УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаатай ярилцлаа.


-Та 2015 онд Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан туршлагатай. Тиймээс өнөөдөр олон нийтийн анхааралд байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн алдаа, онооны талаар тантай ярилцах гэсэн юм?

-Сонгуулийн систем ямар байх, пропорциональ, мажоритар хэлбэрийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг олон хүн ярьж байгаа учраас би энэ талаар яримааргүй байна. Гол нь аль ч системийг сонгосноос үл хамаарч сонгууль шударга явдаг байх нь чухал. Сонгуулийн ажиглагчийн эрх, үүрэг хуульд байдаггүй байсныг өмнө нь хуульд нарийвчилж оруулж байсан. Хөндлөнгийн ажиглагч, төрийн бус байгууллагуудын ажиглагч зэргийг нэлээд сайн оруулж өгсөн. Мөн санал тоолох, санал авах төхөөрөмжийн хяналтын чиглэлд мөн ихээхэн нарийвчилсан заалтууд орж байсан. Одоо бол хяналтын тооллогыг 100 хувь болгоё гэж хуульд орж байгаа юм байна. Үүнийг би дэмжиж байна.

Сонгуулийг будилаантуулах зөрчил үүсгэж байгаа нэг асуудал байна. Тэр нь иргэний бүртгэл, нэрийн жагсаалт. Саяхан хүүхдийн мөнгө өгнө, өгөхгүй хэмээх асуудал гарлаа. “Манай хаяг дээр танихгүй хүн бүртгэлтэй байж. Тийм учраас орлого өндөр гээд хүүхдийн мөнгөнөөс хасчихсан байна” гэх асуудал их гарлаа шүү дээ. Энэ үеэр би өөрийн хаяг дээрх бүртгэлээ шалгаж үзлээ. Гэтэл манай хаяг дээр гурван хүүхэдтэй хоёр хүнийг биччихсэн байгаа юм. Тэгэхээр нь “Манай хаяг дээр огт танихгүй хүмүүс бүртгэлтэй байна, хасаад өг” хэмээн хандахаар “Энэ хаяг дээр өмнө нь бүртгэлтэй байсан хүмүүс байна” гэсэн.

Тэр байрыг анх ашиглалтад ороход аваад өдийг хүртэл амьдарч байгаа. Манайхаас өөр айл бүртгэлтэй байх учиргүй гэдгийг хэлсэн. Гайхаад ойр дотны хүмүүсийнхээ хаягийн бүртгэлийг шалгууллаа. Насанд хүрсэн хоёроос гурван хүн бичигдсэн байна лээ. Ийм байхад нэрийн жагсаалт, иргэний бүртгэлийг яг үнэн зөв гаргаж байна уу гэдэгт итгэл муу байна. Сонгуулийн хуулиар иргэний бүртгэлийн байгууллага үүнийг хариуцаж сонгогчийг бүртгэдэг.

Сүүлийн хоёр сонгуулийн үеэр сонгуульд орж байгаа хүмүүсийн тоо, ирц гэнэт өссөн. Үнэхээр жинхэнээсээ өсч байгаа бол сайн. Гэтэл сонгогчдын тоо хиймлээр нэмэгдээд нэг хүн олон удаа саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогдож болохоор байна. Бусад улс оронд нүүр царайгаар таньж болж байна. Тиймээс АН-ын зүгээс техник технологи хөгжчихсөн орчин үед яг санал авах өдөр сонгогчдын жагсаалтыг онлайн болгох нь зүйтэй гэсэн санал гаргасан. Учир нь тухайн иргэн хоёр дахь удаагаа санал өгөхөөр завдвал тэр нь илрэх боломжтой. Тиймээс АН-аас энэ саналд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Сонгуулийн өмнө, сонгуулийн үеэр, сонгуулийн дараа хар машины хяналтын тооллого хийдэг шиг нэрийн жагсаалтыг тулгах зохицуулалт хуульд орсон.

