жилд иймэрхүү мэдээлэл олон ч удаа өгсөн дөө. Харамсалтай нь хэрэгжиж биелсэн нь дэндүү хомс. Бараг үгүйтэй адил. Ядаж гадаад дотоодод ил тод болсон Сү Батболдоос эхлээд арга хэмжээ аваад эхэлсэн бол арай өөр харагдах байлаа. Юу хийж чаддагаа харуул л даа. Чадахгүй бол сайн дураараа огцор. Чамд л өлзийтэй. Дараа нь хэлэх үгтэй. Яг хийгээд эхэлж байтал огцруулсан гэж болох.