УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сүүлийн үед цахим орчинд тараад буй асуудалтай холбогдуулан хуулийн заалтад хэд хэдэн өөрчлөлт орж байгаа талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

ХҮНИЙ ЭРХ ПРОЦЕССЫН ШУДАРГА ЁСООР Л ХАМГААЛАГДАНА

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дур зорго давамгайлах орон зайг “бүслэн хаах”, “харилцан хяналт тэнцэл”, “нээлттэй байх”, “тэгш эрх”, “дотоод ардчилал”-ыг дэмжих замаар процессын шударга ёсыг ХУУЛЬЧИЛЖ тогтоодог. Нийгмийн шударга ёсыг хуулиас гадуур хэн ч тогтоодоггүй учраас тэр.

Энэ хүрээнд миний бие санаачлан 2023 оны 11 сард УИХ-д өргөн барьж 2024 оны 01 сарын 17-ны өдөр УИХ-аас баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтийн агуулгыг сануулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь уг хууль 2024 оны 08 сарын 01-ний өдрөөс буюу хэдхэн өдрийн дараа үйлчилж эхлэх гэж байгаа тул хууль сахиулагч, хувь хүн хэн бүхэнд бүр ч сануулах шаардлагатай гэж үзэв.

Тус хуульд хүний эрх, эрх чөлөөг хангах талаар тусгагдсан дараахь өөрчлөлт орсон.

СЭЖИГТНИЙГ ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАДУУР ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧИЛДАГ ЯВДЛЫГ ХАЛСАН

Нэг. Сэжигтнийг “хойшлуулшгүй” тохиолдолд гэсэн хэт ерөнхий, дур зорго үзэмжээр тайлбарлаж хүнийг баривчилдаг үндэслэлийг хуулиас хассан

Хоёр. Хорих ял оногдуулах болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг баривчлах үндэслэл, нөхцөлийг нэн тодорхой ойлгомжтой болгосон. Өөр үндэслэлээр баривчлахгүй!

Гурав. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаанд прокурор хяналт тавих, мөрдөгчийн тогтоолыг батлах, шүүхэд даруй хүргүүлэх, эсхүл тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл батлахаас татгалзах тухай шийдвэр гаргах, шүүх уг асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

Дөрөв. Хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааны талаар баривчлагдсан хүн баривчлах ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах эрхийг нээж өгсөн.

Тав. Хойшлуулшгүйгээр явагдсан баривчлах ажиллагааны талаар гомдол гаргаагүй бол баривчлах ажиллагааны үндэслэл, үр дүнг хянуулахаар холбогдох материалыг 30 хоногийн дотор шүүхэд хүргүүлэх зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээр шүүхээр хянагддаггүй байсан аливаа баривчилгаа 100 хувь шүүхийн хяналтанд ордог болно.

Зургаа. Сэжигтнийг баривчлах хугацаа 48 цаг байх бөгөөд сэжигтэнд ямар хэрэгт холбогдуулан баривчилж буй талаар мэдэгдэж, түүнд тайлбар мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлана.

СЭЖИГТНИЙГ ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧЛАХ АЖИЛЛАГААГ ХҮЧИНТЭЙД ТООЦОХ ШҮҮХИЙН ХАРЬЯАЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТ

Шүүх хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ.

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тохиолдолд прокурорын саналыг гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүх, сэжигтнийг хойшлуулшгүй баривчилсан тохиолдолд саналыг тухайн баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэдэг болно.

ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТ

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг нарийвчлан зааж, хөнгөн гэмт хэрэгт цагдан хорихгүй байх, цагдан хорих дээд хугацааг 2 дахин багасгах өөрчлөлт хийгдсэн. Тухайлбал,

Нэг. Яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээ 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сар, эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтрэхгүй.

Хоёр. Мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргаж байна.