“Микки маус” шиг эдийн засагтай болохоос болгоомжлохыг зөвлөжээ
2014/06/25
Өчигдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд хаалттай болсон "Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв" дээд хэмжээний зөвлөгөөнөөр манай улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцжээ. Зөвлөгөөнд ОУВС, Дэлхийн банкны төлөөлөгчид, Шри-Ланк, Филиппин, Тайландын Төв банкны удирдлагууд оролцож, төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдчихсэн, инфляц өндөр, төгрөгийн ханш унасан үед ямар арга хэмжээ вэ гэдэг талаар зөвлөгөө өгчээ. Манай эдийн засаг, банк санхүүгийн өнөөгийн байдалд онош тавьж, зарим орны сургамж, туршлагын талаар хуваалцсан олон улсын банк санхүүгийн удирдлагуудын зөвлөгөө нь сөрөг хүчний бүлгээс жилийн өмнөөс тавьж байсан саналуудтай нэлээд ойролцоо байжээ.
Монгол Улсын банкны системийн эрсдэл нэмэгдэж хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн жил огцом нэмэгдсэн. Тухайлбал, хугацаа хэтэрсэн зээл оны эхний 5 сарын байдлаар 3,2 дахин нэмэгдэж 381 тэрбум төгрөгт хүрчээ. Харин чанаргүй зээл 2012 оны эцсээс 2,1 дахин нэмэгдэж 619 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь цаашид ч өсөх хандлагатай байгааг олон улсын байгууллагууд анхааруулсан аж. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар манай эдийн засгийн хүндрэл цаашид үргэлжлэх төлөвтэй, үүнээс болж өсөлт удаашрах, төлбөрийн тэнцэл дээр дахиад дарамт ирж, банкуудын чанаргүй зээл өсөх магадлалтай байгаа юм байна. ОУВС-гийн удирдах захирлын орлогч ноён Наоюуки Шинохара манай улсын төсвийн алдагдал 10 хувьд хүрснийг онцолсон бол Тайландын төв банкны ерөнхийлөгч асан хатагтай Тариза Ватанагазе валютын ханшийн уян хатан тогтолцоог барих, мөнгөний бодлогыг тэлэхээс зайлсхийх, тодорхой нэг салбарт дэмжлэг үзүүлэхээ болих, зах зээлийнх нь зарчмаар явуулах гэх мэт зөвлөгөө өгчээ. Харин Чилийн Сангийн сайд асан Эдвардо Аннинат Урета "Төсвийн алдагдлаа бага байлгах ёстой. Микки маус шиг эдийн засагтай болохоос болгоомжлоорой" гэж хэлсэн нь тэнд цугларсан эдийн засагчдын анхаарлыг ихэд татжээ. Энэ нь гүйсээр байгаад бахардаад уначихдаг хүүхэлдэй киноны баатар Микки маус шиг тийм байдалд эдийн засгаа оруулахгүйн тулд төсвөө тэлж болохгүй гэсэн санаа ажээ. Мөн Монгол Улсын өр 40-60 хувиар өссөн нь хөгжиж буй улсын хувьд маш өндөр үзүүлэлт болохыг дээрх эрхмүүд сануулсан аж. Ингэхдээ нэн даруй төсвөө хумих, танах, үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоох, банкуудын хяналтыг хүчтэй болгохыг санал болгосон гэнэ. Түүнчлэн зарим салбарт халалт, тэлэлт үүсэхээс болгоомжилж хяналт тавих, эдийн засгийн болон санхүүгийн тоонуудаа байнга шинэчилж, үнэн зөвөөр нь хөтөлж явуулах, төсвийн сахилга батыг сайн сахих, мөнгөний бодлогоо эргэж харах тал дээр онцгойлон анхаарахыг зөвлөжээ.
Зочин · 2014/06/30
маш их баярлалаа