Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа билээ. 

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Yutong Bus Co.,Ltd өнгөрсөн баасан гаригт гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байхаар тусгасан" гэсэн удаатай.

Тэгвэл эхний ээлжийн автобус өчигдөр Эрээний чиглэлд гарсан байна. Автобусны цуваа явж буй бичлэгийг харсан иргэд бас л зургаасаа өөр өнгөтэй байна гэх шүүмжийг хэлээд эхэллээ.

Харин энэ талаар  Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Шинээр ирж байгаа автобусны зураг зөрж байна гэх шүүмжлэл гарч байна. Шинэ автобуснууд хамгаалалтын хуулгатай замд явах юм билээ. Улаанбаатарт ирсний дараа хуулгыг авна. Автобуснууд эхний зураг дээрх шиг өнгө үзэмжтэй ирнэ" гэлээ.