Сонгуулиудаар сонгогчдынх нь жагсаалтыг тухайн хэсэгт бичээд өгдөг. Түүнийг нь хянаж байгаа хяналт байхгүй. Сонгуулийн ерөнхий хороо ч өөрөө хянаж чаддаггүй. Нэг хүн хэдэн удаа санал өгч байна гэдэг нь мэдэгддэггүй. Сүүлдээ хурууны хээ дээр бэхэн тэмдэглэгээ хийхээ ч больчихлоо шүү дээ. Тэгэхээр нэг хүн давхар санал өгөх боломж байна гэдэг нь дээрх жишээнээс харагдаж байна.

АН-аас өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд тухайн иргэн саналаа олон өгөх гэж оролдвол завдах гэдгээр Эрүүгийн хэрэг үүсгэгдэнэ гэдэг заалт орсон байгаа. Мөн үүнийг санаатайгаар зохион байгуулсан төрийн албан хаагч (иргэний бүртгэлийн газар ч юм уу, сонгуулийн хороо хэсэгт ажиллаж байгаа хүмүүс, нэрийн жагсаалтыг өгөхөд оролцдог бусад байгууллага албан тушаалтнууд) эрүүгийн нэлээд ноцтой хэрэгт орох, төрийн албанаас халагдах, бүр хорих ялтай байхаар АН-ын өргөн барьсан хуулийн төсөлд орсон. Хамгийн чухал нь сонгогчдын өгч байгаа санал бодит, үнэн зөв, шударга байх нь чухал байна. Үүнийг бүрдүүлэх нь төрийн аль ч байгууллагын хүмүүсийн үүрэг. Үүнийг тодорхой болгох нь чухал байна. Түүнээс хэн нэгэн ялахын төлөөх эсвэл, аль систем нь аль намд илүү ээлтэй байх вэ гэдэг асуудлыг яримааргүй байна. Үүнийг намууд дотроо ярина биз. Хамгийн гол нь сонгууль шударга явах.

-Тэгвэл сонгуулийн зардлыг бууруулах заалтыг та хэрхэн дүгнэж байна. Бодитоор хэрэгжих бололцоотой заалт уу?

-Сонгуулийн зардлыг буруулмаар байгаа юм. Нэр дэвшигчдийн 40 хувь эмэгтэйчүүд байна, нэр солбиод орж ирнэ л гэнэ. Гэхдээ 152 гишүүний тал нь эмэгтэй улстөрчид байна гэхээр эрчүүдтэй өрсөлдөх хэмжээний мөнгийг гаргах чадалтай эмэгтэйчүүд байх уу гэдэг асуудал гарч ирнэ. Ер нь эрэгтэй, эмэгтэй аль нь ч бай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл, залуучууд ч бай иргэдийг төлөөлж ажиллая гэж байгаа хүмүүсийн хамгийн том саад нь мөнгө байдаг.

Мөнгөтэй уралдах хэцүү. Иргэдийг төлөөлж чадах мэдлэг, боловсролтой хүмүүс мөнгөний хүчин зүйлээс болж орж чадахгүй байна. Бусад улс оронд сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчийн материалуудыг төрөөс нэг стандартаар хэвлээд сонгуулийн хэсгийн хорооныхон нь тараадаг.

Өнөөдөр манай сонгогчид сонгуулийн тэр олон материалаас залхчихсан байдаг шүү дээ. Гэрийнх нь үүдэнд баахан материал хавчуулчихдаг. Тэрийг нь уншдаг хүмүүс бий. Гэхдээ ихэнх нь уншдаггүй. Тиймээс харьцуулж харахад ойлгомжтой мөрийн хөтөлбөр байх ёстой. Жишээ нь, тэтгэвэр нэмэхээр байна уу үгүй юу, хамтын тэтгэврийн тогтолцоотой болохоор байна уу, үгүй юу гэдэг юм уу заалт нь нэг стандартаар тодорхой хэвлэчихсэн, нөгөө намын мөрийн хөтөлбөртэй харьцуулаад тавьчихсан байвал сонгогч унших, харьцуулж харахад амар.

