Өчигдрийн халуухан сэдвийн нэг нь Ковидын санхүүжилтийн cонсгол байлаа. УИХ коронавируст халдварын цар тахлын үеийн хөрөнгө оруулалт, зээл тусламж, зарлагыг нийтэд ил болгох асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийхээр ажлын хэсэг байгуулсан ч "шинжээч" томилогдоогүй гэх үндэслэлээр хойшилсон юм. Уг сонсголд хянан шалгагч бус, сонсголын сэдэвтэй холбоотой цугларсан баримт, материалд үнэлэлт, дүгнэлт өгөх шинжээч яаралтай томилох шаардлагатай байгааг хэлж, шинжээч томилохгүйгээр сонсгол чанартай болохгүй хэмээн ийн хойшлогдох нь тэр. 

Тэгвэл амны хаалт 20 мянга төгрөгт  хүрч, нэг өвчтөнийг яагаад 8 сая төгрөгөөр эмчилсэн бэ? гэх зэрэг олон асуулт хариултаа нэхэн хүлээсээр...20 их наядын зарцуулалтыг ил болгох сонсголын талаар хэн, хэн юу өгүүлсэнийг тоймлон хүргэе.

Ажлын хэсгийн ахлагч, АН-ын бүлгийн дарга  О.Цогтгэрэл: Бид 18 байгууллагаас 25 мэдээлэл хүссэн. Хүний эрхийн үндэсний хороо л шаардлага хангахуйц мэдээлэл өгсөн. Сангийн яам мэдээллээ ирүүлсэн. Баахан тоо байна. Бид гурван шинжээч томилуулах хүсэлт тавьсан. Хүний эрхийг ковидын үеэр олон удаа зөрчсөн тул хүний эрхийн шинжээч байх ёстой гэж үзсэн. Өнөөдөр нэгэнт тов зарласан тул сонсголыг ингээд хаая. Гэхдээ шинжээч томилох шаардлагыг дахин тавина. Нүүрсний, Хөгжлийн банкны сонсголоор та нар хэдэн шинжээч томилж, хэдэн хэвлэлээр тараасан билээ? Харин өнөөдрийн сонсгол ямар байгааг хараарай. Хөгжлийн банкнаас  хэд дахин их мөнгө ярих гэж байна. Ковидын хуулиар дандаа шууд худалдан авалт хийсэн. 

Иргэдийн мэдээллээр 63 тэрбум төгрөгийн хамгаалах хэрэгсэл авсан. Үүний 20 орчим тэрбум төгрөгөөр ямар ч шаардлагагүй болсон үед амны хаалт, хамгаалах хэрэгсэл худалдаж авсан.Энэ хамгаалах хэрэгслүүд одоо эмнэлгүүдийг агуулахад хог болон хэвтэж байгаа.

10 тэрбум төгрөгөөр авсан цус шингэлэх бүтээгдэхүүний хэдхэн ширхэгийг ашигласан. Үлдсэн нь эмнэлгүүдэд байгаа. Энэ бодлогын алдаа юу, энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Ковидын үед бусад яамдын төсвийг хязгаарлаж, Эрүүл мэндийн яамны санхүү мөнгө нь багтахаа больсон. Оны төгсгөлд асар их мөнгө илүү гарч, хаана ч хамаагүй зарцуулж эхэлсэн. ЭМЯ-ны харьяа Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү гарч, 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц бариулахаар зураг гаргуулсан байна. Төсвөөс 25 тэрбум төгрөг гаргаж, нэг эмнэлгийн ажилчдын орон сууцны зураг гаргуулсан байна.  

