Хүүхдийг Зодож Шийтгэхийн Эсрэг Олон Улсын өдөр: Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг
2024/04/30
Хүүхэд гэж хэн бэ? Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдсэн улс орнууд 1998 оноос тэмдэглэж ирсэн.
Монгол Улсад 2006 оноос энэхүү өдрийг тэмдэглэн олон нийтэд танилцуулж хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалдаг. Тиймээс хүүхэд нэгдүгээрт гэсэн уриатай энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн хүүхдийн эрхийн талаар өнөөдөр салбарын яамнаас нь үйл ажиллагаа зохион байгуулжээ. Хүүхдээ зодож шийтгэх бус эерэг аргаар хүмүүжүүлж хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё.
Ингээд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Хүүхэд бурууг хийсэн үед яагаад буруу болохыг нь тайлбарла, хүүхэд санаатай бурууг хийдэггүй. Та түргэн авираар гар хүрснээр хүүхэд та хоёрын хоорондох итгэлцлийг үгүй хийдэг. Хүүхэд зөв ч бай буруу ч бай аливаа зүйлээ танаас нууцаар хийдэг, эсвэл ямар нэг шинэ зүйлийг турших, хийх хүсэл огт байхгүй болдог.
- Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Сул дорой, олон нийтийн дунд өөрийгөө илэрхийлэх чадвар сул болох магадлал өндөр.
- Хүүхэд заль мэх зохион хэлэх, хулгай хийх, дүүгээ, найзуудаа дээрэлхэх, цохих, өөрөөсөө сул дорой нэгнийг өдөж хоргоож зодох муу авиртай болж энэ бүх муу зүйлийг хийж байгаадаа гэмшихээ ч болих эрсдэлтэй.
- Хүүхэд зөвхөн томчууд өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог ө.х заавал том дуугарсан, сүрдүүлсэн үед л үг сонсдог бусад үед дураараа авирладаг сөрөг хандлагатай болох нь элбэг.
- Хүүхдүүд дийлэнхдээ шинийг эрэлхийлж туршиж судалж танин мэдэхүйн ертөнцөөр аялах үедээ БҮТЭЛГҮЙТЭЖ буруу зүйл хийлээ гэж аав ээждээ загнуулж, шийтгүүлэхэд хүрдэг. (Ханан дээр эрээчих, 00 цаас хөвөх, гал тогоо сүйтгэх гэх мэт)
Зарим үед таны анхааралыг татах гэсэндээ, хайрыг хүссэндээ элдвийг санаалчилдаг нь бас л БҮТЭЛГҮЙТЭЛ-д хүргэдэг.
- Хүүхдэд том дуугарч, цохиж, зодох нь тэдний БУРУУ ҮЙЛДЭЛ-ийг тухайн үедээ зогсоож болох цаг зуурын л арга юм. Гэхдээ тэдэнд яагаад зөв, яагаад буруу болохыг нь учирлаж, тайлбарлаж, ярьж ойлгуулах нь хүүхдийн урмыг хугалж итгэлийг мохоохгүй, ирээдүйг нь СҮҮДЭРлүүлэхгүй хамгийн зөв алхам шүү.
- Бид дийлэнхдээ өөрсдөө стресс ихтэй үедээ хүүхдэдээ гар хүрчихээд байгаагаа анзаараарай.
- Аав ээж, багш, насанд хүрсэн хэн ч хүүхдэд гар хүрч зодож шийтгэж болохгүй!
Эцэг эхийн дасгалжуулагч Г. Төмөрзаяа