Ирэх онд ₮600 тэрбумын ипотекийн зээлийн эх үүсвэр гараад явах боломжтой. Доголдох зүйл гарахгүй
2023/12/27
2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтыг өнөөдөр танилцууллаа.
Танилцуулгын үеэр ипотекийн зээлийн эх үүсвэрийн талаар сэтгүүлчид Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Өнөөдрийг хүртэл Монголбанкны хэрэгжүүлж байгаа ипотекийн хөтөлбөр КОВИД-19-ийн хуулиар явж ирсэн. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс уг хууль дууссан тул үргэлжлүүлэх боломжгүй байсан.
Монголбанк эх үүсвэрээ гаргаж яваа ба хангалттай хэмжээнд очсон гэж харж байна. Монголбанкны эх үүсвэр 3.6 их наяд төгрөг. Банкны бусад оролцоо, гаднын эх үүсвэрээ нэмбэл 4.6 их наяд төгрөг эргэлдэж байгаа. Сар болгон 40 орчим тэрбум төгрөг орж ирээд, эргээд гаргаж байгаа.
Ипотекийн зээлийн эх үүсвэрийн тухайд:
- Монголбанкных -80 хувь
- Арилжааны банкных -20 хувийн харьцаатай.
Тэр утгаараа ирэх онд жилдээ 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр гараад явах боломжтой. Доголдох зүйл гарахгүй байх" гэв.