УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Отгоноос үндэсний гадаад паспортод орох өөрчлөлтийн талаар тодрууллаа.

- Ирэх оноос иргэдийн гадаад паспортыг цахим болгоно гэж байгаа. Бүх иргэн одоо хэрэглэдэг улаан хавтастай паспортоо шинээр цахим болгоно гэсэн үг үү?

- Иргэн одоо хэрэглэж байгаа хүчин төгөлдөр гадаад паспортыг хэрэглэж болно.

- Цахим паспорт захиалах үнэ хэд вэ? Одоогийнхоос үнэ нэмэгдэх үү, хасагдах уу?

- Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 230 дугаар “Улсын бүртгэлийн хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд заасны дагуу мөрдөж байна.

зураг

 

- Саяхан гадаад паспортоо 10 жилийн хугацаатай авсан хүн ирэх оноос цахим паспортыг олгож эхлэхэд дахин авах шаардлага үүсэх үү?

- Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй.

- Гадаад паспортын захиалгын ачаалал одоо ямар байна вэ? Сая хэсэг хугацаанд ачаалал өндөр, хугацаандаа паспортоо авч чадахгүй байна гэсэн асуудал их гарсан?

- Гадаад паспортын бүртгэлийн ачаалал хэвийн байна. Иргэн өөрт ойр байрлах 21 аймаг, 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төвөөр дамжуулан харьяалал харгалзахгүйгээр гадаад паспортыг захиалах боломжтой.

- Гадаад паспорт захиалахдаа иргэдийн зүгээс анхаарах ямар асуудал байна вэ? Мөн улсын бүртгэлийн бүх нэгжид хандан гадаад паспортоо захиалж болох уу?

Иргэн гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэхдээ хаясан, гээсэн, гэмтээсэн гэх мэт шалтгаанаар дахин авч байгаа бол мэдээллээ үнэн зөв мэдүүлэх, өөрийн зургаа цахимаар илгээж байгаа тохиолдолд олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу оруулсан байх шаардлагатай.