Санхүү, мөнгөний зарцуулалтыг хариуцаж байсан 4-5 албан тушаалтан тэрбумаас дээш төгрөгийн үнэтэй байр худалдаж авсан. Хаусанд амьдарч байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Үнэн, худлыг бид нотлохгүй. Ийм асуудлууд байгаа учраас шинжээч томилж өгөхийг хүссэн. Энэ сонсголыг шинжээчтэй хийх ёстой эсвэл хойшлуулах хүсэлтийг удаа дараа тавьсан. Ийм нөхцөл байдлаас үүдэн сонсгол цаашаа үргэлжлэх боломжгүй боллоо.

Сонгон шалгаруулалт ер явуулаагүй. Үүний ард юу болдог нь одоо нэгэнт тодорхой болсон. Сонсголын хуулийн орчныг байнгын хорооны хуульч, УИХ-ын Тамгын газрын  хуульч өөр өөрөөр тайлбарласан тул нэг тийш болгох нь зөв. Иймд хуулийн дүгнэлтээ эхлээд гаргая. 

Эрүүл мэндийн  сайд С.Чинзориг: Сүүлийн хоёр жилийн турш цуглуулсан, хяналт шалгалтаар баталгаажсан мэдээллийг авчирлаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэр хүндтэй энэ сонсгол холбоотой. АН улстөржиж байна. 

Сонсгол явуулбал ажил хэргийн байдлаар явуулаасай. Улс төр болгож, сенсааци битгий хөөгөөсэй. Хуулиар сонсгол даргалагч өөрөө шинжээч нарт мэдэгдэх хуудас хүргүүлэх зохицуулалт байгаа. Хуулийн гарцыг ашиглаад сонсголоо явуулах хэрэгтэй. Улс төр хийгээд баймааргүй байна. Салбарын нэр хүндийн асуудал, хэцүү үед иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө тэмцэж ажилласан эмч нарын ч нэр хүндийн асуудал. Төрийн ажлыг хийх гэж байгаа бол хуулийн хүрээнд явуулмаар байна. Явуулахгүй бол улс төрийн мэдэгдэл хийж болохгүй.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бид улс төрчид тул ажлаа хийж байна. Эрх баригч намд хяналт тавих нь сөрөг хүчний үүрэг юм. Та нар бүхнийг нууцад оруулж, яаж төрийн мөнгө иддэг чинь ногоон автобусаар илэрлээ. Шинжээч ажиллахгүй бол энэ сонсголыг хийх хэрэггүй. Бид энэ сонсголыг хүн гүтгэх гэж хийгээгүй. УИХ-ын Тамгын газраас олон талтай, ойлгомжгүй тайлбар хэллээ. Байнгын хорооны дарга Цэрэнпунцаг ч өөрөө сайн ойлголтгүй байна. Би өмнө нь нүүрсний сонсголын ажлын хэсэгт орж ажилласан. Маш сайн сонсгол болсон. Та нар хүчээр энэ сонсголыг хийх гэж байгааг эсэргүүцэж байна.   

Ковидын үеэр эмч нар сайн ажилласан, нойртой, нойргүй зүтгэсэн. Бид хүнд үеийг хамт даван туулсныг үгүйсгэх гэсэнгүй. Гэвч ард иргэд бидэнд хандаад байна. Ковидын үеийн зарцуулалтад АН санаачлаад сонсгол хийгээч гэж байгаа. Бид шинжээчгүйгээр сонсгол хийхгүй, бид ямар хүн гүтгэх гэж энд сууж байгаа биш. Шинжээчгүйгээр, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтгүйгээр улстөрчид бүх юманд орж, хутгалддагаа болих хэрэгтэй.