Нөгөөтэйгүүр нэгэнт төрийн сонгууль учраас ийм материалыг төсвөөс хэвлээд сонгогчдодоо хүргэдэг. Хүргэх ажлыг нь хэсэг хороонд ажилладаг хүмүүс тараачихвал их том хэмнэлт болно.

Үүнээс гадна сонгуулийн үеэр нүд эрээлжилтэл самбар тавьдаг. Сүүлдээ байшин барилга дээр байршуулахгүй нийтийн зам дээр тавьдаг болъё гэсэн. Бусад орны сайн туршлагыг харахад самбар байршуулах газрыг тухайн орон нутгийн захиргаа нь гаргаад өгчихдөг. Улсын төсвөөс хэмжээ дамжааг нь яг адилхан хэвлээд тавьдаг юм байна. Нэр дэвшигчид өөрийн зургаа л өгнө. Тэрийг нь адилхан стандартаар хэвлэж гаргаад тавьж байгаа нь тэгш өрсөлдөх боломжийг олгож байна. Мөнгөний бололцоотой нь гайгүй өнгө, загвартай зурагт хуудас гаргадаг биш бүгд жигд адилхан байх боломжийг өгч байгаа юм. Сонгогчид тэр дундаас харьцуулж харах боломжтой байх нь сонгуульд тэгш өрсөлдөх боломжийг олгодог. Дээр нь маш их мөнгийг хэмнэнэ. Ийм маягаар сонгуулийн зардлыг хэмнэвэл мэдлэг, чадвартай ч мөнгөний хүчин зүйлээс болоод сонгуульд оролцож чадахгүй байгаа хүмүүс нэр дэвших боломжтой болно.

-Улс төрд эмэгтэйчүүдийн оролцох зам мөр бүдэг байх үед та улс төрд байсан хүн. Сонгуулийн энэхүү хуулиар жендерийн оролцоог тэгшитгэх, тэр дундаа эмэгтэй нэр дэвшигчдийн хувийг нэмэгдүүлэх заалт орж байгаа. Уг заалтад ямар дүгнэлттэй байна вэ?

-Олон улсад квотыг сайн жишиг хэмээн хэрэглэж байна. Нөгөө талаас улс төрийн намууд нэр дэвшүүлэхийн тулд нэр дэвшигчээс өндөр хэмжээний мөнгө авах, сонгуулийн зардлыг өндөр баривал хичнээн квот тогтоосон ч хэрэгжихэд хэцүү. Намын удирдлагууд ч юм уу, фракц бүлгээс “Би мөнгийг чинь гаргая. Миний өмнөөс кноп дараад, эрх ашгийг маань хамгаалаарай” гээд зарим хүмүүсийг гаргана.

Тиймээс ард түмний тал хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд мэдлэг боловсролоо зориулж ажиллах, ямар нэгэн бүлэг фракцын эрх ашигт үгүй гэж хэлж чаддаг зоригтой, бие даасан үзэл бодолтой байхын тулд мөнгөний хамаарлаас тусдаа байх ёстой. Энэ үүднээс квотыг дэмжиж байна. Мөн дээр нь мөнгөний санхүүжилт, сонгуулийн зардлыг бууруулах учиртай. Сонгуулийн зардал буурч байж олон нийтийн хүсээд байгаа элдэв авлигад өртөөгүй, шинэ хүмүүс гарч ирэх зам нээгдэнэ.

-Улс төрийн намын хууль мөн хэлэлцэгдэж байна. Та энэ хуульд ямар дүгнэлттэй байна вэ?

-Хуулийн төсөлд улс төрийн нам сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, судалгаа, сургалт зэрэг олон ажил хийх нь зүйтэй гэж үзээд түүнд чиглэсэн санхүүжилтийг улсын төсвөөс өгөхөөр болсон байна. Үүнийг би дэмжиж байна. Гэхдээ үүнийг намаар дамжуулж өгөх нь учир дутагдалтай. Тухайн намын удирдлагад байгаа хүмүүсээс шалтгаалаад санхүүжилтийг өгнө, өгөхгүй гэх асуудал үүснэ. Намын даргад таалагдах хүн Бодлогын хүрээлэнгийн захирлаар томилогдоно гэвэл яах вэ. Тухайн намаас хэт хамааралтай томилгоо, санхүүжилттэй байвал бодлогын судалгааг хараат бусаар, шүүмжлэлтэйгээр хийдэг, сургалтуудаа ч явуулдаг, хэлэлцүүлэг хийдэг чадавх нь сулардаг. Намын даргад таалагдахгүй бол санхүүжилтээ авч чадахгүй ч гэдэг юм уу, ийм байдал руу орохыг үгүйсгэхгүй.

