Валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан үнэ өсөх эрсдлийг бууруулсан ч бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр л ...
2014/07/02
Өнгөрсөн оноос эхлэн бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөх болсон нь ам.долларын ханштай холбоотой билээ.
2013 онд ам.долларын ханш огцом чангарсан нь улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж бүхий л зүйлсийн үнэ ханш огцом нэмэгдэж тэнгэрт хадах болсон. Тэрхүү үнийн өсөлт өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Угтаа бол ам.долларын ханш өнөөдөр тэгтлээ огцом өсөөгүй байгаа ч наймаачдын маань шунал нь ихдэж үнийн хөөрөгдөл үүсгээд байгаа юм.
Долоо хоног тутамд нэмэгдэх үнийн өсөлтөд иргэд чирэгдэж байна. Нийгмийн амжиргааны түвшин доошилсоор байгаа нь эдийн засагтай шууд холбоотой. Эдийн засаг хямраад байгаа нь илт бөгөөд эрх мэдэлтнүүд үүндз ямар ч арга хэмжээ авч энэхүү хямралаас гарах гарцыг хайхгүй байгаа юм.
Үнэ нэмэгдэх болсон шалтгааныг ам.долларын ханштай холбон тайлбарлаж байгаа ч ам.долларын ханш өсөөгүй байна. Түүнчлэн манай улсад шатахууны үнэ нэмэгдэх сургаар л үнэ ханш өсдөг нь уламжлал болоод байгаа билээ. Харин шатахууны үнэ тогтвортой байгаа буюу өөрчлөлт ороогүй байгаа юм. Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах зорилтын хүрээнд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 13 компанид хөтөлбөрт оролцогч банкуудаар дамжуулан 3.8 хувийн хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай 222.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 2014 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн байдлаар олгосон нийт санхүүжилтийн үлдэгдэл 177.5 тэрбум төгрөг байна.
Уг нөхцөлөөр санхүүжилт олгосноор газрын тосны бүтээгдэхүүний өртгийг литр тутамд 27 төгрөгөөр бууруулсан бөгөөд валютын ханшийн эрсдлийг бууруулах зорилгоор 2-6 сарын хугацаатай форвард хэлцлийг хөтөлбөрт оролцогч банкуудаар дамжуулан шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хийж байгаа бөгөөд хөтөлбөр эхэлснээс хойш нийт 892.4 сая ам.долларын форвард хэлцлийн төлбөр тооцоо хийгдээд байгаа юм байна.
Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний улсын болон компанийн нөөц тус бүр 30 хоног нийт 60 хоног болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Тус тогтоолын үр дүнд компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц дэд хөтөлбөр эхэлсэн үетэй харьцуулахад 3.1 дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буураад байгаа аж.
Шатахууны нийлүүлэлтийн хараат байдлыг бууруулах, гэрээний үнийг олон улсын биржийн үнэтэй нийцүүлэх зорилгоор дараах ажлуудыг авч хэрэгжүүлсэн ба үүний үр дүнд 2012 онд 92 хувь байсан нийт импортод эзлэх ОХУ-ын хувийн жин дэд хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 77 хувь болж 15 нэгж хувиар буурсан. Түүнчлэн “Роснефть” ХХК-аас авах импортын хувийн жинг 2-3 дахин бууруулж 30 хувьд хүргээд байна. Мөн а/ гадаад үнийг газрын тосны олон улсын биржийн үнэд суурилан тооцдог болсон, б/ шатахуун импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгийн дутагдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан үнэ өсөх эрсдлийг бууруулсан, в/ Хөтөлбөр эхлэхээс өмнө /2010-2012 он/ шатахууны жижиглэнгийн үнэ дунджаар 100-200 төгрөгөөр нэмэгдэж байсан.
2012 оны 8 сараас 2014 он хүртэлх хугацаанд буюу Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд валютын ханш дунджаар 400 төгрөгөөр өссөн ч дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурч, 40-50 төгрөгөөр өссөн буюу зөрүү 10 төгрөгөөр буурсан. Энэ мэтчилэн үнэ тогтворжуулах арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шатахууны үнэ бусад бараа бүтээгдэхүүн үнэ ханшаа нэмхээр өсөөгүй байгаа юм. Тиймээс наймаачид энэхүү үнийн хөөрөгдөлөө зогсоох хэрэгтэй. Хэрэв үнэ ханшийн өсөлт энэ байдлаар үргэлжилсээр байх юм бол төд удалгүй нийгэм тэр чигтээ ядуурах аюултай байна.
Нийгэмд энэхүү үнийн өсөлтөөс болж хоосон хонож байгаа айл өрхийн тоо нэмэгдсээр байгаа нь ядруулын тоо өсч буйг харуулж байгаа юм. Манай улсын эдийн засаг хоёр хөрш орноосоо хараат байгаа нь илт. Уул уурхайн ашиг орлого, экспортын хэмжээ өсөх багасах нь урд хөршөөс хамааралтай харин шатахууны нөөц үнэ ханш өөрчлөгдөх эсэх нь хойд хөршөөс хамааралтай байгаа юм. Харин манай улсын эдийн засаг тус салбаруудаас хараат байгаа билээ.
Ч.Гэрэлтуяа
Зочин · 2014/07/03
Би үүнтэй санал нэг