Нэг иргэнийг 8 сая төгрөгөөр эмчилсэн гэдгээ иргэд ойлгомжтойгоор сонсгол дээрээ яриад өг гээд байна шүү дээ. Үүнд одоо ч хэн ч хариулахгүй байна. Энэ зөв тайлбарыг өгөх хэрэгтэй. Тийм учраас шинжээч ажиллахгүй бол энэ сонсголыг хийх хэрэггүй.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Цар тахлын үеэр 20 их наядыг вакцин худалдан авалт, эм тариа, маск зэрэгт зарцуулсан нь бий. Үүн дээр нэмэгдээд хэвлэл мэдээлэл рүү зарцуулсан зардал орж ирж байна. Тиймээс дээрх асуудлынхаа тайланг ил болгох ёстой гэх агуулгаар хяналтын сонсгол хийх гэж байгаа. Гэтэл хяналтын сонсголыг хөнгөхөн байдлаар, аргацааж өнгөрөөх гэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Энд МҮОНРТ байна уу? Эрх баригчдын хяналтад байдаг тул энэ сонсголд ирээгүй нь тодорхой. Бид иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд ажиллаж байна. Амны хаалт яагаад  20  мянгад хүрэв, нэг өвчтөнийг яагаад 8 сая төгрөгөөр эмчилсэн бэ? Зургаадугаар сард байгуулагдсан ажлын хэсэг иргэдийн мэдэх эрхийг хангахаар маш их хичээж ажилласан. Бидний өмнө сонссоноос өөр мэдээлэл ирүүлээгүй. 

Хөгжлийн банкны сонсгол олон ангид кино шиг байсан. Тэнд улс төрийн драм явсан. Бид ЖДҮ гэж ярьдаг. ЖДҮ чинь 50 тэрбум төгрөг. Гэтэл энэ ковидтой холбоотой 20 их наяд төгрөг байна.  Шинжээч томилохгүй бол бид тааж ярих ямар ч боломжгүй. Гурван шинжээч оруулах бодит санал оруулсан. Ажлын хэсгийн ахлагчид нэг ч төгрөгийн эрхгүй, хэн ч өөрөө гүйж ирээд, үнэгүй ажиллахгүй.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Өнөөдрийн сонсгол мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зорилготой. Зорилгодоо хүрэхийн тулд шинжээч ажиллаж, тодорхой дүгнэлт гаргаж, Монголын ард түмэнд хүргэх ёстой. Харамсалтай нь, нээлттэй сонсголын шинжээч томилох асуудалд санаатайгаар саад хийж байна. Шинжээчийн дүгнэлтгүйгээр сонсгол хийх нь процессын алдаа болно. Шинжээчээ томилуулж, нээлттэй сонсголыг хийх нь зөв. Яамдааас ирсэн мэдээллийг харсан. Төрийн байгууллагууд ийм чадамжгүй юм уу эсвэл албаар зохион байгуулалттайгаар ийм ерөнхий мэдээллээр хангаад байна уу. Энэ асуудлыг нухацтай авч үзэх цаг нь болжээ. Асуулт нь тодорхой байхад өөр ерөнхий мэдээлэл өгөөд байгаа нь ямар зорилготой юм бэ.

Ковидын үед хэдэн гэрээг шууд хийсэн тухай тоо баримт ирэхгүй байна. Ийм байхад олон нийтэд мэдээлэл өгөх талаар ярих нь өрөөсгөл.

Сангийн сайд Б.Жавхлан: Сонсголыг товлосноороо өнөөдөр хийхийг шаардаж байна. Ковидын үед бид маш хүнд үеийг өнгөрөөсөн. Эрүүл мэндийн салбар илүү амжилттай даван туулсан. Эдийн засгийн асуудал хүнд, хэврэг хэвээрээ байгаа. Төрийн албан хаагчдыг зовоолгүй сонсголыг яаралтай хийж, олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Дараагийн ковид болоход ажил хийх төрийн албан хаагч олдохгүй шүү.

Шинжээчтэй, шинжээчгүй сонсголыг яаралтай хиймээр байна. Сангийн яам төсөвтэй холбоотой бүх мэдээллээр хангасан, цаашид ч хангана. Хамгийн сайн хяналт бол ард түмэн. Ард түмнийг мэдээллээр хангаж, мэдэх эрхийг нь өгөх хэрэгтэй байна.