Германы загварыг авах нь зүйтэй байгаа юм. Германчууд фашизм дахин гаргахгүй байхын тулд олон ургальч үзлийг "амьд" байлгах, тал талаас нь хэлэлцэж зөв шийдвэр гаргах үүднээс дайны дараа улс төрийн намууд нь өөрсдөө зөвшилд хүрээд улс төрийн сан гэдгийг байгуулсан. Үүнийгээ улс төрийн хүрээлэн ч гэж хэлдэг. Конрад-Аденауэр сан, Фридрих-Эбертийн сан зэрэг сангууд энд хамаарна. Эдгээр сан нь улстөрийн боловсрол олгоход чиглэдэг. Тэдгээр сангууд мөрийн хөтөлбөрийн хүрээнд аливаа асуудал дээр судалгаа хийж намын гишүүддээ ч, иргэддээ ч өгдөг. Хэлэлцүүлэг хийдэг. Мөн Архив, гадаад харилцаа, улстөрчдөө бэлтгэдэг. Тодорхой ажлууд дээр нь улсын төсвөөс мөнгө өгдөг. Нөгөө талд намаас томилгоо болон санхүүжилт нь намаас хамааралгүй байхаар зохицуулсан байдаг юм байна. Хэн нэгэн намын даргад таалагдах таалагдахгүйгээс эс хамааран улс төрийн бодлогын хүрээлэн нь ажиллаж байдаг. Түүнд нь улсын төсвөөс санхүүжилт өгдөг. Тэдгээр сангууд нь санхүүжилтээ тайлагнадаг. Хяналт шалгалтаар санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан нь нотлогдсон бол дахин санхүүжилт өгөхгүй, торгох зэрэг арга хэмжээг авдаг.

-Томилогдох, санхүүжилт нь тусдаа бол намтайгаа яаж холбогдох вэ?

-Тухайн судалгаа, бодлогын хүрээлэнгээс боловсруулсан бодлого, мөрийн хөтөлбөрөөр улс төрийн нам сонгуульд оролцдог. Сонгогчид түүнийг нь дэмжиж саналаа өгсөн бол тухайн хүрээлэнгийн ажлыг мөн дэмжиж байна гэсэн үг. Тэдний бэлдсэн улстөрчид нь нэр дэвшээд сонгуульд ялалт байгуулах нь ажлынх нь үр дүн болдог. Тиймээс намын суудлын хувиар тооцож Бундестагаас тухайн бодлогын хүрээлэнд төсвөөс шууд санхүүжилтийг олгодог. Ийм маягаар намтайгаа хамтарч ажилладаг. Гэхдээ үйл ажиллагаа, томилгоо, санхүүжилт нь тусдаа байдаг. Ийм зүйл манайд байвал зүгээр байгаа юм. Манай улс төрийн намууд бодлогын болно гэж олон жил ярилаа. Намууд өөрсдийгөө бодлогын нам боллоо гэж зарладаг. Орон тооны бус бүтэц байгуулдаг. Тэр нь огт ажилладаггүй. Учир нь захирал нь тогтворгүй. Намын дарга ирээд сольчихдог. Бодлого судалгааны байгууллага нь тогтвортой байж чадахгүй байна. Үүнийг бий болгохын тулд бусад улсын сайн жишээг авах хэрэгтэй.

