Өсвөр насны гурван хүү нийтийн тээврийн автобусны сандлыг зүсч гэмтээсэн бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн долоо хоногт түгсэн. Удалгүй цагдаагийн байгууллага хөвгүүдийг олж тогтоон, сэрэмжлүүлэг нэрээр бас дахин бичлэг хийж түгээсэн.

Уг бичлэгт хөвгүүдийн дуу хоолой, өмссөн хувцас, биеийн пропорц зэрэг чухал мэдээллүүд шууд дүрслэгдсэн. Ингэснээр олон нйитийн сүлжээнд өсвөр насны хөвгүүд шүүмжлэлийн бай болсон нь хүүхдийн эрхийг зөрчсөн явдал гэж харж болохоор байгаа юм. Энэ талаар өмгөөлөгч М.Хандармаа, хүүхдийн сэтгэл зүйч Б.Уянга нартай ярилцлаа.


Өмгөөлөгч М.Хандармаа: Эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдийн зураг, бичлэгийг сошиалд түгээх хориотой

-Мэдээж тухайн хүүхдүүдийн үйлдэл ёс суртахууны хувьд буруу. Хүүхэд аливаа сайн сайхан байгаа зүйлийг муу муухай болгож байгаа нь үе тэнгийнхэндээ буруу үлгэр дуурайл үзүүлсэн хэрэг. Түүн дээр зөвтгөх боломжгүй.

Харин хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд тавих нь ноцтой асуудал. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.2-т өөрийнх нь болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуудүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашиглахыг хориглодог. Түүнээс гадна зөрчлийн хэрэгт ч, эрүүгийн хэрэгт ч бай албан ёсоор гэм буруутайд тооцоогүй байхад гэм буруутай гэж үзэн хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах, сошиалд түгээх нь хууль бус.

-Тэр тусмаа хүүхэд өөрөө эрх зүйн чадамжгүй субьект гэдэг байх аа?

-Хүүхдийн онцлог бол өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй. Гэтэл өөрийнх нь дүрс бичлэг сошиалд түгсэнээр нийгэмд гадуурхагдах, найз нөхдийнхөө дунд элэг доог болох, олон хүмүүс тэднийг чичлэх сөрөг үр дагавартай. Ингэснээр хүүхдэд хамгийн түрүүнд алга болох, амиа хорлох сэдэл төрдөг гэж үздэг. Тиймээс ийм байдлаар шууд дүрс бичлэгийг түгээх маш эрсдэлтэй. Дүрс бичлэг хийхгүйгээр эцэг эх, асран хамгаалагч, харгалзах хүмүүсээр хохирлыг барагдуулж, сануулаад өнгөрөх ёстой.

-Эхний бичлэгийг автобус компаниас түгээсэн бололтой юм билээ. Нэг ёсондоо томчууд, иргэд гэсэн үг шүү дээ. Насанд хүрэгчид өөрсдөө хүүхдийн эрхийн мэдлэг, мэдрэмжгүй үйлдэл хийчихлээ гэж үзэж болох уу?

-Манайд нийтээрээ, нийгмээрээ хүний эрхийн мэдлэг, хандлага муу байна шүү дээ. Хүүхдийн талаарх сайн муу ямар ч зүйлийг олон нийтийн сүлжээнд байршуулахдаа эцэг эх, асран хамгаалагчаас нь заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. Хэдийгээр хүүхэд хөөрхөн харагдаж байгаа ч, эсвэл буруу зүйл хийсэн ч түүний дүрс бичлэг, зургийг тавих эрх хэнд ч байхгүй. Энэ талаар иргэд огт мэдлэггүй байна.

-Гэтэл хууль сахиулагч цагдаагийн байгууллага дахин ийм хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гаргалаа. Цагдаа өөрсдөө хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг, хамгийн их ярьдаг хүмүүс шүү дээ?

-Уг нь цагдаа насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авсан бол эцэг эх, асран хамгаалагч, өмгөөлөгч оролцуулах хуультай. Энэ нөхцөл байдлаас харахад өмгөөлөгч байгаагүй бололтой. Хэрэв байсан бол хэзээ ч ийм бичлэг хийлгэхгүй. Энэ бол хүүхдийн эрхийг зөрчсөн явдал.

