Монголд хурал семинараас их юм алга. Хот, хөдөөгүй өдөржин цуглаж хуралдаж өнжинө. Замд тааралдсан төрийн байгууллагынхаа хаалгыг  татахад л “Дарга нар хуралтай” гэсэн үг ёс юм шиг сонсоно. Бас хөдөөнөөс баахан хүмүүсийг албадаж авчраад Улаанбаатарт хэд хоногоор “уячихна”. Ард нь ажил үйлчилгээ авахаар хүлээсэн хүмүүс цөхрөнгөө бардаг. Энэ бол их олон жил үргэлжилж буй төрийн ажлын дүр зураг,  “амьдрал”-ын хэмнэл. Үнэндээ хуралдаж зөвлөлдлөө гээд улс орон хөгждөг байсан бол өдийд манайх огт өөр байх байлаа. Шилээ харж суугаад хэчнээн ч ярьсан шийдэл тун ховор гардаг бололтой. Харин баахан амлалт, зөвлөмж, цаас, мандат “үйлдвэрлэдэг” нь туйлын үнэн билээ.

Ер нь хэрэгжүүлж чаддаг л юм бол Монголд хууль дүрэм багадаагүй. Лавтай хагас сая хууль байгаа. Гэтэл өнөөдөр яг таг хэрэгжиж байгаа нь хэд билээ. Ямар ч хууль түүнийг хэрэгжүүлэгч засаглалгүйгээр оршин тогтнохгүй. Баталсан хуулиа хэрэгжүүлж байж л түүнд тусгасан үзэл санаа, шинэчлэл амилна. Гэтэл манай төрд хууль хэрэгжүүлэхээс илүү хүлээж авах нь чухал боллоо. Хэр хөрсөн дээрээ бууж байна вэ гэдгийг хянадаг, нэхдэг, шаарддаг тогтолцоо алга. Процессыг товчхон харвал, хуулиа шинэчлэх гэж ажлын хэсэг байгуулна. Байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлэх гэж ордны булан тохой бүрийг өдөржин сахина. Ингэж олон сар жилээр парламентын үүд сахисан хуулиа батлуулаад санаа нь амарчихдаг. Түүнийг олон нийтэд сурталчлах, хөрсөн дээр нь буулгаж хэрэгжүүлэх ажил орхигдсон. Нөхцөл байдал ийм л байна.

Лав 2017 онд Архангай аймгийн Цагдаагийн газар албаны шинэ хуулиа хүлээн авч тангараг өргөж, сүртэй аргагүй  жагсч цуглаж байв. Үүний дараа 2018 онд Төв банкны тухай хууль, түүний эх бичвэрийг хүлээн авч ёслол хийж төрийн дарга нарыг цугаар нь урьсан явдал тухайн үедээ л сонин жишиг байлаа. Тэгвэл өнгөрсөн сард Төрийн ордонд бүх дарга нар цугларсан томоохон ёслол хийсэн нь Боловсролын багц хуулийг хүлээж авах арга хэмжээ байв. Тодруулбал, наймдугаар сарын 3-наас шинэ хууль хэрэжиж эхлэхтэй зэрэгцээд УИХ нь Засгийн газарт, Засгийн газар нь салбарынхан болон багш нартаа хуулиа гардуулж өгч байгаа хэрэг. Тиймдээ  ч боловсролын багц хуулийг хүлээж авах хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, байнгын хорооны дарга нар тэргүүтэй төрийн түшээд оролцсон. Мөн боловсролын салбарын удирдлагууд, багш нар бултаараа хүрэлцэн ирж хуулиа ёсчилсон. Ийнхүү шилэн хоргонд “алтан” үсгээр бичсэн хуулийг гардуулж өгөхдөө спикер “Өрсөлдөх чадвартай монгол хүн бэлтгэх нь боловсролын хуулийн цогц шинэчлэлийн гол зорилго. Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиар хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгоно” гэдгийг онцолсон.

Салбарын сайд Л.Энх-Амгалан ч хуулийн амин сүнс болсон зургаан шинэчлэлийг танилцуулна лээ. Ингэж баталсан хууль журмаа салбарынхандаа танилцуулах нь зөв. Гэвч нөгөө талд үнэхээр боловсролын салбар хууль хүлээж авсан шигээ хурдан хугацаанд шинэчлэгдэж сайжирсан бол өдийд багш нар нь хэдэн зуугаараа гудамжинд гарч жагсахгүй байлтай. Харьяалдаг яам нь ч өөдөөс нь “мөнгөгүй” гээд суухгүй байсан биз. Хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, сургуульдаа явж эхлээд бүтэн сар болж байгаа хэр нь сурах бичиг, судлах номгүй суухгүй байсан даа. Энэ мэтээр гадна аа гяланцаг биш хүнийхээ хөгжлийг бодох,  хуулиа хэрэгжүүлэхэд л анхаарах нь чухал байна.

Энэ жишгээр бол шинээр батлагдаж, өөрчлөгдөж байгаа хууль болгоныг хүлээж авч ёсчилно гээд хүндэтгэлийн арга хэмжээ хийгээд байх юм бол юу болох вэ. Тэр хэрээр их хэмжээний мөнгө үрнэ, цаг хугацаа хий дэмий урсана. Харин энэ их мөнгө, цаг заваа хуулиа хэрэгжүүлэхэд зарцуулья. Үгүй бол хүлээж аваагүй хуулийг хэрэгжүүлэхгүй байж мэдэхээр байна шүү. Төр, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага гээд тал талаасаа ойлголцоод ажиллавал болмоор доо.

 

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 194 (7179)