Саяхан телевиз үзээд сууж байхад нэг сэтгүүлч УИХ-ын гишүүдээс “Та мөрийн хөтөлбөрөө санаж байна уу” гэж асуухад ихэнх нь хариулахгүй зугтаж харагдсан. Зарим нь “Юу яриад байгаа юм бэ, гурван жилийн өмнөх асуудал” гээд гайхаж байна лээ. Уг нь мөрийн хөтөлбөр нь ширээн дээр нь үргэлж байдаг. Ямар ч асуудал хэлэлцсэн тэр хүрээнд ажиллана, амласнаа биелүүлнэ гэх ёстой. Гэтэл гурван жилийн өмнөх үү гээд өөдөөс нь гайхаж асууж байгаа юм. Тиймээс мөрийн хөтөлбөрийг нь байнга сануулж байх бүтэц байх ёстой.

-Тэр бүтэц нь намын гишүүддээ шахалт үзүүлж мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт шаардах нь, тийм үү?

-Яг зөв. Улс төрийн бодлого судалгааны хүрээлэн нь намаасаа, улстөрчдөөсөө том байх хэрэгтэй. Учир нь тэр байгууллагын боловсруулсан мөрийн хөтөлбөрийг ард түмэн дэмжсэн бол та нар энэ хүрээнд ажиллах ёстой хэмээн сонгогдсон гишүүдээ шахдаг, шаарддаг, сануулдаг, тэрэнд нь бэлдэж ажилладаг амьд холбоотой байх ёстой. Хэрвээ гишүүд ард түмэнд амласан мөрийн хөтөлбөр, тангараг өргөсөн Үндсэн хуулийнхаа дагуу ажиллана гэсэн амлалтаасаа хазайвал тухайн намаас дахиж нэр дэвших эрхгүй болгодог. Үүний үнэлгээг хийж байдаг байгууллага нь бодлого судалгааны хүрээлэн байх ёстой. Энэ хуулийн төсөлд үүнийг “намын дэргэд” хэмээн оруулсан байна. Нам нэг данстай. Тэр дансаар мөнгө өгнө. Түүнийхээ тодорхой хувийг нь харьяа байгууллагадаа өгөөрэй гэсэн байна. Энэ нь учир дутагдалтай байна. Татвар төлөгчдийн мөнгийг намаар дамжуулж өгөх нь буруу. Энэ байгууллага аль болох намаас хамааралгүй байж тэрхүү намаа хянадаг, шахаж шаарддаг, ард түмэнд амласан амлалтын хүрээнд ажиллах нөхцөл бололцоогоор хангадаг, дэмждэг механизм байх хэрэгтэй. Ер нь хүний сайнд найдах бус механизмын сайнд найдах хэрэгтэй гэдэг шүү дээ. Зөв механизмыг авах хэрэгтэй.

Ер нь МАН социал демократ чиглэл, АН либерал гэхээсээ илүү оршин байгаа газар нутаг, хүн ардын онцлог, үндэснийхээ хэв шинжийг харсан чиглэлд шинэчлэгдээсэй гэж бодож байна. Сонгуулийг шударга болгох чиглэлд илүү нарийвчилсан процедурын зүйл заалт хэрэгтэй байна гэж харж байна.

-Та бол сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд их санаачилгатай ажилладаг хүн. Сонгогчдын өнөөдрийн боловсрол 10 жилийн өмнөхөөс хэр дээшилсэн гэж та харж байна?

-Хүн мэдээлэлтэй байж сонголт хийдэг. Тиймээс нэгдүгээрт, мэдээллээр хангах хэрэгтэй. Хоёрдугаарт, сонгогчид өөрсдөө ойлгохуйц хялбарчилсан мэдээлэл байх хэрэгтэй. Үүнийг ингэж харьцуулж, төр засгийн гаргаж байгаа шийдвэрт ингэж үнэлгээ өгдөг гэсэн тогтмол сургалт хэлэлцүүлэг хийдэг л дээ. Үүнийг хариуцсан төрийн байгууллага байхгүй явж ирлээ. Үүнийг ерөөсөө л хаячихсан. Намууд сонгуулийн үеэр шоудаж баахан бичиг баримтууд гаргачихаад дараа нь гурван жилийн өмнөх мөрийн хөтөлбөр үү гээд гайхаад байж байх жишээний байна. Би "Сонгогчдын боловсролын төв” гэдэг төрийн бус байгууллагаар сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд зүтгэсэн. Санхүүжилт төрөөс авч үзсэнгүй. Үүнийг хэн нэгэн сайн дураараа хийнэ гэхээр хөрөнгө хүч байхгүй нөхцөлд яаж хийх вэ. Сайн дурынхны хүчээр оролдоод мэдээлэл өгөөд, гарын авлага, тэр байтугай сурагчид ангийн даргаа сонгох сонгуулийн загвар зэрэг олон зүйлийг хийж нэвтрүүлэх гэж оролдсон. Төр мэргэшсэн төрийн бус байгууллагууд, мэргэшсэн холбогдох институцүүдтэй гэрээлээд хийлгэж болно шүү дээ.

