"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан "А"-г нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ
2022/12/20
Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгон 360,000 ам.долларыг хахуульд авсан” гэх хэргийг АТГ шалгаж байсан юм.
Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.