Ялангуяа цагдаа нартай холбоотой ноцтой хэрэг шалгагдаж байгаа. Энэ тухай иргэд олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжилсэн харагдсан. Тэгэхээс ч аргагүй. Цагдаагийн байгууллага өөрсдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа зөрччихлөө. Эрх үүрэг хамгийн их ярьдаг хүмүүс өөрсдөө шударга, тэгш үйлчлэхгүй байна.

-Хууль сахиулах байгууллага ийм шударга бус, тэгш бус хандах нь нийгэмд ямар нөлөөллийг үзүүлдэг юм бол?

-Иргэд олон нийт цагдаагийн байгууллагад итгэдэггүй. Энэ байдлыг у лам нэмэгдүүлэх үйлдэл л болж байна. Хууль хүчнийхэн танил талтай, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг гэдэг ойлголт олон нийтэд өндөр байдаг. Үүнийг улам бэхжүүлж өгч байна. Хэрвээ үнэхээр цагдаа хууль журмаа баримталдаг бол хүүхдийн бичлэгийг олон нийтэд түгээхгүй. Сэрэмжлүүлэг болгож, мэдээлэл бэлтгээд өнгөрөх боломжтой. Мэдээж хохирлыг эцэг эх асран хамгаалагчдаас нь гаргуулж таарна.

Хүүхдийн сэтгэл зүйч Б.Уянга: Хүүхдийн буруу үйлдлийг сошиалд шууд мэдээлсэн нь хөгжих боломжийг хаана

-Автобусны суудлын бүрээсийг урж гэмтээсэн хөвгүүдийн бичлэгийг та харсан байх. Энэ өдрүүдэд тэдгээр хүүхдүүд хамгийн муу муухай, хүмүүжилгүй нэрийг зүүж байх шиг байна. Хөвгүүдийн сэтгэл зүйд яаж тусч байгаа бол?

-Аливаа зүйл хоёр талтай байдаг. Мэдээж цагдаагийн байгууллага ажлаа хийсэн байх. Дараа нь дахин ийм асуудал гарах вий, хүүхдүүд ийм үйлдэл хийх вий гэдгээс сэрэмжлүүлэхийг хүссэн байх. Харин хүүхдийн сэтгэл зүй талаас авч үзвэл тэдгээр хөвгүүд маш том сургамж авна. Шууд хэлбэл, олон нийтийн дунд ичгэвтэр байдалд орно. “Нөгөө гурав чинь байна, наад гурваасаа болгоомжил, эд зүйлс гэмтээчихнэ” гэх байдлаар хандана.

Хөвгүүд “Хүмүүс бидэн рүү юу гэж хандах бол, яаж уурлах бол. Одоо яасан ч итгэхгүй байх” гэсэн сэтгэлгээний айдас түгшүүртэй эхэлнэ. Ингэснээр дараа нь ямар нэгэн зүйлийг сонирхохоо болино. Шинэ зүйл нээж үзэх, өөрийгөө хөгжүүлэх гэхээс илүү айдаст авна. Яагаад гэвэл “Би ийм зүйл хийж болохгүй” гэдэг хаалтыг ингээд тавьчихлаа. Олон нийтийн сүлжээгээр тэднийг ийм байдалтай мэдээлж, шүүмжилж байгаа нь хүүхэд хөгжих боломжийг шууд хаасан явдал болно.

-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог бас өөр биз?

-Бичлэгт гарч буй хөвгүүд 11, 12-той л харагдаж байна. Ийм насан дээр хүүхдүүдэд юм бүхэн сонин санагдана. Магадгүй автобусны суудлын бүрээс яаж бүтсэн юм бол, яаж хийдэг юм бол гээд хуулж үзсэн. Хуулагдаад байхаар сэдэл төрөөд улам хуулсан. Харин ч шинээр авсан автобус нь, эд материал нь чанаргүй юм байна гэдгийг гаргаж ирлээ. Нөгөө талаар үүнээс илүү сайнаар яаж хийж болох вэ гэж сэтгэсэн ч байж болно. Ийм нөхцөл байдал байж болзошгүй гэдгийг харгалзахгүйгээр гурван бяцхан хүүг буруутгаж байгаа нь томчуудын ухамсаргүй үйлдэл. Ахархан бодолтой л байна. Хүүхдүүдийг дэндүү их буруутгах гэж оролдсон байна.

