Сайжруулсан шахмал түлшний орц, найрлага, барьцалдуулагч эд, үүнтэй холбоотой зөрчил маргааны талаар барьцалдуулагч эд үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг Хэвлэлийн Хүрээлэнд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ 3000 ажилтны 1000-ыг нь би ажиллаж байхдаа ажилд авсан. Хүнийг ингэж гүжирдэж болохгүй. Манай компани нийслэлд анхны хагас кокс шахмал түлшийг нийлүүлж байсан. Энэ түлшний материалаар Тавантолгой түлш ХХК-ийг байгуулсан.

Шахмал түлшний барьцалдуулагч материал авахын тулд жилд 40 гаруй тэрбум төгрөгийг гадагш нь урсгаж байна. Тиймээс барьцуулагчийг улаанбуудайгаар хийх даалгавар ШУА-д ирж, судалгаа нь дуусаж, туршилтын үйлдвэрийг Баянтээгийн уурхайд 2019 онд байгуулж, одоо ажиллаж байгаа. Баянтээгийн үйлдвэр гадагш нь зарах эрхгүй, зөвхөн аймгийнхаа хэрэгцээг хангадаг. Өвархангай аймагт хүн угаартсан яриа, мэдээ байна уу.  

Химийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаан дээр төмрийг нь гагнаж, үйлдвэр байгуулсан хүн нь би. Өнөөдрийн тухайд надад Тавантолгой түлш ХХК-д барьцалдуулагч нийлүүлэх сонирхол алга. Учир нь тэдний янз бүрийн юмаар хийсэн түлшинд эрдэмтдийн цэвэр улаанбуудайгаар хийсэн хоргүй барьцалдуулагч ороод иргэдэд ялгарч мэдэгдэхгүй. Муу нэртэй, муу юмтай холиод Ганзоригийнх гэж хэлнэ.

Шахмал түлшний чанар муудсан уу, муудсан. Үнэн. Бид 2021 он хүртэл сайхан түлштэй байсан. Шахмал түлшний технологийг гурван жил өөрчилж болохгүйг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн. Энэ хугацаанд сайжруулах судалгааг хийж, оруулах зүйлийг бэлэн болгохыг даалгасан. Энэ бол төрийн бодлого. Гэтэл чанарыг нь муудуулчихаад, УИХ дээр худлаа ярьж байна" гээд Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн технологи өөрчлөгдөж, алдаатай болсныг хэлж байна. 

"Зузаан хэмжээтэй, нягт ихтэй үйлдвэрлэж байгаа учраас угаарын хийн хуяг үүссэн"

Сэтгүүлч: 2021 оноос хойш сайжруулсан шахмал түлшний найрлага өөр болсон гэж та хэллээ. Чухам юу нь өөр болсон юм бэ, тодорхой хэлнэ үү?

Л.Ганзориг: Шахмал түлш нь даралтаас үүсдэг. Хэвлэх, дарах хоёр ажиллагааны өмнө холих шаардлагатай. 

Өөрөөр хэлбэл нунтаг болгох ажил шахмал түлшний бат бэх чанарт шууд нөлөөлдөг. Муу нунтагласан нүүрсээр шахвал үүрч унана. Хамгийн гол асуудал нь түлш маш их зузаан байна. Хоггүй гаргахын тулд өндөр даралтаар хүчтэй шахаж байна. Улмаар их нягт үүссэн учраас түлшний дотор тал нь шатахгүй, угаарын хийн хуяг үүсээд дотор талд нь уугиад байна.

2019, 2020 онд дандаа цардуулан суурьтай цавуу хэрэглэж байсан.

Дэлхийн бусад улс орнууд шахмал түлш гарган авахдаа наалдамхай цардуулыг эрдэнэ шиш, цагаан төмс зэрэг ургамлаас гарган авдаг. Химийн аргаар гаргаж авсан цардуулыг хэзээ ч хэрэглэдэггүй. Яагаад гэвэл аюултай. 

Сэтгүүлч: Барьцалдуулагч материалыг юугаар хийх хэрэгтэй вэ? 

Л.Ганзориг: Монгол Улсын хувьд эрдэнэ шиш, цагаан төмс зэргээс цардуул гаргаж чадахгүй. Эцсийн бүлэгт улаан буудайгаас цардуул гаргаж авах тухай судалгаа тайлангаа "Тавантолгой түлш" компанид өгсөн.

Шахмал түлшний барьцалдуулах материалын үйлдвэр барь гэж төрөөс тогтоол шийдвэр гарч 10 га газар олгоод дэд станц барих ажил эхэлсэн. Өнөөдрийн тухайд барьцалдуулах материалыг “Тавантолгой түлш” компанид нийлүүлэх сонирхол надад байхгүй. Энэ маш нарийн учиртай.

Нөгөө муу юмтайгаа хольсон түлш, улаан буудайгаар барьцалдуулсан түлш хоёр хүмүүст ялгаж мэдрэгдэхгүй. 

Түүнчлэн миний хувьд хагас коксыг 100 хувь дэмждэг. Гэхдээ Хятад улсаас айлын зууханд түлэх хагас кокс авна гэдэг хэцүү. Үүнийг дотооддоо үйлдвэрлэх ёстой.