УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн гарсны дараахан "УИХ-д суудалтай бүх нам хамтарч, Засгийн Газар байгуулахаас өөр зөв зам байхгүй!" нэртэй өгүүллийг бичсэн билээ. Чухамдаа УИХ-д ердийн олонхи бус үнэмлэхүй олонхийг бий болгож байж л бид эдийн засгаа тэлэх нийгэм, улс төр, эдийн засгийн зоримог шийдвэрүүдийг гаргах боломжтой тул ийн бичсэн хэрэг.

Үүнээс хойш Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намуудад Засгийн Газар хамтран байгуулах санал гаргаж, АН, ХҮН ч үндсэндээ хүлээн аваад байна.

Гэвч энэ нь ингээд л бүх зүйл сайн сайхан болчихно гэсэн үг биш.

 

Зоримог шийдвэр гарган, бодитой ажил хийхийн төлөө эвсэх, огцролгүй дөрвөн жил Ерөнхий Сайдаар ажиллахын тулд бялуу тарааж, эвсэх хоёрт тэнгэр газар шиг зөрүү бий.

 

Маш энгийн жишээ авахад Засгийн Газрыг хэдэн яамтай байгуулж буйгаас л ажил хийхийн төлөө хамтарч байна уу? албан тушаалаар амыг нь үдэхийн тулд хамтарч байна уу? гэдэг нь харагдана.

Харамсалтай нь МАН, АН-ын хийж буй мэдэгдлээс харахад хоёрдахийг нь л сонгож буй бололтой.

Юуны чинь Шинэ Зеланд шиг гоё улс болохын тулд 20 гаран яамтай болох, юуны чинь Хүний Нөөцийн Яам бий болгох, юуны чинь Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам зэргийг дахин хоёр хуваах вэ?

 

Дэлхий нийтийн жишиг, Монгол төрийн уламжлал, өнөөгийн эдийн засгийн нөөц бололцоо зэргийг харгалзан авч үзвэл Монголд есөөс илүү яам байх нь ямар ч ач холбогдолгүй гэж болно.

 

Иймээс Монголын эдийн засгийг 2-3 дахин тэлэх, нийгмийн шинэтгэлийг хийж чадах, дараах бүтэц бүхий Засгийн Газар байгуулахыг санал болгож байна.

 

Үүнд: 

1. Ерөнхий Сайд

2. Мега төсөл хариуцсан Шадар сайд ( Эдийн Засгийн Хөгжлийн Яамыг татан буулгаж, чиг үүргийг нь хариуцуулна. Боомтын сайдын чиг үүргийг хариуцуулна. ОХУ, БНХАУ болон бусад улсуудтай уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэх чиглэлээр тогтмол харилцах чиг үүргийг хариуцна.) 

3.Цахим шилжилт хариуцсан Шадар Сайд (Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамыг татан буулгаж, чиг үүргийг нь хариуцна. Есөн яамыг хариуцсан зөвлөхүүдтэй байх бөгөөд цахим шилжилтийг салбарт бүрт хийх ажлыг хариуцна.)

4. Сангийн Яам 

5. Гадаад Харилцааны Яам

6.Батлан Хамгаалах Яам

7. Уул Уурхай, Дэд Бүтцийн Яам ( Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Барилга, Хот Байгуулалтын Яам, Зам Тээврийн Хөгжлийн Яам, Эрчим Хүчний Яамыг нэгтгэнэ) 

8. Худалдаа, Үйлдвэрийн Яам

( Хөнгөн Үйлдвэр, Хүнсний Газрыг байгуулна) 

9. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам ( Соёлын Яам, Боловсрол, Шинжлэх Ухааны яамыг нэгтгэнэ)

10. Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Яам ( Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамыг нэгтгэнэ, Хөдөлмөрийн Газрыг байгуулна.) 

11. Байгаль Орчин, Хөдөөгийн Хөгжлийн яам ( Аялал Жуулчлалын Газрыг байгуулна) 

12. Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам

 

Дахин хэлэхэд Монголчууд аль болох л эвсэж нэгдэх, хамтрах нь зөв. Гэхдээ юуны төлөө, яах гэж хамтарч байна вэ? гэдэг нь түүнээс ч илүү чухал юм.

 

Хэрвээ үнэхээр л нийгэм, улс төр, эдийн засгийн зоримог шийдвэрүүдийг гаргахын төлөө хамтарч буй бол Засгийн Газрын бүтэц цомхон, үр ашигтай байх ёстой.

 

Харин бялуу хуваахын тулд элдэв яам, сайдын орон тоо нэмээд эхэлбэл МАНАН-гийн гунигт түүх давтагдах нь эргэлзээгүй боллоо гэсэн үг.

 

Улс төрийн аналитикч М.Гал-Арив