ЦЕГ: Нүцгэн суулт зарласан 30 иргэний биед шинжээч эмч нар үзлэг хийж, тусламж үзүүлж байна
2022/12/21
Нүцгэн суулт зарлаад байсан иргэдийн биед Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар үзлэг хийж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Эрүүл мэндийн байгууллагаас Төрийн ордны баруун хаалганы гадна жагсагчид нүцгэн суулт зарлаж, осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэл гарсантай холбогдуулан хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллагаас дээрх иргэдийг эрүүл мэндийн байгууллагын автомашинд суулгасан.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас дээрх 30 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран иргэдийн биед үзлэг хийж байна" гэв.
Мөн тэрбээр "НЭМГ-аас үзлэгийн баг гаргаж байгаа тул байр гаргаж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу тухайн иргэдийг Дэнжийн 1000-д байрлах түр саатуулах байранд үзлэг хийж байгаа" гэдгийг нэмж хэллээ.