Өнөөдөр Улс төрийн намын тухай хуульд “намын дэргэдэх байгууллага хийнэ” гэсэн заалт орж байгаад талархаж байгаа ч энэ нь хэрэгжихэд хэцүү юм байна лээ. Хэрэгжүүлэхийн тулд тусдаа бие даасан субъект байж хэрэгжинэ. Ингэвэл улс төрийн боловсрол, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажил зөвхөн сонгуулийн үеэр биш үргэлжид хэрэгжинэ. Авлигыг бууруулах чиглэлд манай нам ийм юм хийж байна гэхээр сөрөг хүчний зүгээс шуугиулаад өнгөрөх нь үү. Эсвэл бодитоор бууруулах ажил хийж байна уу гэдэг үндэслэл, нотолгоотой дүгнэлтүүд гаргадаг байх. Ийм "амьд" хэлэлцүүлгийг хийдэг байх хэрэгтэй байгаа юм. Үүн дээр мэргэжлийн судлаачдыг ажиллуулдаг улстөрчид нь нухацтай ажилладаг мехнизм, бүтцийг хийх нь зүйтэй. Германы Конрад-Аденауэр, Фридрих-Эбертийн сангуудын УЗ-ын тал нь өмнө нь гишүүн байсан улстөрчид, тал нь мэргэжлийн судлаачид байдаг. Тэд хамтарч ажилладаг учраас үр дүн гардаг. Дахин хэлэхэд ерөөсөө хүний сайнд найдах биш, хэн нэгэн мундаг улстөрч орж ирээд улс орон сайхан болно гэж хүлээх биш, тогтолцоо эрүүл байх нь л чухал.

-Та “Халх гол” төслийг ажил хэрэг болгох гээд чадаагүй. Одоо тэрхүү төсөл юу болж байгаа вэ?

-Халх голын бүс нутагт ЗХУ-ын болон манай мэргэжилтнүүд хамтарч судалгаа хийсэн байдаг. Ингээд тэрхүү газрыг хөдөө аж ахуйг хөгжүүлэх бус нутаг гэж тодорхойлж байсан юм билээ. Хөрс нь ихээхэн эмзэг учраас технологийг сайн мөрдөж ажиллах ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Тэнд махны чиглэлийн үхэр үржүүлж эхэлсэн. Мөн сангийн аж ахуй байгуулж аймгуудаас залуус суурьшиж ажиллаж байсан түүхтэй газар. Гэтэл Уул уурхайн яамнаас ихээхэн талбайг газрын тосны газарт өгчихсөн. Үлдсэн 800 мянган га газрыг бүгдийг нь мөн газрын тосны газарт өгөх гээд Уул уурхайн сайд тушаал гаргасан. Ингээд би хөдөө аж ахуйн салбарт авч үлдэхээр нэлээд ажилласан. Давхар дээлтэйгийнхээ хэргийг ашигласан л даа. (инээв.) Хөдөө аж ахуйн бодлогыг УИХ-аар батлуулахдаа Халх голын бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг оруулсан. Тэгэхдээ тухайн үед хуульд "чөлөөт бүс" гэдгээс өөр заалт байгаагүй. Газрын тухай хуульд дараа нь “бүтээн байгуулалтын бүс” байж болно гэсэн заалт орсон. Тиймээс дараа нь “бүтээн байгуулалтын бүс” болгож өөрчилсөн. Ингэснээр тухайн газрыг газрын тосонд өгөлгүй авч үлдсэн. "Петрочайна Дачин Тамсаг" авахаар байдалтай байсан.

Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нөхөн сэргээлт хийхгүй, олсон орлогоосоо Монголд өгөх ёстой хувиа өгөхгүй, ажлын байр ч нэмээгүй хэрнээ байгаль орчныг хэрхэн доройтуулж байгааг та бүхэн харж байгаа шүү дээ. Ямартай ч миний УИХ-аар гаргуулсан тэрхүү шийдвэрийг буцаагаагүй байна. Тиймээс 500 мянган га газар улсын тусгай хамгаалалтад хэвээр үлдэж байгаад баяртай байна. Тухайн үед сумын удирдлагууд тэрхүү газрыг гадаадынханд олгочихсон их замбараагүй байдалтай байсныг нэлээд цэгцэлсэн. Тиймээс сумын удирдлагууд болон тухайн үед хэн нэгнийг шүүмжилж олонд танигдаж сонгуульд орох гэсэн улстөрчид миний үйл хэргийг нэлээд гуйвуулж ашигласан л даа. Аливаа юм цаг хугацааны аясаар ялгарч харагдана. Тухайн үед намайг гадныханд зарсан мэтээр цуурхал тараасан. Хэрвээ тийм бол би өнөөдөр шалгагдаад янз бүрийн шийтгэл хүлээнэ. Тухайн үед хүмүүс миний эсрэг АТГ-т гомдол гаргасан. Өнөөдөр үнэн нь харагдаж байгаа байлгүй дээ. Тэрхүү газарт хөдөө аж ахуйн жишиг бүтээн байгуулалт өрнөнө хэмээн хариуцсан салбартаа авч үлдэхээр ихээхэн чармайсан минь тэр.

-Уг нь таны зорьж байснаар эрүүл бүсийг байгуулчихсан байсан бол махны үнэ, экспортын асуудал нэг шат ахичихсан байх болов уу?

-Тэнд бүтээн байгуулалтын ямар үйл ажиллагаа явуулж болох вэ гэдэг чиглэлд судалгаа хийлгэсэн байсан. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр явуулахад ашигтай байсан. Хөрс нь эмзэг учраас хөрсөнд тохирсон технологиор газар тариалан хөгжүүлэх, бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуй эрхлэх бололцоотой байсан. Тэнд эрүүл бүс бий болгож, мах махан бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох ч боломж байсан. Цаг хугацаа их алдаж байна. Намайг анх ажлаа авахад Ерөнхий сайд мах экспортлох ажлыг л хийгээрэй гэсэн даалгавар өгсөн. Тухайн үед цөөн компани Орос руу мах экспортолдог байлаа. Вьетнам, Хятад, Орос руу мах экспортлох боломжийг үндэсний компаниуддаа нээж өгсөн. Монгол Улсаа бүсчилж баруун аймгийг эрүүл бүс хэмээн Дэлхийн мал амьтны байгууллагаар тогтоолгосон. Баруун бүсээс мах экспортлох зөвшөөрлийг авч байсан. Тэгэхэд хонь, ямаа, үхрийн махыг анх удаа Хятад руу гаргах эрхтэй болж байсан. Харамсалтай нь намайг ажил өгснөөс жилийн дараа шүлхийг Улаанбаатар хүртэл алдсан. Бид хоёрдугаар ээлжинд төвийн нутгаас эрүүл бүсийг тогтоолгоно гэж зорьж байсан. Шүлхий гардаг хэсгээ вакцинжуулсан. Шат дамжлагатайгаар малаа эрүүлжүүлэх нарийн бодлого, гарал үүслийн бичиг баримтаа хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн цогц хуулийг УИХ-аар оруулж батлуулах ажлыг хийсэн. Бид хил орчимд малын эрүүл бүсийг бий болгож, тэндээс экспортын үйл ажиллагааг дэмжих нь чухал гэдэг нь харагддаг.