Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүр зургаадугаар сарын 22-нд орсон борооноор усанд автаад буй.

Нөхцөл байдлын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газар болон "Тотал Инж" ХХК-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн төслийн зөвлөх инженер Ч.Намшир "Инженер хүний зүгээс үү иргэний зүгээс ярих уу гэдгээ мэдэхгүй байна. Инженер хүний зүгээс ярихаар иргэд "инженер аятай монгол инженер байна уу" гэх юм. Аливаа мэдээллийг нийтэд хүргэхдээ ул суурьтай бүрэн бүрдүүлсний дараа нийгэмд хүргэж байхыг уриалмаар байна. Дутуу мэдээлэл өгөнгүүт сошиалаар "Монгол Улсад замын инженер байна уу, шороон дээр гүүр тавьчихлаа" гэх юм. Бидний хийж чадахгүй 3D эвлүүлэг хүртэл хийгээд гаргасан.

Бид тендерт оролцохдоо 3.2 гэдэг шалгуураар "би үүнийг яавал сайн хийх вэ" гэж уралддаг. Сонгууль ч ингэж явмаар юм. Хотын хоцрогдсон сүлжээгээ гүйцээх гээд аминдаа л хурдлаад байхад биднийг улам мэрээд унагаагаад байгаа нь харамсалтай.

Би 2021 оноос Яармагийн гол замын зураг төслийг хийж эхэлсэн. Яармагт өнөөдрийн хүн амтайгаа нийлээд 70,000 айл суурьших төлөвлөгөө хийгдэж байгаа. Улаанбаатар хотод айл болгон дор хаяж нэг машинтай, зарим нь хоёр машинтай. 70,000 айл хэчнээн машин байх вэ гэдэг нь бидний тооцооллын үндэс. Хийсэн тооцооллоо үе шат бүрд шалгуулна, инженерийн байгууламжууд дэд бүтэцтэй уялддаг тул зөвшилцөнө, зөвшөөрөл авдаг.

зураг

 

Яармагийн 70,000 хүн амд зориулсан зам нь дээд ангиллын буюу хоёр түвшний уулзвартай байх юм. Яармагийн одоогийн замтай ижилхэн хоёр давхар байна. Замын зөвшөөрөгдсөн налууд тааруулж төлөвлөлтөө хийхээр Туулын хөндий рүү орох тусмаа өндөр. Одоо усанд автсан хэсэгт гүүр байгаа юм. Энэ гүүр төлөвлөлтөд уягдаж өндөр нь өөрчлөгдөж байгаа. Энэ гүүрийг барьчхаад нураагаад дахин барьчихвал улсын мөнгийг шамшигдуулсан болно. Тэгэхээр гүүрээ одоохондоо барихгүй. Гүүрийг тэнэг инженер хийсэн гээд байгаа тэр нь би байна.  Нэг гүүр бариад устгах уу, дахиад нэг гүүр төлөвлөснийгөө зөв явуулах уу гэдэг асуудал. Инженерийн шийдлийг мэргэжлийн хүмүүсээс асуух хэрэгтэй.

Гүүрний урд талын далан болон юу ч хийгдээгүй газар үерт автсаныг цэцэг ургуулж, томруулж ярьж байгаад эмзэглэж байна" гэж ярилаа.