Гэр бүлийнх нь хүрээнд сануулаад өнгөрч болно. Хэдийгээр бичлэгт нүүрэн хэсгийг нь бүдгэрүүлсэн ч биеийнх нь ерөнхий пропорцоор нь анги хамт олон, найзууд нь таньчихсан. Үүнийг томчууд огт авч хэлэлцээгүй, ойлгоогүй байна.

-Тэр тусмаа хүүхдийн эрх хамгаалдаг хууль сахиулагч цагдаа нар хөвгүүдээр бичлэг хийж түгээж болох юм уу?

-Юм бүхэн шалтгаантай байдаг. Тухайн байгууллага ямар сэтгэлгээ, ямар өнцгөөр ойлгуулах, мессэж өгөх гэснийг тодорхой мэдэхгүй юм. Гэхдээ хүүхдийн дүрс бичлэгийг ингэж гаргана гэдэг хүүхдийн сэтгэхүй, ээж аав, найз нөхдийнх нь тухайн хүүхдүүдийг үнэлэх үнэлэмжийг шууд бууруулсан үйлдэл болсон. Хүүхэд эргэн тойрондоо үнэлэгдэх, хүндэтгэл хүлээхийг, дэмжүүлэхийг хүсдэг. Энэ байдлаас болоод өөрийнхөө хийж чадах зүйлийг хийхгүй болох вий гэдэг энэ тохиолдлын сөрөг үр дагавар.

-Томчуудын дунд “би багадаа, сурагч байхад нэг удаа багш маань, эсвэл хэн нэгэн намайг ингэж хэлсэн. Намайг ингэж загнаж, гомдоосноос болж би сурахаа больсон. би хичээхээ больсон” гэх яриа үе үе сонсогддог. магадгүй хүүхдэд томчууд, багш сурган хүмүүжүүлэгчид юуг яаж хэлэхээ маш сайн бодох ёстой юм шиг санагддаг. Зөв үү?

-Хүүхэд үргэлж суралцаж явдаг. Томчууд бол ухамсраараа амьдарч байгаа. Нэг ёсондоо ухамсрын түвшин арай өндөр гэсэн үг. Гэтэл томчууд хүүхдэд ойлгуулах гэхээс шууд дарж авахыг боддог. Буулгаж авахын тулд уурладаг, орилдог. Чимээгүй бай, багшийн өөдөөс юм хэллээ. Чам шиг юмны сурах гэж юу байх юм гэх нь ч бий. Ийм үгнүүд зарим хүүхдүүдэд “Би үнэхээр олиггүй гэж үү” гэж бодогдуулдаг. Заримд нь “Би яахаараа олиггүй гэж” гээд улам асдаг, хичээдэг, амжилттай явах нь ч бий. Гол нь хүүхэд бүрийн онцлог өөр өөр.

Хүүхдийг шийтгэх олон төрлийн арга байдаг. Зэмлэж шийтгэх, магтаж шийтгэх, зүйрлэж шийтгэх, урамшуулж шийтгэх, гайхаж шийтгэх гэх мэт. “Чи яагаад ингэв ээ, би чамайг ингэсэн гэж итгэхгүй байна” гэх мэтээр. Гэтэл эдгээрийг биш, шууд л дарж авахын тулд, хүүхдээс хүчтэй гэдгээ нотлохын тулд дайраад байдаг. Илүү сайн аав ээж байхын тулд хичээж байгаа шигээ л харилц. Хүүхэд томчуудын үг, үйлдлээс суралцдаг. Хэчнээн орилж уурлаад баахан үг урсгаад нэмэргүй.